Хүүхэд өдөрт сургууль дээрээ 4-6 цагийг өнгөрөөдөг гэх судалгаа бий. Сургуулийн орчныг аюулгүй байлгахын тулд эцэг, эх багш удирдах ажилтан нийгмийн бусад төлөөллүүд юу хийх ёстой талаар өнөөдөр /2018.09.18/ ерөнхий боловсролын багш, удирдах ажилтнууд чуулж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир энэхүү үйл ажиллагааны талаар “Хүүхэд хамгааллын цогц бодлого байх ёстой. Өнөөдөр бид ерөнхий боловсролын сургуулийн 600 гаруй удирдах ажилтнуудыг оролцуулан “Сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлого” сэдвийн дор цогц зөвлөгөөнийг хийж байна. БСШУСЯ-ны сайдын тушаалаар бодлогын асуудлаар зөвлөмж гаргасан. Үүнд нийслэлийн бүх харьяа агентлагууд хамтран оролцож байна” гэв.
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД СЭТГЭЛ ЗҮЙЧ ХЭРЭГТЭЙ
Нийслэлийн Хан-уул дүүргийн ЕБС-ийн 60-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Нямболортой цөөн хором ярилцлаа.
– Зөвлөгөөний талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Хүүхэд хамгааллын бодлогын асуудлыг нийгмийн ажилтан бид нар ярилцаад сургуулийн орчинд хэрэгжүүлдэг байсан. Тэгтэл энэ асуудал улам өргөжөөд төр засгийн хэмжээнд яригдаж байгаа нь чухал ач холбогдолтой.
-Хүүхэд хамгааллын талаар ярилцаж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд томчууд бид юу хийх хэрэгтэй вэ?
-Хүүхдийн аж төрж буй бүхий л орчин хүүхдэд ээлтэй, тав тухтай байх ёстой. Хамгийн наад зах нь сургуулийн хаалгаар орж ирээд, хичээлийн байр луу орох хүртэлх зам талбайд хүүхдэд ямар эрсдэл учирч байгааг хүн болгон анхаарч байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд өдөр тутамдаа хүүхдэдээ тэр бүр цаг зав гаргаж чаддаггүй. Тиймээс нэг удаа ч болов хүүхэдтэйгээ сургууль руу нь хамт яваад эрсдэлийг тодорхойлох хэрэгтэй. Хүүхэд сургууль руугаа явах замд ямар эрсдэл тулгарч байгааг бид нар мэдэхгүй шүү дээ. Мөн зөвхөн сурах орчин биш тэдэнд тулгамдсан асуудлыг олж мэдэх, хүүхэдтэйгээ ойр дотно ярилцах хэрэгтэйг бид эцэг эхчүүдэд зөвлөдөг.
-Сургуулийн орчинд хүүхдэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Миний анзаарснаар өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйч маш их хэрэгтэй байгаа. Эцэг, эхчүүдэд ч мөн ялгаа байхгүй сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй байдаг юм билээ. Хүүхдүүд сэтгэл зүйчийн туслалцаа авсны дараа нүдэнд нь гал цог гэрэлтэн, хичээл номдоо идэвхэждэг нь ажиглалтаар мэдрэгдсэн. Тэгэхээр сэтгэл зүйч сургуулийн орчинд зайлшгүй байх шаардлагатай. Манай сургууль гэр хороолол дунд байдаг учраас сургуулийн хашаанд архи уудаг хүмүүс цугларах нь элбэг. Энэ байдал нь хүүхдийн аюулгүй орчинтой шууд холбоотой. Хүүхэд тийм дүр зургаас буруу үлгэр авах, даган дуурайх эрсдэлтэй юм.
-Хүүхдүүд сэтгэл зүйчид ямар асуудлаар ханддаг вэ?
-Хүүхэд гэр бүлийн тогтворгүй байдал, эцэг эхийн салалт, хойд эцэг эхийн асуудлаас болж маш их сэтгэл зүйн дарамтад ордог. Бид нар чинь сэтгэлдээ байгаа хэцүү зүйлсээ хүнд ярихаар дотор нь уужирч, шийдэгдсэн мэт болдог шүү дээ. Хүүхдүүд ч мөн ялгаагүй сэтгэл зүйн хувьд засал авчихаар хичээл номдоо шамдах, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөх, гээд л олон давуу талтай. Зөвхөн хүүхэд гэлтгүй багш ажилчдад ч бас сэтгэл зүйн туслалцаа авах шаардлага тулгардаг. Манай сургуульд өнгөрсөн жилээс сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн.
Э.АРИУН
Холбоотой мэдээ