“UV-ээс хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ч нүдээ хамгаалдаггүй”

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

“UV-ээс хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ч нүдээ хамгаалдаггүй”

“UV-ээс хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг ч нүдээ хамгаалдаггүй”

Технологи хөгжиж, хүн бүр компьютер, гар утас зэрэг хэт ягаан туяа (UV) ялгаруулагч дэлгэцтэй харьцах  болсон  энэ үед нүдээ хэрхэн хамгаалах талаар “Oculoplastic”  эмнэлгийн ерөнхий эмч, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нүд судлалын тэнхмийн багш П.Баясгалангаас тодрууллаа.


-Утас, компьютерын хэт ягаан туяанаас нүдээ хэрхэн хамгаалах вэ?

-Ухаалаг гар утас, компьютерын хэрэглээ өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа нь дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байна. Эдгээрт нүдний эрүүл мэнд хамгийн түрүүнд хөндөгддөг. Өдөр тутмын хэрэглээ болсон энэ зүйлээс нүдээ хамгаалах хэд хэдэн боломж бий. Хамгийн эхэнд цагийн хязгаар тогтоох хэрэгтэй. Өдөржин компьютер дээр ажилладаг хүн ч нүдээ тогтмол амраах шаардлагатай. Тухайлбал, 20:20 дүрэм. Энэ нь 20 минут ажиллаад зургаан метрийн зайд байгаа зүйлийг 20 секунд харж, нүдээ амраах. Гэтэл бид 20 минут бүү хэл нүдээ амраалгүйгээр компьютер дээр хоёр цаг суудаг.

-Дэлгэцтэй удаан ажиллахаар нүд хуурайшдаг. Энэ үед хиймэл нулимс ашиглах шаардлагатай болдог. Гадуур олон төрлийн хиймэл нулимс байна. Яг алийг нь хэрэглэвэл зохимжтой вэ?

-Нэг зүйлийг удаан ширтэхээр нүдний цавчилт цөөрдөг. Нүд цавчих үед нулимс ялгарч нүдийг чийгээр хангадаг.  Цавчилт цөөрөхөөр нүдний хуурайшилт үүсдэг.  Тиймээс нүд цавчилтад анхаарах шаардлагатай. Орчин үед нүд хуурайшилт ихэссэн тул хиймэл нулимс ашиглах болсон. Тиймээс нүдээ хамгаалахын тулд хиймэл нулимс дусааж болно. Хиймэл нулимсны найрлагад химийн хүчтэй бодис бага байдаг тул эмийн сангуудаар жоргүй олгодог. Тиймээс хор, сөрөг нөлөө харьцангуй багатай. Харин нүдний олон дусаалга дунд химийн хүчтэй бодис орсон дусаалга ч бий. Энэ нь нүдэнд гаж нөлөө үзүүлдэг. Тиймээс нүдний дусаалгыг эмчийн жороор хэрэглэх шаардлагатай.

-Бидний нэрлэж заншсанаар компьютерын хамгаалалттай шил нь дэлгэцээс гадна өөр зүйлээс ялгарах хэт ягаан туяанаас нүдийг хамгаалж чадах уу?

-Компьютер, гар утас, зурагт зэрэг дэлгэцтэй бүх зүйлээс гадна нарны гэрэл, гэрлийн чийдэнгээс хэт ягаан туяа ялгарч байдаг. Хэт ягаан туяа нь нүдний бүх бүтцэд хортой. Тэр дундаа нүдний эвэрлэг, торлог бүрхүүл, болор зэрэгт онцгой нөлөөлдөг. Тиймээс хэт ягаан туяанаас хамгаалах шил зүүх шаардлагатай байдаг. Эмэгтэйчүүд хэт ягаан туяанаас хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг ч хэт ягаан туяатай шууд харьцдаг нүдээ хамгаалдаггүй. Тиймээс хэт ягаан туяанаас хамгаалах шилийг тогтмол зүүх шаардлагатай. Ингэснээр гар утас, компьютер, зурагт болон нар, гэрлийн чийдэнгээс ялгарах хэт ягаан туяанаас нүдээ хамгаалж байгаа юм. Нэршлийн хувьд компьютерын хамгаалалттай шил гэхээсээ илүү хэт ягаан туяаны хамгаалалттай шил гэж нэрлэх нь зохимжтой санагддаг.

-Сормуус ургуулдаг гэх нэрийдлээр нүдэндээ элдэв зүйл дусааж байгаа харагддаг. Ийм үйлчилгээтэй бүтээгдэхүүн байдаг юм уу?

-Урт сормуустай болох гээд дусаалга хэрэглэж улмаар гаж нөлөө илэрсэн хүн өнгөрсөн долоо хоногт манайд хандсан. Дусаалгыг интернетээр авч хэрэглэсэн юм билээ л дээ. Тухайн дусаалгыг нь хартал нүдний даралт бууруулах дусаалга байсан. Даралт бууруулах дусаалгыг удаан хугацаанд хэрэглэснээр гаж нөлөө үзүүлж, эмгэг сормуус ургаж, өөх нь ширгэж хүнхийж, хонхойж харагддаг. Тиймээс үүнд болгоомжтой хандаарай гэж захья.

-Нүдний витамин хараа сайжруулдаг уу?

-Сүүлийн үед нүдний витамин сурталчлах болсон. Хоол хүнсээрээ шаардлагатай аминдэмээ авч байгаа тохиолдолд нэмэлтээр витамин хэрэглэх шаардлагагүй. Тиймээс яг ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэ гэж зөвлөхгүй. Харин архи, тамхи нь нүдний хэд хэдэн өвчин үүсгэдэг нь батлагдсан. Энэ хоёр зүйлээс хол байхыг зөвлөе.

-Харааны шил зүүдэг хүн өдөр бүр нэмэгдсээр байна. Үүнийг хэрхэн багасгах вэ?

-Хотжилтын нэгэн сүүдэр нь нүдний хараа сул, харааны шил зүүдэг хүний тоо нэмэгдэх явдал. Гадаа тоглож амьд харилцаа үүсгэдэггүй, компьютер, гар утастай их харьцдаг болсонтой холбоотой. Эцэг, эхчүүдэд зөвлөхөд хүүхдээ жилд нэг удаа хараа зүйн оношилгоонд хамруулах хэрэгтэй.  Хүүхэд арай илүү харж байгаа нүдээрээ хараад, хэвийн мэт яваад байх магадлалтай. Урьдчилсан үзлэгээр үүнийг тогтоож, эмчлэх боломжтой.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж