“Эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулах шаардлагатай”

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

“Эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулах шаардлагатай”

Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах нь зөвхөн Засгийн газрын үүрэг биш. Хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал-

“Эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулах шаардлагатай”

Эрүүл мэндийн салбарт үзлэг, оношилгоо, эмчилгээ зэрэг бүх үйлчилгээг цахимжуулахаар болсон. Уг үйл ажиллагааны талаарх “Цахим эрүүл мэнд-Цахим Монгол Улс” олон улсын зөвлөгөөн өнөөдөр /2018.9.18/ болсон юм.  Уг зөвлөгөөнийг “Оном сан”, Монгол эрүүл мэндийн мэдээлэл технологийн бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөний үеэр “Оном сан”-гийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, доктор Д.Наранбаатараас цахим эрүүл мэндийн үйлчилгээний талаар тодрууллаа.

-Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр олгож буй эмээс өөр эрүүл мэндийн ямар үйлчилгээг цахимжуулаад байна вэ?

-Цахим эрүүл мэндийн хөтөлбөрүүд 2012 оноос идэвхтэй хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд хоёр ч хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь Хятадын хөрөнгө оруулалттай, нэлээд хэл ам дагуулж байгаа хөтөлбөр. Уг хөтөлбөр ерөнхийдөө дуусах шатандаа орсон. Одоогоор Дэлхийн банкны шугамаар цахим эрүүл мэндийн  хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж байгаа. Цахим эрүүл мэндэд Эрүүл мэндийн яам нэлээд анхаарал хандуулж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг цахимжуулсан нь амжилттай явж байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм олгох үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байгаа нь боломжийн явж байгаа.

-Хөнгөлөлттэй үнээр олгох эмийг цахимжуулснаар өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал хэт нэмэгдсэн гэж байсан. Эрүүл мэндийн цахим үйлчилгээг илүү боловсронгуй болгох ямар арга байна вэ?

-Маш зөв асуулт байна. Шинэ зүйл хийхэд алдаа дутагдал гардаг. Эхлэл тавигдсан тул алдаагаа засаад явах ёстой. Гэхдээ бидэнд энэ үйлчилгээг цогцоор нь нэвртүүлэх шаардлага бий. Иймээс олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. Зөвлөгөөнд АНУ, Эстони, Швед, Энэтхэг зэрэг орны төлөөлөл оролцож байгаа. Бидний зорилго цахим эрүүл мэндийн системийг амжилттай хэрэгжүүлсэн эдгээр улсын туршлагаас суралцах. Тиймээс бид илүү сайн үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой.

Швед улс нь 24 аймагтай, аймаг бүр нь тус бүртээ эрүүл мэндийн  системтэй. Харин манай улс эрүүл мэндийн нэгдсэн системтэй, нэг даатгалын тогтолцоотой тул үндэсний хэмжээний нэг л систем нэвтрүүлэх шаардлагатай юм. Эстони улс яг ийм тогтолцоог хэрэгжүүлсэн байдаг. Ингэснээр цахим улс болж, хүүхдийн дүн, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг цахимаар харж байна. Монголчуудад эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах маш том боломж бий.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулахаар тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх нь зөвхөн Засгийн газрын үүрэг биш. Хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа чухал. Эрүүл мэндийн үйлчилгээг цахимжуулах нь монгол хүний  зорилго байх ёстой. Цахим эрүүл мэндийн хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж чадвал Монгол Улс тэр чигтээ цахимжих үндэс бүрдэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж