ТЭЦ-4-т гарсан ослын  урьдчилсан дүгнэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

ТЭЦ-4-т гарсан ослын  урьдчилсан дүгнэлт гарчээ

ТЭЦ-4-т гарсан ослын  урьдчилсан дүгнэлт гарчээ

Улсынх нь нийслэл тэр чигтээ тоггүй болж, эрчим хүчний салбар гал алдав. Осол чухам юунаас гарсан, хэн хариуцлага хүлээх, яагаад салбарын сайд нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргатайгаа ам мурийж, барьцалдах шахсан гээд олон нийтийн өмнө хариултгүй асуултууд хөвөрсөөр. Чухам хэн буруутай, хэн хариуцлага хүлээх вэ гэдгээс илүү үндэсний аюулгүй байдлын хэмжээнд  харанга дэлдсэн “аюултай” үйл явц олж өнгөрөв.  Энэ удаагийнх шиг тэг зогсолт өмнө нь 2006, 2015 онуудад ч бас болж байжээ.

ТЭЦ-4 10 ХОНОГИЙН ДОТОР ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОРНО

Эрчим хүчний яамныхан өчигдөр /2018.09.18/ дөрвөн цаг хуралдаж, урьдчилсан байдлаар осол юунаас гарсан талаар дүгнэлт дээр санал нэгджээ.  ТЭЦ-4 ээлжийн хуваарийн дагуу тодорхой протокол хөтөлж, ажлаа хүлээлцдэг.  Өөрөөр хэлбэл, тухайн өдөр гарсан ээлжийн ажилтан үйлдвэрлэлийн процессыг хөтөлсөн албан бланк дээр гарын үсэг зурж хүлээн авч, хүлээлгэн өгдөг юм байна. Чухам ажлаа хүлээлгэн өгч байгаа ажилтан ямар ажиллагаа хийгдсэн, дараагийн ээлж  ямар ажиллагаа хийх шаардлагатайг тодорхой тэмдэглэлд дурддаг. Гэвч тухайн өдөр тэмдэглэл хүлээлгэж өгөх ажилтан тэмдэглэлээ хүлээлгэж өгөөгүйгээс энэ бүхэн үүдэлтэй гэдэг дээр саналаа нэгджээ. Тиймээс тэмдэглэл хөтөлж, хүлээж авах ёстой байсан инженер, ажиллах горимыг баталдаг ерөнхий инженер ч гэсэн давхар хариуцлага хүлээх бололтой.  Энгийнээр бол ажлаа хүлээлцэхдээ хариуцлагагүй хандсан гэсэн үг гэнэ. Ямартай ч цөөн тооны ажилтны ажлын хариуцлагагүй байдлаас энэ удаагийн тэг зогсолт үүссэн бөгөөд одоогоор хариуцлагын асуудлыг түр хойшлуулж, шалтгааныг эцэслэн тогтоохоор албаныхан ажиллаж байгаа гэнэ. Харин ТЭЦ-4-ийн үйл ажиллагаа 7-10 хоногийн дотор хэвийн үйл ажиллагаанд шилжих юм байна.

Ц.ДАВААСҮРЭН, Т.НЯМ-ОСОР НАРЫН МАРГААНЫ ЦААД УЧИГ

Тэг зогсолтоос хойш салбарын сайд нь Ерөнхий инженер болон тухайн өдрийн ээлжийн инженер алдаа гаргаж, хариуцлагыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-т хаяглаж буй. Чухам яагаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар буруутан болов гэдэг асуулт гарч ирнэ. Эрчим хүчний сайдын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн эрчим хүчний төрийн өмчит компаниудыг авах хүсэлтэй байгаагаа танхимдаа дуулгасан. Гэвч  Засгийн газар энэ асуудалд тодорхой шийдвэр, шийдэлтэй болж чадахгүй байгаа учраас ийнхүү Ц.Даваасүрэн сайд ТӨБЗГ-ыг “боорлох” болж. Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Улаанбаатар дулааны сүлжээ”, “Хөвсгөлийн дулааны цахилгаан станц”-уудын захирлуудыг чөлөөлөх хүсэлтээ ТӨБЗГ-т илгээжээ. Ингээд компаниудын ТУЗ-ийн санал, компанийн тухай хуулиудыг үндэслэн  “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал С.Бямба-Очирыг үргэлжүүлэн зургаан сар ажиллах шийдвэр гаргаж, “Хөвсгөл дулааны цахилгаан станц”-ын дарга Б.Мөнхсайханыг ажлаас нь чөлөөлж, сайдын хүнийг томилсон. Түүгээр зогсохгүй дахин “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн захирал Ч.Саранжавыг ёс зүйн доголдолтой хэмээн ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ Ц.Даваасүрэн сайд хүргүүлжээ. Гэвч Ч.Саранжавт сануулах арга хэмжээ авч, хугацаатай үүрэг өгөөд өнгөрч. Үүний дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард ТЭЦ-4 дээр осол гарч, хүний амь эрсэдсэн учраас ерөнхий инженер болон бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох хүсэлтийг ТӨБЗГ-т хүргүүлж, арга хэмжээ аваад өнгөрсөн байна. Үүний дараа төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн даргыг томилох саналаа Ц.Даваасүрэн сайд илгээсний дагуу ч томилжээ. Эрчим хүчний төрийн өмчит 22 компанийн 17-ынх  нь ТУЗ-ийн даргыг Эрчим хүчний сайдын санал болгосноор буюу тус яамнаас томилсныг энд тодотгоё. Ц.Даваасүрэн сайд эрчим хүчний төрийн өмчит компаниудын ТУЗ-ын даргыг томилох, чөлөөлөх эрх байхгүй гэж хэлсэн учраас энд тодотгосон болно.  Угтаа бол улс даяараа 10 цаг амьдрал зогссон байхад хариуцлагаа би үүрнээ гэж хэлсэн бол Ц.Даваасүрэн сайд гоё харагдах байлаа. Эрх зүйн хувьд хариуцлага хүлээх боломжгүй бол ядаж  ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээе гэснийхээ дараа салбарынхаа асуудлыг ярих байлаа.

ТУЗ-ЫН ГИШҮҮДИЙН ДӨРӨВ НЬ ЭХЯ-ААС СОНГОГДЖЭЭ

Эрчим хүчний сайдын хэлсэнчлэн төрийн өмчит компаниуддаа, ТУЗ-даа ч нөлөөлж чадахгүй байгаа юу гэвэл, үгүй. Зөвхөн ТЭЦ-4 ТӨАК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг хэрхэн сонгов. ТӨБЗГ-ын дарга Т.Ням-Осор өөрийн хүслээр томилов уу. Засгийн газрын 80-р тогтоолын 2.12 дахь заалтад “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өмчит хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг бүрдүүлэхдээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүйн яам, Сангийн яам болон салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, ТӨБЗГ, орон нутаг, нийслэлийн төлөөллийн зохистой харьцааг бий болгох зарчим баримтлах ёстой аж. Тиймээс ч ТЭЦ-4-ийн ТУЗ-ийн даргыг Ц.Даваасүрэн сайдын санал болгосон Ц.Энхтайваныг томилжээ.  Харин ТУЗ-ын гишүүдээр ТӨБЗГ-аас гурав, УУХҮЯ-аас нэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэг, Эрчим хүчни яамнаас хоёр, хэвлэл мэдээллийн байгууллагаас нэг томилогджээ.

Эцэст нь, мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар 50, 60 жилийн настай станцууд нэг л өдөр нам зогсоно. Энэ удаагийн тэг зогсолт ТЭЦ-5, усан болон салхин цахилгаан станцууд гээд бодлогын, бүтээн байгуулалтын ажлаа хийх цаг ирснийг сануулав. Хэдий болтол улстөржиж, хариуцлагагүй хандаж, ялсан намын цаасан дээрх төслүүдийг санхүүжүүлж, үр дүнгүй шийдвэр гаргасаар байх вэ. Асуудлыг бодлогын түвшинд, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхгүй бол өөр хэдэн тэг зогсолт биднийг хүлээж байгааг таашгүй.

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж