Улирлын өмнө: Нью-Йорк Айландерс

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Нью-Йорк Айландерс

Улирлын өмнө: Нью-Йорк Айландерс

Нью-Йорк Айландерс баг энэ зун бүрэлдэхүүндээ нэлээд өөрчлөлт хийсэн. Нью-Жерси Девилс багт 30-аад жил ерөнхий менежерээр ажиллаж багийн түүхэнд стэнлийн цомыг гурвантаа хүртээд 2015 оноос Торонто Мейпл Липс багт ажиллаж байсан Л.Ламореллог багийнхаа менежерээр томилсон. Мөн өнгөрсөн онд Вашингтон Капиталс багийг удирдаж стэнлийн цомыг хүртсэн Л.Троцыг багийн дасгалжуулагчаараа томилоод байна. Багийн энэхүү удирдлагын өөрчлөлт нь плэй-оффт тогтвортой багтаж чадахгүй байгаа Нью-Йорк Айландерс багийн том өөрчлөлт юм. Баг сүүлийн хоёр улирал плэй-оффт багтаж чадаагүй. Өнгөрсөн улиралд 35 хожил авч 80 оноотой бүсдээ доороосоо 6, дивизиондоо доороосоо 2-т орсон. Энэ нь багт томоохон шинэчлэлт хийх шалтгаан болсон юм.

–              Багаас явсан тоглогчид: Ж.Таварес Торонто Мейпл Лифс рүү, К.Вагнер, хаалгач Я.Халак хоюул Бостон Брюинс рүү, де хаан Каролина Харрикейнс рүү, Н.Кулёмин ТХЛ-н Металлург Магнитогорск руу, А.Куин Калгари Флаймс руу

–              Багт ирсэн тоглогчид: М.Мартин, Л.Комаров хоюулаа Торонто Мейпл Лифсээс, Я.Ковар ТХЛ-н Металлург Магнитогорскоос, Р.Лехнер Баффало Сейберсээс, В.Филппула Филадельфиа Флайерсаас

Баг менежментийн хувьд том өөрчлөлт хийсэн. Тэгвэл тоглогчдын хувьд үүнээс ч дутуугүй өөрчлөлт хийсэн. Ялангуяа нэг томоохон сенсацитай үйл явдал бол багийн ахлагч, 2009 оны драфтын тэргүүн сонголт, 5 удаагийн бүх-одод тоглогч Ж.Таварестай гэрээгээ сунгалгүй байсаар Торонто Мейпл Лифс рүү явуулсан. Магадгүй багийн удирдлага Ж.Таваресаас илүүтэй рүүки залуу М.Барзаль дээр тулгуурлан багаа босгохоор төлөвлөж байна. Зоригтой өөрчлөлт. 2015 оны драфтын №15 М.Барзаль өнгөрсөн улирал багийнхаа төлөө анх удаагаа бүтэн улирал тоглож 22 гоол оруулж 63 гоолын дамжуулалт өгч 85 оноо авч багаа тэргүүлсэн. Энэ нь түүнийг шилдэг рүүки болоход хангалттай байсан болов уу? Залуу рүүки нэг жилийн дотор л багт эзлэх байр сууриа баталгуужууллаа. Тэгвэл Ж.Таваресаас гадна хаалгач Я.Халактай гэрээгээ сунгалгүй Бостон Брюинс рүү явуулсан нь бас нэгэн сонирхолтой үйл явдал гэж харж байна.

Одоо багийн үндсэн хаалгачаар шинээр ирсэн Р.Лехнер үү? Эсвэл Герман залуу Т.Грейсс үү? гэсэн асуулт гарч ирнэ. Дээрх хоёр хаалгач тийм ч өндөр хувьтай хаалгаа манадаг хаалгачид биш. Хамгаалалтанд энэ зун хүн нэмж аваагүй. Иймд өнөөгийн Нью-Йорк Айландерс багийн арын шугам нимгэн байх магадлал ихтэй болж байна. Хамгаалалт Ж.Бойчак болон Н.Ледди нарын нуруун дээр байгаа ба тэд тийм ч өндөр зэрэглэлийн хамгаалагчид биш. Урд шугамандаа Торонто Мейпл Лифс багаас чөлөөт агент болсон Л.Комаров хэмээх Фин залууг авчирч 4 жилийн 12 сая ам.долларын гэрээ байгуулсан. Багийн ахлагч асан Ж.Таваресын оронд зиндаа уруудсан тоглогч л ирсэн дээ.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

I ЛАЙН:

А.Ли – М.Барзаль – Ж.Эберлей

Н.Ледди – Ж.Бойчак

II ЛАЙН:

А.Бовилье – Б.Нейльсон – Ж.Байлей

Т.Хикей – Р.Пулок

III ЛАЙН:

А.Лэдд – В.Филппула – К.Клаттербак

С.Ахо – А.Пелеч

Багийн ерөнхий менежер, багийн дасгалжуулагч, багийн ахлагч бүгд шинэчлэгдээд байна. Ямартаа ч менежментийн түвшинд хийсэн солилцоо бол яалт ч үгүй том өөрчлөлт. Нью-Жерси Девилс багийн алтан үеийг бүрдүүлж өгсөн мэргэжилтэн, дээр нь Вашингтон Капиталс багийн олон жилийн азгүйтлыг арилгаж өгсөн дасгалжуулагч. Эдгээр эрхмүүд зоригтой өөрчлөлтийг Нью-Йорк Айландерс багт хийлээ. Гэхдээ урдаа ирээдүйтэй залуусаар бүрдүүлээд байгаа ч арын шугам хангалтгүй л харагдаж байна. Цалингийн зай бол энэ багт хангалттай бий. Улирал эхлэхээс өмнө том тоглогчид ирэхэд цалингийн хувьд санаа зоволтгүй. Хэрвээ ирэх улиралд Нью-Йорк Айландерс багийн хамгаалалт сайн ажиллаж чадвал плэй-оффт багтахад нэг их гайхах зүйлгүй болов уу? Фили, Колумбус болон Нью-Жерси гуравтай плэй-оффын төлөө өрсөлдөж болох юм. Ямартаа ч энэ гурван багтай харьцуулахад тун боломжийн бүрэлдэхүүнтэй.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж