Багш нарын ажил хаялт зогсож, сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхэлсэн ч зарим анги сурах бичиггүй хичээллэж байна. Тендерийн маргаанаас үүдэн хэвлэгдээгүй байгаа сурах бичгийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Тендерийн маргаанаас болж хэчнээн сурах бичиг хэвлэгдээгүй байна вэ?
-Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр 100 жилийн түүхэнд 10 удаа өөрчлөгдсөн байдаг. Сүүлийн 16 жилийн дотор гурван удаа шинэчлэгдсэн. Хөтөлбөрийн өөрчлөлттэй холбоотойгоор сурах бичгийг өөрчлөх шаардлага тулгардаг. Ерөнхий боловсролын сургалт 12 жилийн сургалтад шилжиж, сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор сурах бичгийг үе шаттайгаар шинэчилж байгаа. Энэ жилийн хувьд 24 нэр төрлийн сурах бичиг шинээр хэвлэх төлөвлөгөөтэй байсан. Үүний найм нь XII ангийнх, гурав нь тусгай хэрэгцээт боловсролынх, багшийн нэг сурах бичиг, үлдсэн нь VI, VII ангийн уран зохиол, монгол хэл, бичгийн ном байсан.
Яамны зүгээс зохиогчийн баг шалгаруулах, зохиох үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулах зэргээр сурах бичиг хэвлэх бүх ажлыг он гарахад л хийж эхэлсэн. Ингээд бүх үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсан ч нэр бүхий компаниуд гомдол гаргасан. Шүүхээс уг маргааныг шийдвэрлэж, манай талд шийдэгдсэн. Тиймээс сурах бичгийг хэвлүүлэх, түгээх ажил шийдэгдсэн.
-Сурах бичиг яг хэзээ сурагчдын гар дээр очих вэ?
-Сурах бичгийн маргаан дээр шүүх алхаа цохисон. Шүүхийн шийдвэр албажаад гарсан үед, аравдугаар сарын 1-нд хэвлэх, дараа нь түгээх ажлыг хийнэ. Бүх зүйл бэлэн байгаа. Цаашид яамны эсрэг ийм маргаан үүсэхгүй байгаасай л гэж хүсч байна. Үүнд Монгол Улсын 600 мянган хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байгаа.
-Сурах бичгийг дамлан борлуулах асуудал жил бүр хөндөгддөг. Үүнд ямар зохицуулалт хийж байна вэ?
-Цаашид сурах бичгийг худалдах, худалдан авах үйл ажиллагаанд тусгай зохицуулалт хийхгүй бол сурах бичгийн тендерийг олон жил авсан компанийн нэгэндээ саад учруулах гэсэн үйлдэл нь сурах бичигт хүндрэл учруулж байна.
Сурах бичгийг хэвлэж буй компанитай хамтран эрх бүхий номын худалдааны дэлгүүрээр үйлдвэрийн үнээр худалдаалдаг. Ихэнх сурах бичиг 1300-4000 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Эндээс тооцвол VI ангийн сурагчтай айл хүүхдийнхээ бүх сурах бичгийг 20 мянган төгрөгөөр авах боломжтой юм. Гэвч ном худалддаг дурын павильон сурах бичгийг 500-5000 мянган төгрөг нэмэн борлуулж байна. Үүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран олон жил ажиллаж байгаа ч үүнийг зогсоож чадахгүй байгаа юм. Орон нутагт нэг цэгийн үйлчилгээгээр үүнийг шийдэж байгаа ч нийслэлд энэ байдлыг зохицуулах асуудал дутагдалтай байгаа.
Монгол Улсын хэмжээнд ашиглаж байгаа 140 гаруй нэр төрлийн сурах бичгийг яамны сайтад байршуулж, ямар нэгэн үнэ төлбөргүйгээр хэн ч ашиглах боломжийг бүрдүүлсэн.