Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхантай ярилцлаа.
-Энэ сарын эхээр болсон “Дисковер Монголиа” чуулга уулзалтын салбар хуралдаанд тавьсан таны илтгэл анхаарал татаж байсан. Бүс нутгийн эдийн засагтайгаа холбоотой хөгжих ёстой гэдэг шинэ санаа шүү…?
-Яагаад ийм бизнесийн хурал, чуулган хийгээд байна вэ гэсэн асуултын хариу маш тодорхой. Зах зээлдээ ойртохын тулд л өөрсдийгөө танилцуулах гээд байгаа хэрэг шүү дээ. “Дисковер Монголиа”-гийн хувьд зах зээлийнхээ тухай нэгдсэн ойлголттой болох зорилгоор хуралдлаа. Өнгөрсөн жил болсон Монголын бизнесийн зөвлөлийн чуулга уулзалтаар бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн интеграцийн тухай хэлэлцсэн. Энэ жилийн хувьд олон улсын худалдааны харилцаанд онцгой үйл явдлууд болж байна. Америк, Хятадын “худалдааны дайн” эрчээ авлаа. Ѳчигдѳр л гэхэд АНУ БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараанд 10% татвар шинээр ногдуулах шийдвэр гаргасан, ѳнѳѳдѳр БНХАУ хариуд нь 60 тэрбумын бараанд 5-10% ногдуулахаар боллоо. Энэ “шинэлэг харилцаа” бусад орнуудыг ёстой шоконд оруулж байна гэж болно. Манай бүс нутагт энэ яаж нѳлѳѳлѳх талаар Дисковер Монголиа дээр хэлэлцсэн. Монгол гэдэг улсын оршин буй бүс нутгийг харахаар их том зураг харагддаг. Казахстан, Орос, хоёр Солонгос, Монгол, Япон, Хятад, Энэтхэг гээд жагсаахаар дэлхийн эдийн засгийн 30 гаруй хувь нь манай бүс нутагт байх жишээний. Монгол, Хятадын эдийн засгийн харилцааг харахад л худалдааны эргэлт нь 6.6 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Саяхан Хятадын Гадаадын яамны сайд нь ирээд явахад худалдааны эргэлтийг тун ойрын үед 10 тэрбум болгоно гэсэн зорилт тавьсан. 1949 онд 2 улс дипломат харилцаа тогтоосноос хойш иж бүрэн түншийн харилцааг өнөөг хүртэл бий болгосон гэдгээ гадны улсуудад тайлбарлаж ойлгуулах нь бидний үүрэг. Учир нь Монгол-Хятад, Монгол-Орос, Монгол-Япон, Монгол-Солонгос гэсэн харилцаануудыг гадныхан төдийлэн сайн мэддэггүй, ойлгодоггүй. Монголын талаар бага мэдээлэлтэй учраас тэр байх. “Дисковер Монголиа” дээр бүс нутгийн интеграцийг ярья, тэгэхийн тулд Монгол улсын хөршүүдтэйгээ үүсгэсэн харилцааны тухай тодруулж хэлэлцье гэж зорьсон.
“Бүс ба зам” гэсэн санаачлага байна. Эрчээ аваад явж эхэлсэн, санхүүжүүлэх эх үүсвэрүүд нь байна. Сая гэхэд л Хятадын дарга Владивостокт Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк төслүүдээ санхүүжүүлнэ гэж дахиад зарлалаа. Энэ бол манай хувьд маш том боломж нээгдэж байна гэж хѳрѳнгѳ оруулагчид үзэж байгаа юм билээ.
– “Бүс ба зам” санаачлагын хүрээнд жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэл үү?
-Азийн хѳгжлийн банкны судалгаагаар Азийн бүс нутагт дэд бүтцэд энэ хэмжээний хѳрѳнгѳ дараагийн 15 жил, жил болгон шаардлагатай гэж байгаа. Эрчим хүчний салбарт үүний 60% шаардлагатай. Зүүн Азийн бүс нутагт хѳрѳнгѳ оруулалтын 61% мѳн шаардлагатай гэсэн тооцоолол гарсан.
-Сая манай улсын Ерөнхийлөгч Владивостокт айлчлаад ОХУ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, БНХАУ-ын даргатай уулзахдаа Азийн супер сүлжээг ярилаа. Энэ хэр ач холбогдолтой алхам болов?
-Азийн супер сүлжээний асуудлыг төрийн тэргүүний төвшинд тавьж байгаа нь Монгол Улс ѳнѳѳдѳр ийм боломжтой болсноо олон улсад тунхаглаж байна гэсэн учиртай. Ѳѳрѳѳр хэлвэл бидний бэлтгэл хангагдаж байна гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчийг барьж байгуулж, ашиглаж сурч байна гэсэн үг. 2007-2016 онуудад энэ салбарын бодлого, эрх зүй, зохицуулалтын орчин тодорхой, тогтвортой байснаар ѳнѳѳдрийн 155МВ салхины станцууд, мѳн 5 нарны станц баригдаж ашиглагдаж байна. Дотоодын зах зээлээ хангаж, хѳгжүүлснээр энэ чиглэлэлийн ноү хау Монголд бий болж байна гэсэн үг. Одоо үүнийгээ экспортлох бодлогоо хэрэгжүүлж эхэлж байгаа хэрэг. Экспортын тухайд бид судалгаануудаа хийж байгаа.
-Судалгааны үр дүн гараад эхэлсэн хэрэг үү?
-Тэгсэн. Монголд нар, салхины станцуудаа барьж байгуулаад Япон, Солонгос руу дамжуулж худалдахад аль аль талдаа илүү үр ашигтай гэсэн тооцоо гарч байна. Санхүү, эдийн засаг, байгаль орчны хувьд ч өгөөжтэй нь харагдаж байна. Нүүрс хүчлийн хийг хамгийн бага байлгах нь тодорхой болсон. Япон, Солонгост байгуулснаас Монголд барьсан нь илүү үр ашигтай байгаа. Хятад, Монгол, Орос, Япон, Солонгосын өнөөдрийн байгаа сүлжээнүүдийг хооронд нь холбож ажиллуулвал зардал нь багасч, тэр хэрээр хэрэглэгчид очих цахилгааны үнэ буурах тооцоо гарсан. Сая Ерөнхийлөгч Владивостокт их ойгомжтой тайлбарлаж байсан. “Японд нэг киловатт цаг цахилгааны үнэ 20-30 цент буюу дэлхийд хамгийн ѳндѳр үнэтэйд ордог. Харин бид Монголд нар, салхины нѳѳц сайн учир илүү хямд үйлдвэрлэх боломжтой. Цахилгаан эрчим хүч дамжуулах шинэ технологи ашиглан хол зайд алдагдал багатай тээвэрлэж Японд зарахад одоогийн өртгөөс нь илүү хямдаар зарж чадна” гэж байна лээ.
-Таны ярьж буй судалгааг хаанаас дэмжиж хэн хийж байгаа вэ?
-Энэ санаачлагыы дэмждэг компаниуд Засгийн газарт 2012 оноос хүсэлт гаргаснаар Азийн хөгжлийн банк 2015 онд энэ судалгааны тѳслийг манай Засгийн газарт баталж ѳгсѳн. Судалгааны ажил 2017 онд эхлээд урьдчилсан дүгнэлтүүд гарч байгаа. Эдгээр дүгнэлтийн үр дүнд манай талаас эдгээр улстай улстөрийн хамгийн дээд төвшинд ярилцъя гэсэн уриалгыг гаргаж байна л даа. Миний хувьд их баяртай байна. Учир нь энэ Азийн супер сүлжээ санаачлага 2011 оноос эхтэй. 2011 оны оны гуравдугаар сарын 11-нд Японд цунами болоод Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осол болсон. Түүнээс хойш Японы “Софтбанк” гэдэг технологийн компанийн захирал Масаёоши Сон атомын цахилгаан станцын хэрэглээг багасгая, ирээдүйд Япон улсыг сэргээгдэх эрчим хүчээр хангая гэж зорьсон. “Софтбанк”-ны захирал “Япон өөрийгөө цэвэр эрчим хүчээр хангаж чадахгүй. Манай улсыг нар салхины эрчим хүчээр хангах хамгийн ойрхон газар бол Монголын говь” гээд санаачлагаа Монголчуудтай хамтран гаргасан юм. 2012 оны гуравдугаар сард Токиод болсон Японы Сэргээгдэх эрчим хүчний судалгааны төвийн хурлын үеэр би Масаёоши Сон захиралтай тайзан дээр гарч, хамтарч ажиллахаа баталж, гар барин энэхүү санаачлага албан ёсоор эхэлж байсан түүхтэй. Түүнээс хойш нарийн судалгаанууд нь хийгдээд явж байгаа нь энэ. Орос, Хятад, Япон, Солонгосын сүлжээний компаниуд нь мѳн судалгаануудаа хийж байгаа. Нэмж онцлоход Хятад бүр том зорилго тавьчихсан “2030-2050 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгоно” гээд үзэж байна. Эрчим хүчний интернэт гэдэг ойлголт бий болж байна.
-Дэлхийг эрчим хүчээр хэрж сүлжинэ гэдэг арай л хол сонсогдоод байх юм…?
-Зарим хүмүүс тэгж хэлэх л байх. Гэхдээ л онцолж хэлэхээр том зорилго. Монголд байгаа нарны цахилгаан станц Америкийн хэрэглэгчдэд цахилгаанаа зарах боломж ирээдүйд бий болох нь тодорхой. Ѳнѳѳдѳр технологийн хѳгжил бидний амьдралыг хэрхэн орвонгоор нь ѳѳрчилж байгааг Монголчууд бид олон зүйл дээр гэрчлэх болсон. Хиймэл оюун ухаан, роботууд бидний дадал болсон ажлыг хамгийн бага зардалтайгаар хийж эхэлж байна шүү дээ. Эрчим хүчний салбарт ч мѳн адил хувьсгалууд гарсаар байна. Удахгуй зай хурагуурын технологид уламжлалт цахилгаан эрчим хүчний бизнесийн ойлголт, арга барилыг халсан шинэ ололтууд биелэлээ олно. Ѳѳрѳѳр хэлвэл Монгол шиг жижиг системтэй зах зээлд эрчим хүчний аюулгүй байдлын парадигм тэр чигээрээ ѳѳрчлѳгдѳнѳ.
-Тэгэхээр амьдрал дээр биеллээ олсон цагт сэргээгдэх хүчнээс эдийн засагт эргэлдэх мөнгө огцом өсөх нь ээ?
-Өнөөдрийн хорин долоо гаруй их наядын эдийн засгийг 1995 оныхтой харьцуулбал 40 дахин томорсон. 2012 оноос хойш Монголд 1.3 их наяд тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалт салхи, нарны шинэ эх үүсвэрүүд барьж байгуулахад орсон байна. Дандаа хувийн хѳрѳнгѳ оруулалт. Эдийн засгийн огцом ѳсѳлт саарч байх үед орсон хѳрѳнгѳ, мѳнгѳ. Дараагийн 20 жилд эдийн засаг ѳсѳхѳд эрчим хүчний экспортын орлого, түүнд орох хѳрѳнгѳ оруулалт том хэсгийг эзэлнэ. Монгол Улс бүс нутгийн өрсөлдөөнд өөрийн гэсэн тодорхой орон зайтай болно. Тэгж байж манай улсын иргэд орлоготой, ажилтай, хүн шиг амьдрах боломж нэмэгдэнэ.
-Уул уурхайгаас мөнгө олоод бусад салбараа өндийлгөхөөс аргагүй гэж ярьдаг. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт татах боломжийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Уул уурхай маш эрсдэлтэй салбар. Зах зээл нь байнга дээшээ, доошоо савлаж байдаг. Хэдэн жил болоод зах зээлийнхээ нөхцөлөөс шалтгаалж үнэ нь унадаг, асар өндөр өрсөлдөөнтэй салбар. Эрсдэлтэй гэдгийг энгийнээр тайлбарлая. Олон улсын туршлагаас үзэхэд хайгуулын 1000 төслөөс нэг нь л амжилттай хэрэгжих боломжтой гэдэг. Хайгуулын салбар ямар чухал, хэр өндөр эрсдэлтэйг энэ тооноос харж болно. Компаниуд хувийнхаа хөрөнгөөр эрсдэл үүрч хайгуул хийдэг. 2005-2010 оны хооронд Монголд хайгуулын маш олон төсөл хэрэгжиж байсан түүх бий. Өнгөрсөн гуравдугаар сард Торонтод болсон PDAC-д оролцож төслүүдтэй танилцаж явахад Монголд ажиллаж байсан гадны геологичид олон таарсан. 2007-2010 онд ажиллаж байсан геологичид. Өөрөөр хэлбэл нэгэн цагт дэлхийн анхаарлыг татаж явсан Монголын геологийн салбар өнөөдөр хайгуулын лиценз олголт гэх мэт хэд хэдэн шалтгаанаар анхаарлын гадна үлдчихээд байна. Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд мөнгө босгоод хайгуулын салбарт ажиллая гэхээр татварын орчин ямар байгаа билээ. Тэр бүхнээ сайн ойлгож, хэмжиж, тооцож байгаад бодлогуудынхаа өөрчлөлтийг хийхгүй бол боломжоо алдах эрсдэл өндөр байна. Монгол, Канадад хэрэгжиж буй яг адилхан төсөлд хөрөнгө оруулалт хийх сонголт ирлээ гэхэд эрсдлээ тооцоод Канад руу явах нь илүү үр ашигтай гэсэн үг. Салбарынх нь бодлого ойлгомжтой, эрх зүйн орчин нь тогтвортой, хөрөнгө мөнгө босгоод ажиллахад эрсдлээ тооцож чадах орчин л хөрөнгө оруулагчдад чухал. Сэргээгдэх эрчим хүчний бодлого, зохицуулалт 10 жил тогтвортой байсны үр дүнд одооны хэдэн тѳсѳл хэрэгжиж байгаа гэж дээр дурьдсандаа. Уржигдар л гэхэд би Сайншандад 55МВ-ын салхин цахилгаан станцын нээлтэнд ороод ирлээ. Монгол инженерүүдээрээ үнэхээр бахархлаа. 6 жилийн ѳмнѳ би анхны 50МВ-ын салхин цахилгаан станцыг бүтэн 2 жилийн хугацаанд барьж байлаа. Энэ удаад аравхан сарын хугацаанд энэхүү том тѳслийг барьж байгуулж сурсан байна. Гэхдээ нэг зүйлийг нэмээд хэлэхэд уул уурхайн салбар маань урагшилж байж л сэргээгдэх эрчим хүчний салбарт хѳрѳнгѳ оруулалт хийгдэнэ.
-“Дисковер Монголиа”-гийн үеэр ижил нөөцтэй яг адилхан ордын нэг нь хойд Америкт, нөгөө нь Монголд байхад гээд нэг сонирхолтой харьцуулалт хийгдсэн. Хойд Америк дахь төслийн үнэлгээ нь нэг тэрбум канад доллар байхад Монголд 60-хан саяар үнэлэгддэг гэсэн тоо анхаарал татсан шүү. Хамгийн том зах зээлийнхээ хажууд байж яагаад ингэж багаар үнэлэгдээд байна. Бодлогын орчны тогтворгүй байдал уу?
– Геологи, уул уурхайн салбар бодлогын орчноо улам ойлгомжтой болгох шаардлага үүсч байгаа. Байнга өөрчлөгдөж байгаа хуулиуд гээд ярьсан шүү дээ. Сүүлийн арваад жил хуулиндаа 200 гаруй удаа өөрчлөлт оруулсан тухай “Дисковер Монголиа”-гийн үеэр ярьсан. Бахархаж ярихаар тоо биш л дээ. Гэхдээ дэлхий даяар энэ тоог мэдэж байна.
-“Эрнст Янг Монголиа”-гийн тѳлѳѳлѳгч татварын орчин дээр бас их сонин тоо хэлж байсан. Татварууд элдэв төлбөр хураамжтайгаа нийлээд 70 хувьд шүргэдэг гэдэг ч асуудал шүү?
-Миний хувьд татварын мэргэжилтэн биш. Мэргэжлийн хүмүүс тэгж илтгэлдээ дурдаж байна лээ. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад тавигддаг олон улсын шалгуурын тухай бас “Дисковер Монголиа”-гийн үеэр онцолсон нь олны анхааралд байсан. Геологийн илэрц нь хэр, хөрөнгө оруулаад бизнесийн үйл ажиллагаа явуулбал хэчнээн ашиг олох гэх мэт үзүүлэлтүүд дээр оноо өгсөн байсан л даа. Монголын тухайд геологийн илэрц, валют солих, ашгаа гадагш нь шилжүүлж авах гэсэн гурван үзүүлэлтийг хангалттай буюу нь ногоон гэрлээр тэмдэглэсэн байх жишээний. Харин ашигтай ажиллах, геологи уул уурхайн салбарын бодлогын орчин, хайгуулын нөхцөл, татвар төлөх тооцоолол, татварын орчны тогтвортой байдал зэрэг үзүүлэлтийг улаан гэрлээр, тусгай зөвшөөрөл авах, байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийх гэх мэт процессийг шараар тодотгосон байсан. Нийтэд нь харьцуулаад харахаар уул уурхайн бизнесийн нийт татварын хэмжээгээрээ Узбекистан, Зааны ясан эргийн дараа Монгол Улс эхний гуравт жагсч байна. 40-50%-ын хооронд байвал зохистой гэж үздэг бол манай улсын үзүүлэлт 60% хол давсан байх жишээний. Өрсөлдөөнд ялах уу, ялагдах уу гэдэг үүнтэй холбоотой байдаг.
-Дэлхий даяар татварын ойлгомжтой хялбар бодлого бариад эхэлчихсэн гэсэн яриа “Дисковер Монгол”-ын үеэр дуулдсан. Жишээ нь ямар улсууд татварын бодлогоо өөрчлөөд эхэлсэн бэ?
-Сая “Бүс ба зам” санаачлагын хүрээнд Хятад маш том зорилго тавьсан. “Бид татварын орчноо хамгийн хялбар, бизнест хамгийн ойрхон болгоно” гэчихлээ. Доналд Трампийн ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд зарласан зүйл бол татварын орчин. “Нэгдүгээрт татвараа бууруулна, хоёрдугаарт татварын орчныг илүү энгийн хялбар болгоно” гэсэн. Орос, Хятад хоёр хоорондынхоо гэрээгээр зарим татваруудаа 50%-иар багасгаж байна. Өөрөөр хэлбэл харилцан биенийдээ очиж бизнес хийх боломжийг дэмжье гээд тохирчихсон. Татварын орчин дэлхий даяар нэлээд өөрчлөгдөж байгаа. XX зуунд, аж үйлдвэржилт явагдаж байсан тэр үед зохиосон татварын систем XXI зуун буюу хиймэл оюун ухаан гэх мэт “аж үйдвэрийн дѳрѳвдүгээр хувьсал” руу орж байгаа ийм үед таарахаа больж эхэлж байна. Бизнесүүд тэс өөр болсон. Өмнө нь нэг газарт нэг эзэнтэй бизнесүүд байсан бол одоо Apple гэдэг компанийн эздийг тодорхойл гэвэл хэцүү. Apple-ийн хувьцааг авсан хүн дэлхий даяар бий. Монголд ч байгаа. Ийм нөхцөлд XX зууны татварын систем тохирохгүй байна. Зарим талаас үүнийг татвараас зайлсхийх, ашиг орлогоо шилжүүлэх гэх мэт буруу талаар ашиглаж байгаа тохиолдол ч бий. Тэгэхээр энэ бүхнийг зохицуулахын тулд татварын шинэ орчин бий болгох шаардлага үүсээд байна. Монголд гардаг, хөрөнгө оруулагчидтай үүсгэдэг гол маргаан нь татвар дээр гардаг. Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг монгол руу буулгахад орчуулгынх нь 70 хувь агуулгатайгаа нийцэхгүй байна гэсэн мэдээллийг би саяхан уншлаа. Дэлхийд барьдаг стандартыг Монголдоо зөв буулгаж ойлгохгүй бол маргаан үүсэхээс аргагүй л дээ. Гэхдээ засч болох зүйл. Хамгийн гол нь хаана асуудал байна гэдгийг заавал харах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдын маргаан хоёр өөр стандартын зөрүүнээс болдог. Хэн хэн нь өөрсдийнхөө стандартыг зөв гэж боддог. Тийм зовлонгүй газар гэж байхгүй. Гэхдээ эдийн засгууд нэг л өдөр учраа олж байна. Бүр Солонгос, Японд хүртэл зарим санхүү, татварын стандартуудыг ойлгоход хэл, соёлын зөрүү хүндрэл учруулдаг гэдэг байсан. Монгол, Японы хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийгдээд хүчин тѳгѳлдѳр болсон. Худалдаа, хѳрѳнгѳ оруулалт эрс нэмэгдэхгүй байгааг мѳн л энэ татварын стандартын зѳрүүгээс үүдэлтэй гэж албаны хүмүүс үзэж байгаа юм билээ.
-Хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл нь бодлогын тогтвортой орчин гэж ярьж байна. Ер нь бодлогын тогтвортой орчин гэж юу вэ, яаж бодлогоо зөв байлгах ёстой юм бол?
-Та бид хоёрын дөнгөж сая ярьсан нөхцөл байдлуудыг сайн судлах хэрэгтэй. Үүсээд байгаа нөхцөлийг сайтар судлаад Татварын системээ шинэчлэх тухай асуудал л даа. Тийм судалгаануудыг Засгийн газар өөрөө хийж байгаа бол маш сайн. Хийхгүй байгаа бол хийдэг улсуудтай хамт суугаад тооцоо, судалгаагаа хийхээс аргагүй. Компаниудын хувьд болгоомжтой хандаж байгаа. Үеийн үед амлалт өгдөг, одоо үйлдлийг л харъя гэж байна. Хэн ч муу юм хийе гэж ярихгүй, зорихгүй. Тэгэхээр хэлснээ хэрэгжүүлэх нь үү гэсэн хүлээлт үлдэх нь ойлгомжтой. Хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйлийг ярихын тулд хөрөнгө оруулагч гэдэг хүнээ задалж харах учиртай. Хайгуулын бизнес хийдэг, Монголд арваад жил болчихсон Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд бий. Тэдний хувьд хайгуулынхаа ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахиад мөнгө хэрэгтэй. Компанийн үүсгэн байгуулагч, захирлуудын хувьд өөрийнхөө мөнгийг зарцуулчихсан. Багагүй хэмжээний мөнгийг гадны зах зээлээс татаад Монголд хийж буй хайгуулдаа зарчихсан. Ахиад мөнгө босгохоороо мөн л Монголд зарцуулна. Монголын өрмийн болон бусад уул уурхайн үйлчилгээ үзүүлдэг компаниудад өгнө. Өөрөөр хэлбэл манайд ажиллаж байгаа хайгуулын компанийнхан шинэ хөрөнгө оруулагч олох гэж “Дисковер Монголиа” гэх мэт олон улсын чуулга уулзалтуудад төслөө танилцуулаад байгаа юм. Хайгуулын компанийнхан Монголын хамгийн сайн элчин сайд болдог гэж яриад байгаа минь тийм учиртай. Тэр хүмүүс асуудал байгааг нуудаггүй. Худлаа хэлдэггүй. Дандаа боломжуудаа харж ярьдаг. “Дисковер Монголиа” дээр ч ийм өнцгөөс ярьсан. “Хэдийгээр асуудлууд байгаа ч гэсэн ийм боломжууд бий. Уул уурхайн салбар өөрөө ороо бусгаа. Монголын хувьд шилжилтийн эдийн засаг. Гэлээ ч бид энэ бизнесийг амжилттай удирдаж мөнгийг чинь үржүүлээд өгч чадна. Учир нь Монголд мөнгөө оруулахад буцаагаад ашгаа авахад ямар ч хаалт байхгүй. Монголд өмнө нь хүмүүс мөнгө хийж маш их ашиг олж байсан. Том төсөл хэрэгжиж байна. Цаашид ч хэрэгжинэ” гэсэн агуулгатай зүйл ярьцгаасан.
-Өмнөө тавьсан зорилгоо өнөө жилийн “Дисковер Монголиа” хэр биелүүлсэн бэ?
-Хэрэндээ л биелүүллээ. Өмнөх жилүүдтэй харьцуулъя. Өмнөх жилүүдийн хувьд дэлхийн зах зээл, дотоодын нөхцөл байдал гэх мэт олон сѳрѳг шалтгаан бий. “Дисковер Монголиа”-гаас боломжуудыг сонирхох гэж, “Дисковер Монголиа”-гийн индрээс боломжуудыг ярих гэж ирдэггүй байсан хүмүүс энэ жил ирлээ. 700 хүн мөнгөө төлөөд чуулганд суух эрхээ авсан. Эдний 200 гаруй нь гадныхан. Хурлын үеэр болон дараа нь уулзсан хүмүүс “Дажгүй шүү” гэж байна. Гэхдээ болгоомжтой хандах учиртай. Засгийн газар хийж байгаа ажлаа хэр тууштай хэрэгжүүлэх вэ гэдгээс л бүх зүйл хамаарна. Тодруулж хэлбэл уул уурхайгаа хөгжүүлэхэд зах зээл нь бэлэн байна, засаг юу хийхээс бүх зүйл хамаарахаар байна.
А.ТУЛГА
Холбоотой мэдээ