Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Анхбаяр 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Тайландын Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт сайд Пирияа Хемпон, Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жаухари Оратмангун нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан тус тус хүлээн авч уулзав.
Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Зүүн өмнөд Ази, АСЕАН дахь нөлөө бүхий Тайланд, Индонез Улстай улс төрийн харилцааг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх эрмэлзэлтэйг илэрхийлж, бүс нутгийн интеграцид нэгдэх манай улсын зорилтыг хэрэгжүүлэхэд эдгээр улсын дэмжлэг бидэнд тун чухал болохыг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Анхбаяр тэмдэглэв.
Эдгээр орнуудтай хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд Элчин сайд нарыг онцгойлон анхаарч ажиллахыг тэрээр хүсэв.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ