Европын холбоо Монголд таван сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Европын холбоо Монголд таван сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Европын холбоо Монголд таван сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Европын холбоо нь Монгол Улсад таван сая еврогийн өртөгтэй төсөл хэрэгжүүлнэ.

Төслийн тухай өнөөдөр /2018.09.18/ Туушин зочид буудалд танилцууллаа.

Төслийн хүрээнд ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ажил үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдтэй холбоход дэмжлэг үзүүлэх, энэ төрлийн үйлдвэрлэгчдийг Европын зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгөх зорилготой. Төсөлд Улаанбаатар хот дахь боловсруулах үйлдвэрүүд болон Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймаг дахь ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос бэлтгэгч хоршоодыг хамруулна.

Харин агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй хэсэгт байрлах өрхүүдээс ойролцоогоор 1000 айлын орон байрыг дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй болгож засахад дэмжлэг үзүүлэх. Цаашлаад дулаан алдагдлыг бууруулах загварчлалыг бий болгох юм. Одоогоор төсөл хэрэгжүүлэх дүүрэг, хороодыг сонгосон байгаа бөгөөд банкны хөнгөлөлттэй зээл олгох замаар шийдвэрлэх гэнэ.

Энэ талаар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Трайан Лаурентий Христеа “Европын холбоо, Монгол Улс “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээ-нд гарын үсэг зурсан. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд их хэмжээгээр өртөж байгаа бөгөөд нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал маш өндөр орнуудын нэг. Эдгээр төсөл нь эрчим хүчний үр ашиг, нөөц баялгийг ихэсгэх, тогтвортой дэд бүтцийг  хөгжүүлэх, ногоон ажлын байр ихээр бий болгох, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой юм. Төслүүд хэрэгжсэнээр байгаль орчин, нийгмийн салбаруудын зардал болон ядуурлыг бууруулж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд тусална.” хэмээн хэллээ.

-“ЖЭРЭС” ТББ, Санхүүгийн зохицуулагч Т.Уламбаяр:

Төслөөрөө дамжуулж тухайн байшинд дулаан алдагдлыг бууруулах шийдэл, нөхцөл боломжийг зөвлөж байгаа. Дан ганц байшинг бүхэлд нь өөрчлөх бус хоёр цонхыг гурав болгон өөрчлөх, байгалийн эрчим хүчийг ашиглаж, тавилгын байршлыг солих, үүдэнд өргөтгөл нэмэх гэх мэтээр дулаан алдагдлыг бууруулж болно.

Мөн бид зуучлалын үйлчилгээ үзүүлэх болно. Өөрөөр хэлбэл, иргэдийг банкуудтай холбож, бага хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгох юм. Анхны тооцоолсноор найман хувийн хүүтэй байна. Үүнд барилгын компаниуд, холбогдох төрийн бус байгууллагуудыг татан оролцуулна. Тухайлбал, дулаалга нь өөрөө технологийн дагуу гүйцэтгэдэг ажил учир “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ гүйцэтгэгчээр орж, бичил компаниудыг хамруулах юм. Дээрх төслүүд 2018-2022 оныг хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ” гэлээ.

Төслийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах таван сая еврогын 80 хувийг Европын холбооноос, 20 хувийг нь төсөл хэрэгжүүлж буй байгууллагуудаас гаргана.

 

С.БАЯРМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж