Ам.доллар 2500 төгрөг давлаа

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Ам.доллар 2500 төгрөг давлаа

Ам.доллар 2500 төгрөг давлаа

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2500.82 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өнгөрсөн зургаан сарын дунджаас хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард ам.долларын дундаж ханш 2395.37 төгрөг, дөрөвдүгээр сард 2394.65 төгрөг, тавдугаар сард 2405.19 төгрөг, зургадугаар сард 2432.30, долдугаар сард 2462.83 төгрөг, наймдугаар сард 2464.12 төгрөгтэй тэнцэж байсан юм.

Арилжааны банкуудын ам доллар худалдан авах ханш өнөөдөр 2505 төгрөгтэй тэнцсэн бол захуудад 2508-2510 төгрөгийн хооронд хэлбэлзлээ. Ченжүүд ам.долларын төгрөгтэй харилцах ханш чангарсан шалтгааныг нийлүүлэлт тааруу байгаатай холбож тайлбарлав. Есдүгээр сард монголчууд гадагшаа олноороо явдаг нь валютын эрэлтийг нэмэгдүүлдэг гэдгийг ч онцолж байна.

Монгол Улсын хувьд валютын ханш  зохицуулалтгүй байсаар ирсэн. Үе үеийн Сангийн сайд нар валютын ханшийг ажиглаж байгаа гэхээс өөр хариулт өгдөггүй. Харин Монголбанк мөнгөний ханшийг тогтвортой байлгах үүрэг хүлээсэн тул ам.долларын асуудлаар төдийлөн байр сууриа илэрхийлээд байдаггүй билээ.

Ам.доллараас гадна шатахууны үнэ ч үе шаттайгаар нэмэгдээд байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд А-92 шатахууны үнэ 30 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Үүний дараа ОХУ шатахууны хилийн үнээ нэмсэн тул манайд лахиад ч нэмэгдэх магадлалтайг эдийн засагчид хэлж байгаа. Гэтэл салбарын сайд нь “Шатахууны импортын татварыг эргэн харах шаардлага үүссэн. Энэ талаар ОУВС-тай зөвшилцөнө” гэхээс өөрөөр зүйл хэлээгүй юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж