Улаанбаатарын өөрчлөлт Баянхошуунаас эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын өөрчлөлт Баянхошуунаас эхэлж байна

Улаанбаатарын өөрчлөлт Баянхошуунаас эхэлж байна

Нийслэлийн дүр төрхийг өөрчлөхийн төлөөх олон жилийн эрмэлзлэл бодит ажил болж эхэллээ.


Баянхошууны жирийн өдөр

Хотын хөдөөгийн байдал шалдар булдар. Авто зам дагуу хаа нэгхэн тааралдах хүнсний дэлгүүрээс ганц нэг хүн гарч явах нь үзэгдэнэ. Автобусны буудлууд дээр ч хүн цөөн. Нэг хэвийн саарал блокон хашаа, улаан, цэнхэр дээвэртэй тоосгон байшингууд зам дагуу элбэг.

Саранчимэг гэх бүсгүйтэй Жанцангийн автобусны буудал дээр тааралдав. Өрхийн эмнэлэг орохоор явна гэнэ. Ой гарантай хүү нь шөнөжин бүлээрч хоножээ. Түүнээс хорооны байр асуусан маань ч онож. Ингээд бид зам нийлэв. Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо олны нэрлэж заншсанаар Баянхошууны “Жанцан” дэлгүүрийн замын урдхан байрлана. Бидний зорин очсон 8-р хороо гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 50 айлын түрээсийн орон сууцанд байрладаг аж. Хорооны хуучин байрны суурин дээр сүндэрлэсэн таван давхар орон сууц тэр хавьдаа л содон харагдана. “Баянхошуу” дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд газраа чөлөөлсөн айл өрхүүд уг байранд оржээ.

Нэгдүгээр давхарт нь хороо, өрхийн эмнэлэг байна. Мөн “Шинэ дэд төв” Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийнхөн уг орон сууцанд байрладаг юм байна.

Саранчимэг бүсгүйн гэр замын хойт талд гэнэ. Тэднийх гурван хүүхэдтэй. Том нь хүү нь тавдугаар анги. Удаах охин нь энэ жил сургуульд орох гэнэ. Нөхөр нь барилгын ажил хийдэг. Өнгөрсөн өвөл Дэнжийн мянга дахь уурын зууханд галчаар ажилласан, одоо барилгын ажил эхлээд Зайсан хавьд ажиллаж байгаа гэнэ. Тогтмол ажил биш ч гэлээ нэг олбол овоо хэдэн цаас олчихдог, заримдаа ажил олдохгүй бүтэн сар болох тохиолдол ч байдаг аж. Саранчимэг тогооч мэргэжилтэй. Хүүхэд төрүүлэхээсээ өмнө “Хархорин” зах дээр цайны газарт ажиллаж байжээ. Тэрээр “Хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэгчээр болж л байна” гээд инээмсэглэх.

Хүүхдүүд том болоод байдаг, болж өгвөл байранд орчих юмсан гэж нөхөртэйгөө ярьдаг, харин хоёр гурван жилийн өмнөөс манай хороонд “Баянхошуу” дэд төв баригдах тухай ярьж эхэлсэн, газраа зараад орон сууцтай болчихвол сайхан л байна хэмээн тэрээр ярилаа.

Ийн ярилцсаар бид хороо, өрхийн эмнэлэг дээр ирэв. Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны “Ээлтэй” өрхийн эмнэлгийн дарга Д.Оюун эмчтэй уулзлаа. Тэрээр эрхийн эмчээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Баянхошууны бусад хороодоо бодвол 8-р хороо хүн ам цөөн. “Ээлтэй” өрхийн эмнэлэг 9000 гаруй хүнд үйлчилдэг аж. Биднийг очиход өрхийн эмнэлэгт хүн цөөхөн сэлүүхэн байв. Урин дулааны улирал эхэлсэн болохоор ачаалал харьцангуй бага байгааг Д.Оюун эмч хэллээ. Өвөл ханиад томууны дэгдэлт их үед бол дөрвөн эмч нь үдийн цайндаа ч орох завгүй ажилладаг байна.

Ер нь алслагдсан гэр хорооллын өрхийн эмнэлгүүд ачаалал ихтэй байдаг аж. Иргэд нь тэр бүр хотын төв орж томоохон эмнэлэг болон дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлдэггүй, шууд өрхийн эмнэлэгтээ л ханддаг гэнэ. Мөн гэр хорооллын өрхийн эмнэлгүүд дээр хүүхдийн товлолын вакцин хийх болсноор ачаалал нэмэгдэж. Түүнчлэн өрхийн эмч нар хорооныхоо айл өрхүүдээр их явдаг. Тэгж явахдаа айлын нохойд уруулахаас эхлээд бэрхшээл цөөнгүй гэнэ. Урин дулааны улиралд гэдэсний халдварт өвчин ихэсдэг тул өрхийн эмч нар айлуудын бие засах газрыг ариутгах ажлыг хүртэл хийдэг байна.

Энд уг нь хүмүүс байна, хэрэгцээ байна, гэтэл төр юу хийж байна?

Дэд төвийг дэмжих шалтгаан

Баянхошуу орчимд агаарын чанар хамгийн муу байна гэдэг мэдээ өвлийн турш олны сонорт хүрдэг. Тэр их утааны голомт нь Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо. Ид хүйтний үед хотын бусад дүүрэгт агаарын бохирдлын индекс 200-300 нэгж байхад Баянхошуунд 2800 хүрдэг гэхээр ямархан хэмжээний “утааны үйлдвэрлэл” энд явагддагийг төсөөлж болно.

Эдүгээ утааны улирал биш ч гэлээ Баянхошууны агаар цэвэршсэнгүй. Агаарын чанарын албаны мэдээллээс харахад есдүгээр сарын 04-ний өдөр Баянхошуу орчимд агаар дахь том ширхэгт тоосонцор РМ10 хэвийн хэмжээнээс их буюу 110 нэгж байжээ.

Орон сууц цөөн, гэр хороолол их, дэд бүтэц сул хөгжсөн, ногоон байгууламж бараг байхгүй зэргээс болж Баянхошуу орчимд агаарын бохирдол, тоосжилт их байдаг аж.

Долдугаар хорооны нутагт олон тоосгоны үйлдвэр ажилладаг нь тоосжилтод “хувь нэмэр” оруулдаг байна. Одоо тоосгоны үйлдвэрүүд ид ажилладаг үе. Гэр хорооллын дундуур тоосго зөөдөг том оврын, хүнд даацын машинууд тоос босгон нааш цааш сүлжилдээд эхэлж. Гэр хорооллын суурьшлын бүстэй зэрэгцээд тоосгоны үйлдвэрүүд шар шавар ухаж авдаг карьер байна. Уулын арыг хамарлан ухаж байгаа хэд хэдэн компани байдаг гэнэ.

Хотын хамаг ужгирсан асуудлын голд нь суугаа Баянхошууны иргэдийн чих тавьдаг, сонирхдог ганц зүйл нь “Гэр хорооллыг хөгжүүлэх, дэд төв байгуулах төсөл. Учир  нь уг төсөл хэрэгжих эхний хоёр байршлын нэгээр Баянхошуу сонгогдсон. Бүтээн байгуулалтын ажил нь нүдэнд харагдаж, гарт баригдахуйц урагштай үргэлжилж байгаа болохоор их л баяртай сэтгэл өөдрөг байгаа юм билээ.

Аливаа ажлын анхан шатнаас л бодит мэдээлэл олох боломжтой байдаг учир сонирхоод орлоо. Хаалган дээр наасан цагийн хуваарь уг байгууллага долоо хоногийн дөрвөн өдөр 11.30-16.00 цаг хүртэл ажилладгийг илтгэнэ. Бид 11.45 цагт очсон ч төслийн нэгжийнхэн ажлын байрандаа ирээгүй байв. Гадаа нь хүлээн зогсох иргэдээс хэрэг зоригийг нь лавлалаа. Замын трасст орж хашаагаа багасгасан иргэд гэрээ байгуулах, гэрээ байгуулсан нь мөнгөө шилжүүлж авах дансны дугаараа өгөхөөр иржээ.

Иргэн Б-гийнх хашааныхаа нүүрэн талаас таван метр орчмыг хасуулсан гэнэ. Үнэлгээнийхэнтэй хоёр, гурван ч удаа уулзсаны эцэст таван сая төгрөгөөр тохироод гэрээндээ гарын үсэг зурахаар ирсэн нь энэ гэв. Түүнтэй ярилцаж зогссон залуу “Барилгын ажил явагдах талбайд байсан айлууд аль хэдийнэ нүүгээд явчихсан. Мөнгөө авчихсан юм шиг байна лээ” гэхэд өөр нэг эмэгтэй “Нөхөн олговор болгож буй мөнгөний 60 хувийг эхэлж өгөөд, дараа нь 40 хувийг нь өгч байгаа гэнэ” гэх зэргээр хөөрөлдлөө. Ер нь нийслэлийн хэмжээнд зургаан дэд төв байгуулагдахаас эхний ээлжинд Сэлбэ, Баянхошуунд байгуулахаар сонгосон талаар дээр дурдсан.

“Баянхошуу” дэд төвийн газар чөлөөлөлт хүндрэл багатай явагдаж байгаа гэнэ. Хотын төв орчмын газар чөлөөлөлтөд хамрагдсан айлууд “Бид А зэрэглэлийн бүсэд амьдарч байгаа” гэх зэргээр үнэрхэж, амандаа багтахгүй их мөнгө нэхдэг бол төвөөс харьцангуй алслагдсан Баянхошууныхан харин ч баярлаж, аль болох бүтэх талаас нь ханддаг ажээ. Айлуудын газрыг үнэлэх ажилд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс оролцдоггүй, тендерээр шалгарсан үнэлгээний компаниар гүйцэтгүүлдэг байна. 

Төслийн хүрээнд энэ жил автозам, дулааны, цэвэр, бохир ус, цахилгааны шугам, хүүхдийн цэцэрлэг, усан сан, насос станц, МСҮТ, үерийн хамгаалалтын суваг гэх мэт 10 цогц бүтээн байгуулалт хийгдэхээс дөрвийнх нь ажил эхэлжээ. Эдгээрээс энэ жилдээ заримыг нь 100 хувь гүйцэтгэж, нийт бүтээн байгуулалтын ажлыг 60-80 хувьд хүргэхийг зорьж байгаа гэнэ.

“Баянхошуу” дэд төвд инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэнээр Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 10, 28 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, иргэд усны найдвартай эх үүсвэрээр хангагдах болох юм. Мөн 240 хүүхдийн ортой цэцэрлэг баригдсанаар хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 63 хүртэл хувиар нэмэгдэх юм байна.

“Баянхошуу" дэд төв 2020 он гэхэд ашиглалтад орно. Энэ төслийн нэг онцлог нь төсөлд хамрагдах бүсийн иргэдийг шинэ мэргэжилд сургаж, бизнесийг дэмжих зэрэг боломж олгож байгаа юм. Энэ төсөл хэрэгжсэний дараа 10 мянган айлын “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлнэ. Дэд төвийн дулаан, цэвэр бохир ус зэрэгт түшиглэн үүнийг хэрэгжүүлнэ. Энэ нь дундаж орлоготой хүмүүст зориулсан төсөл байх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд

Захын хороод хотын төв болно

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдол зэрэг нь бүх төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон томоохон орон сууцны хорооллууд нь хүртэл шавааралдан багширсан нэг төвт хотыг төлөвлөснийх юм.

Сүхбаатарын талбайг тойрч Бага тойруугийн ганцхан километр радиус дотор хотын амьдрал буцалж, бөглөрч түгжирч, өвөлдөө бүгд утаанд хахаж цацан амьдарцаадаг. Үүнийг өөрчлөхийн тулд хотын захиргааг баруун тийш нүүлгэн шилжүүлэх тухай сүүлийн 20-иод жил ярьсаар ирсэн.

Энэ бодлого, хөтөлбөр хэрэгжих юм бол 2040 он гэхэд Улаанбаатар хот найман дэд төвтэй болсон байх юм. Харин 2020 он гэхэд зургаан дэд төв баригдана. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд энэхүү зургаан дэд төвийг барьж байгуулах юм.

Үүний эхнийх нь энэ онд баригдаж эхэлсэн “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвүүд. Эдгээр дэд төвүүдийг ирэх 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн хоёрдугаар шатанд ирэх оны зургадугаар сараас бүтээн байгуулалтын ажлыг нь эхэлж Дэнжийн мянга, Дамбадаржаагийн дэд төвүүдийг барьж байгуулна. Гуравдугаар шатанд Амгалан, Улиастай дэд төвүүдийг байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэл хот зорилтоо биелүүлэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл чухал үүрэгтэй. Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг төслийн II үе шатанд 320 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дээр дурдсан зургаан дэд төвийг гурван үе шаттайгаар барьж байгуулахаар төлөвлөсөн байна.

Эдгээр төвүүдэд төрийн үйлчилгээ, худалдаа банк, санхүү, даатгал бусад үйлчилгээ төвлөрч, хотын чанартай олон нийтийн төвүүд болох юм.

Одоо бүтээн байгуулалтын ажил нь ид өрнөж буй “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвүүдэд л гэхэд цэвэр, бохир усны инженерийн шугам, сүлжээний барилга, угсралтын ажил, үерийн хамгаалалтын далан суваг болон шинээр авто зам, гүүр барих ажил мөн 240 ортой хоёр хүүхдийн цэцэрлэг, хоёр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

Мөн “Сэлбэ” дэд төвийг дулаанаар хангахаар дулааны станцыг шинээр барих ажлыг эхлүүлээд байгаа юм. Үүнээс гадна “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвүүдэд нийт 8,6 км бохирын коллектор шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгасан байна. “Сэлбэ” дэд төвд 3,694 өрх айл, 136 аж ахуйн нэгж байгууллага,  “Баянхошуу” дэд төвд 3,526 өрх, 137 аж ахуйн нэгж байгууллага төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой болсон байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:

-Утаа болон хөрсний бохирдлыг бууруулахад хамгийн бодитой ажил бол дэд бүтэцжүүлэх.Энэ хүрээнд Улаанбаатар хот дэд бүтцийн бүтээн байгуулалтад 74 тэрбум гаруй төгрөг төсөвлөөд байна. 

Бид гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх эхний ажлыг хийж байна.Дэд бүтцийн төв байгуулж, дулаан, цэвэр ус, бохирын системд 200-300 өрхийг холбох ажил эхлүүлнэ.Зөвхөн дулаанд холбоод зогсохгүй, тэндээ авто зам тавьж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах иж бүрэн бүтээн байгуулалт хийх юм.Өөрөөр хэлбэл гэр хорооллыг ирээдүйн таун хаус хороолол болгох эхний ажлууд энэ байх болно.

Дэд төвүүдэд ийм бүтээн байгуулалт өрнөнө

Баянхошуу дэд төвийн нийт талбай нь 162 га бөгөөд СХД-ийн 7, 8, 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэр багтаж байгаа.  

  • Авто зам- 6.57 км
  • Үерийн хамгаалалт-2.4 км
  • Цэвэр усны шугам- 6.71 км
  • Бохир усны шугам- 13.8 км
  • Дулааны шугам- 4.8 км-ийн ажил хийгдэнэ.

Сэлбэ дэд төв нь 156 га талбайг эзэлнэ. Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хороог хамрах юм. 

  • Авто зам- 5.8 км
  • Гүүр-3 (24 м, 30м, 60 м)
  • Үерийн хамгаалалт-2.1 км
  • Үерийн далан-2.3 км
  • Цэвэр усны шугам- 11.9 км
  • Бохир усны шугам- 12.51 км
  • Дулааны шугам-1.3 километр тавигдана.

Дэд төвүүд байгуулагдсанаар ийм болно

  • Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 7.57 га талбай бүхий ногоон байгууламж бий болж, хотын ногоон байгууламж нэмэгдэнэ.
  • Баянхошуу, Сэлбэ дэд төвд тус бүр 240 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг байгуулж, ашиглалтанд оруулснаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.
  • Баянхошуу, Сэлбэ дэд төвд тус бүр 1 ээлжиндээ 100 суралцагч хүлээн авах хүчин чадал бүхий бизнес инкубатор болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулагдан ашиглалтанд орсноор дэд төвийн бизнес эрхлэгчид, ажил хайгч иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх боломжийг нэмэгдүүлнэ.
  • Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд инженерийн дэд бүтцийг цогцоор нь бий болгосноор дэд төв барилгажих боломжтой болох ба дэд төвийн хөгжлийн төлөвлөгөөг төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоог зөв зохицуулан хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Сэлбэд 3700 яндан “устгана”

"Сэлбэ" дэд төв нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гурван хороог хамарсан 158 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа юм. Энэ хэсэгт 3600 гаруй өрхийн 15 мянга гаруй иргэн амьдарч байна.

Нийслэл хотын хойт хэсгийн гэр хорооллыг түшиглэн гурван дэд төв барьж байгуулахаар төлөвлөсний нэг нь “Сэлбэ” дэд төв юм.

Төслийн хүрээнд инженерийн болон нийгмийн дэд бүтцүүдийг барьж байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм. Түүнчлэн инженерийн дэд бүтцэд түшиглэн шинэ сууц, шинэ хорооллын төслүүд хэрэгжих боломж бий болох аж.

"Сэлбэ" дэд төвийн дулааны станц ашиглалтад орсноор эхний ээлжинд 35, 51 дүгээр цэцэрлэг, төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд, 3700 орчим өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэх юм. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, тухайн хэсгийн 3700 өрх, 10 гаруй ААН-ын яндан үгүй болж, жилд хэрэглэх түүхий нүүрсний хэрэглээ 15 мянган тонноор буурах боломжтой юм.

Б.Хүрэлбагана /Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч/

-Энэ жил манай хороонд "Сервис центр" баригдана. Ноднин  нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү төлөөлөгч энэ асуудлыг анх ярьж байхад би уулзалтад нь оролцсон. Хашаа байшингийн газар дээрээ төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон хаус барих боломж бүрдэж байгаа нь сайн хэрэг. Цаашид манай Сэлбэ орчимд хотын дэд төв байгуулагдана гэдгийг иргэд оршин суугчиид бид талархан хүлээж авч байгаа.

Б.Цэрэндорж /Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч/

 -Энэ хороонд би олон жил амьдарч байна. Амьдрах орчныг нь сайжруулаад өгөх юм бол эрүүл агаар амьдрахад хамгийн таатай. Ингэж бодоод энд нүүж ирсэн. 2017 онд хотоос манай хорооны олон замыг засч, шинэчилж өгсөн. Энэ жил “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын ажил манай хороонд эхэлсэн. Ажил нь урагштай байгаад сэтгэл хангалуун байна. Ийм дэд төвүүд олныг байгуулж байж л хотын төвлөрлийг сааруулж, олон хүндрэлээ шийднэ шүү дээ.     

10 ЖИЛИЙН ТЭМҮҮЛЭЛ

2009 онд Нийслэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Ч.Бат гуайн амнаас анх Улаанбаатар хотыг олон төвтэй хот болгон хөгжүүлэх төлөвлөлт хийж байгаа тухай сонсов. Хожим нь энэ төлөвлөгөө Үүл баатрын үед “Гэр хорооллыг дахин төлөвлөх” шийдлээр баяжсан. Харин 10 жилийн дараа С.Батболд мээрийн үед ажлын үр дүн эхнээсээ гарах ёстой байжээ. Энэ бол нийслэлд ямартай ч Монгол төрийн ажил нам намын нүүрэнд гуйвж дайвалгүй явж ирсний гэрч гэж хэлж болох. Олон төвт хотын үзэл санаа ямартай ч ийнхүү эрчээ авчээ. Элдэв улстөржилт, намчирхалаар үүнийг тасалчихгүй юмсан. Монголчууд Улаанбаатарыг мөрөөдөл тээсээр зорьж ирдэг. Тэр мөрөөдөл нь утаа, тоос, түгжрэлд сарниж, харь орныг зорьсон болон хувирдаг өдрүүд ард хоцрох цаг мөдхөн биз ээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж