АНУ Хятадад 200 тэрбум ам.долларын татвар ногдуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

АНУ Хятадад 200 тэрбум ам.долларын татвар ногдуулахаар боллоо

АНУ Хятадад 200 тэрбум ам.долларын татвар ногдуулахаар боллоо

АНУ  Хятадын 6000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 200 тэрбум ам.долларын татвар ногдуулахаар болжээ. Үүнд цүнх, цагаан будаа, даавуу бөс бараа зэрэг бүтээгдэхүүнүүд орж байгаа аж. Татвар есдүгээр сарын 24-нд 10 хувиас эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд оны эцэс гэхэд өссөөр 25 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп 200 тэрбум ам.долларын татварынхаа тухай БНХАУ-ын хэрэгжүүлж буй шударга бус худалдааны эсрэг авсан арга хэмжээ гэжээ. Учир нь БНХАУ-ын Засгийн газар эх газарт үйл ажиллагаагаа явуулах гэж буй гадаадын компаниудыг заавал өөрсдийн салбарыг Хятадын компаниар дамжуулан оруулж ирэхийг шаарддаг аж.

“Хятадад бид эрх тэгш, шударга хандах бүх нөхцөл боломжийг олгосон. Гэвч Хятад засахыг хүсэхгүй байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Мөн Трамп хэрэв БНХАУ хамтран ажиллахаас татгалзаж байгаа бол даруй 267 тэрбум ам.долларын татварыг ногдуулах тухай даалгажээ. Энэхүү татвар нь ерөнхийдөө БНХАУ-аас АНУ-д орж ирж буй бүхий л импортын бараа бүтээгдэхүүнүүдийг хамрах юм.

Худалдааны дайнаас болж АНУ-ын зарим компаниуд ажилчдаа цомхотгох аюулд орсон болохыг анхааруулсан. Гэвч олон улсын эдийн засагчид энэхүү нэмэгдэл татвар АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй болохыг тодорхойлсон боловч гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан таамаглаж чадахгүй байгаа ажээ.

АНУ-ын эрх баригчдын мэдэгдсэнээр иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдээс татвар авахгүй байхаар заасан боловч цүнх, чемодан, цаас, ноосон эдлэлүүдэд татвар ногдуулахаар болсон юм.

Одоогийн байдлаар АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд нийт 257 тэрбум ам.долларын татвар ногдуулаад байна. Харин БНХАУ-талаас АНУ-д 50 тэрбум ам.долларын татвар зөрүүлэн ногдуулсан бөгөөд нэмж 60 тэрбум ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулахаар төлөвлөөд буй.

Ийнхүү худалдааны дайны хоёрдугаар үе эхэлж байна.

 

ЭХ СУРВАЛЖ:  BBC
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж