ХасБанк Банкны салбарын оны онцлох энтрепренерээр шалгарлаа
МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулж, тухайн жилийнхээ онцлох, шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан нэрлэдэг “Энтрепренер – 2014” арга хэмжээ 2014 оны 12-р дугаар сарын 27-ны өдөр боллоо. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг шалгаруулалтаас ХасБанк Монгол Улсын 2014 оны “Банкны салбарын Оны онцлох Энтрепренер”-оор шалгарч, “Хүрэл Меркури” цом хүртлээ.
ХасБанкны хувьд 2014 он өмнөх жилүүдийн амжилтаа бататгахын зэрэгцээ, Банкны үйл ажиллагааны эрсдэлийг бууруулж, үйлчилгээний хурд, хүртээмжийг сайжруулан, санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэн, удирдлагын багийн чадавхийг бэхжүүлэх замаар ирээдүйн их өсөлт хөгжлийнхөө суурийг бэлдсэн жил байлаа.
Тухайлбал, Банкны мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO27001 стандартыг нэвтрүүлснээс гадна Дэлхийн мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Оракл компанийн банк санхүүгийн байгууллагад зориулан бүтээсэн FlexCube 10.2 цахим програмынхаа дараа үеийн сайжруулсан FlexCube 12.0 хувилбарыг нэвтрүүлж, системээ шинэчлэх ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Мөн үйл ажиллагааныхаа зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгож, үр ашгийг нь нэмэгдүүлэх, харилцагч бүрт тохирсон, хурдан шуурхай үйлчилгээтэй, стандарт салбаруудыг бий болгох зорилготой “Transformation” төслийг амжилттай хэрэгжүүлж, Улаанбаатар хот, томоохон хот суурин газрууд дахь бүх салбар нэгжүүд, төв албаны үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Эдгээр амжилт бүтээлийг маань үнэлэн ХасБанкыг Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн байгууллага болохыг нотолж, Global Finance сэтгүүлээс “Монгол улсын Шилдэг Банк”, Capital Finance International сэтгүүлээс “Ази тивийн шилдэг засаглалтай компани”, Global Banking and Finance Review awards-аас “ЖДБ-ийг дэмжигч Шилдэг банк” шагналуудыг тус тус хүртээсэн юм.
Энэ бүх ололт амжилт нь харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд та бүхний итгэл, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ. Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье.