Жуулчид хамгийн түрүүлж зорьдог газар
Ер нь аль ч орны нийслэлд газардсан жуулчид хамгийн түрүүнд ямар газрыг зорьдог вэ? Юун түрүүн үндэсний музей. Тэгээд хааны ордныг нь зорьдог. Түүнээс биш шилэн барилга, хорвоогийн хамаг барааг овоолсон их дэлгүүрүүд хэний ч толгойд эхэлж орохгүй. Хотын төв цэг хуучин хааны ордноосоо гортиглогддог бичигдээгүй хууль ч байна.
Манайд яахав. Дэлхийн хууль эсрэгээрээ л байдаг хойно. Богд хааны ордон музей буюу сүүлчийн хааны ордон маань гурван талаас орон сууцны хороолол, архины үйлдвэрт бүслүүлээстэй болсон. Хавар намартаа хааны ордонд зочилсон жуулчид хамар сэтэртэл үнэртэх спиртийн шаарны үнэрт дасах хэрэгтэй болно. Бүр давраад хааны ордны ил харагдах хамгийн сүүлчийн өнцгийн газрыг “дээрэмдээд” байсныг Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж байж цуцалсан.
Нүдэнд өргөс болсон “амбаар”
Харин хотын төвд байгаа ганц шашин соёлын байгууламж болох Чойжин ламын сүм музей орчим уг нь нийслэлийн архитектурын хамгийн өвөрмөц, үзүүштэй хэсэг нь байсаар ирсэн. Энд өрнө дорно хосолсон тун цэвэрхэн орчинг сүм, Гэрлэх ёслолын ордон хоёр бий болгодог. Ер нь Ленин клубээс өмнөх энэ хэсгийг манай хотын хамгийн үзүүштэй хэсэг гээд хэлчихэд буруудахгүй. Зун бол жуулчид сүлжиж өгдөг газар. Харамсалтай нь энэ хэсгийг огтолж, парктай холбодог туслах замын дагуу явган зам үгүй. Энүүгээр машинд сигналдуулж хөөгдөн барин ажлаа амжуулдаг иргэдийн нүдэнд ад болсон, цаад сүмтэй нь харьцуулахад амбаар гэж хармаар тоосгон байшин бий. Эртний түүхт сүмийн хүндэтгэлийн хаалганы үзэгдэх орчинг хааж, явган хүний замыг тагласан өндөрлөгөө хийн байж барьсан энэ сууц бол “Номин Холдинг” группийн ерөнхийлөгч Ш.Баярсайханы эзэмшил дэх хаус юм.
Хуулиас өндөр “амбаар”
“Чойжин ламын сүм музей”-г Засгийн газрын 1998 оны арванхоёрдугаар сарын 23-ны 235 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газар, мөн 2008 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-аар улсын хамгаалалтад байхаар баталгаажуулж, 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсийг нь хоёр га газар байхаар тогтоосон байдаг.
Харамсалтай нь “шинэ цагийн монголчууд”-д нийтлэг ажиглагддаг хэнэггүй, хээ шаагүй зангаараа ноён Ш.Баярсайхан энд байшингаа сүндэрлүүлж орхижээ. Тэрээр 2003 онд газрын гэрчилгээг худалдаж авсан хэмээн мэтгэдэг. Гэтэл уг газрын ашиглах эрх нь аль хоёр жилийн өмнө 2000 онд Нийслэлийн Засаг даргын заримжаар хүчингүй болчихсон байжээ. Өөрөөр хэлбэл, Чойжин ламын сүмийн барилгын сүр барааг хадгалах үүднээс Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн, Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх захирамжаар хүчингүй болгосон газар дээр Ш.Баярсайхан хаанаас ч юм гэнэт гарч ирээд эзэн суучих нь тэр.
Мэдээж энэ “Газрын дээрэм”-ийн эсрэг Чойжин ламын сүм музей заргалдсан нь ойлгомжтой. Музейнхэн заргаа ч авч чадсан. Бүр гурван шатны шүүхээс шүү. Энэхүү шүүхийн процессийг зураглавал
2017.11.10. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх:
Нэхэмжлэгч “Чойжин ламын сүм музей” УТҮГазрын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хуримын ордны баруун талд байршилтай, 20 мянган ам метр газраас хариуцагч Ш.Баярсайханы хувийн сууцыг албадан буулгаж, газар чөлөөлсүгэй.
2018.01.19 Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2018.05.22 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад …106 дугаар зүйлийн 106.1, 106.4 … гэснийг 94 дүгээр зүйлийн 94.1 … гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
Нийслэлийн захирагчаас шаардаж байна!
Ийнхүү жил тойрсон шүүхийн маргаанд, Чойжин ламын сүм музей ялж, Монгол Улсын иргэн Ш.Баярсайханыг Чойжин ламын сүм музейн эзэмшил газар дээрх хүндэтгэлийн хаалганы урд байрлах хувийн эзэмшлийн байшингаа буулгаж, газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэтэл өнөөх “амбаар” нь өдийг хүртэл хуулиас өндөрт сүндэрлэсээр л байна. Төр, иргэн, түүх дурсгал, хотын соёл, хамгийн гол нь хуулийг эс тоож, үл биелүүлсэн энэ байдлыг Нийслэлийн захирагч С.Батболд уг нь мэдэж л баймаар??? Богд хааны ордон музейн дэргэдэх газрыг аварсан шигээ, даварсан бизнесмений дээрэмдсэн газрыг нийтийн өмчид буцаан өгөх өдөр мөдхөн гэж найдъя!!!