Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар/ТӨБЗГ/-ын дарга Ц.Ням-Осор нар Төрийн ордонд “ажил хэрэгч хэрүүл” өрнүүлсэн нь дуулиан тариад байна.
Уг нь энэ маргаан багагүй хугацаанд өрнөсөн юм. Ялангуяа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт ээлжит бусаар хуралдсан Засгийн газрын хуралдаанаас эрчим хүчний салбар дахь төрийн өмчит компанийн удирдлагыг өөрөө шууд томилдог болох шийдвэрийг “догдлон” хүлээсэн. Үүнд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой хүч хавсарч дэмжих учиртай байв. Тэрбээр уг “хүсэлт”-ээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт танилцуулж байсан ч халгаагаагүй гэнэ. Ингээд “арван гурван мэх”-ээ хэрэглэж шууд Ерөнхий сайдад санал тавьсаар өнгөрсөн Баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэх болов уу гэж тэсгэлгүй хүлээж буй нь энэ аж.
Энэ шалтгаанаа “Яаманд хариуцлага тооцох мэдэл байхгүй. Гэтэл хүмүүс болохоор яам руу дайрдаг. Энэ байгууллагуудыг хариуцаж, төсөв төлөвлөгөөг нь баталж, хариуцлага тооцдог газар нь Төрийн өмчийн хороо /ТӨБЗГ-ыг хэлж байгаа бололтой/. Бид хүсэлт л явуулдаг, түүнийг нь биелүүлдэггүй. Энэ байдал сахилга, хариуцлагад нөлөөлж байна” гэж тайлбарладаг юм.
Гэтэл “гай газар дороос” гэгчээр Засгийн газрын ээлжит бус хуралдааны маргааш нь буюу өнгөрсөн Бямба гаригт ТЭЦ-4 цахилгаан станцад осол гарч улсаараа харанхуй болов. “Ерээд оны үед ч эрчим хүч ингэж доголдоогүй” гэж ахмад улстөрчид “гаслав”.
“Харанхуй”-гаас Эрчим хүчний сайдын үг улам тод дуулдсан. Таамаглаж байсанчлан “Тэрбээр “2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр IV цахилгаан станцад гарсан аваартай холбогдуулаад, Ерөнхий инженерт хариуцлага тооц гэсэн албан бичгийг явуулж байсан. Үйлдвэрлэл, аюулгүй байдлыг Ерөнхий инженер хариуцдаг. Тийм болохоор н.Дашдаваа гэдэг ерөнхий инженерт хариуцлага тооц гэдэг саналыг Төрийн өмчийн хороонд явуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй л байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраар энэ асуудлыг ярих байсан ч хойшилсон” гэв.
Түүнтэй нэг танхимд ажиллаж байсан болон ажиллаж байгаа сайд нар ч ижил байр суурьтай байдаг аж. Товчхондоо салбарын сайд нь “төрийн өмчит”-үүдийг удирдаж ажиллахад амаргүй байдаг гэнэ. Ц.Даваасүрэн сайдын хувьд тэр “харанхуй” өдөр “Бид нэг л зүйлийг хэлж байгаа. Яам хариуцлагаа хүлээе. Гэхдээ эрчим хүчтэй холбоотой төрийн өмчит компаниудыг манай мэдэлд өгчих. Бид энэ хүнд хариуцлага тооц гэж гуйгаад сууж байж болохгүй. Ингэснээр хариуцлага сулрахад нөлөөлөөд байна. Ер нь би эрчим хүчний компаниудаа яамныхаа мэдэлд авахын төлөө ажиллана. Осол гарахаар Эрчим хүчний яам гээд муулаад байна. Гэтэл компаниудыг удирдлагаар хангах бүх асуудал ТӨБЗГ хангаж байгаа” хэмээн ярьсан юм.
Харин ТӨБЗГ-ын байр суурийг тодруулахад “Төрийн өмчит компанийн удирдлагыг сонгох эрх ТӨБЗГ-ын даргад байдаггүй, салбарын сайдынх нь саналыг үндэслэн, Төлөөлөн удирдах зөвлөл нь томилдог” гэх тайлбар хийгээд буй. Энэ нь Компанийн тухай хуулиар зохицуулагдсан байдаг аж. Тухайлбал, компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилохдоо ЗГХЭГ нь холбогдох яамдаас санал авч, АТГ-аас эрх ашгийн зөрчилтэй эсэхийг хянуулсны дараа ТӨБЗГ-т ирж уг шийдвэрийг албажуулдаг байна.
Хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо тус бүр хувааж эдлэхээр зохицуулагдсан байдаг. Хөрөнгийг захиран зарцуулах журмыг тодорхойлох, захиран зарцуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхүүд дээрх гурван байгууллагад хуваагддаг.
Яг энэ асуудлаараа Төрийн ордонд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осортой маргасан нь телевизийн камерт бичигдсэн нь тэр аж.
Харин цаашид яах вэ. Төрийн өмчит компаниуд дундаа эрчим хүчнийх нь бүр онцгой. Юугаараа онцгой вэ гэхээр нарийн мэргэжлийн хүн томилохгүй бол осолтой. Ц.Даваасүрэнгийн үеийг хүртэл улсаараа харанхуй болоогүйн “нууц” нь ердөө л тэр.
“Төрийн өмчит компанийн удирдлагуудыг сайд томилдоггүй учраас Төрийн өмчийн мэдэлд байдаг эрчим хүчний компанид хэдийгээр салбарынх нь боловч нэг сайдын эрх мэдэл давуу эрхтэй байх нь тийм ч зөв шийдэл биш гэдгийг орон нутаг дахь төрийн өмчит компанийнхан ярьж байна. Наанадаж баахан халаа сэлгээ хийх, цаашилбал стратегийн чухал салбар учраас Ц.Даваасүрэнгийн хувийн компани, дэлгүүрээс тэс өөр юм шүү дээ.
Ялангуяа эх үүсвэрийн чадлын дутагдлын улмаас 2018-2019 оны өвлийн их ачааллын үед үндсэн тоноглолын аливаа зогсолт хэрэглэгчдийг хязгаарлах байдалд хүргэхээр байгаа энэ цаг үед салбарын сайд нь өөрийн нөлөө оролцоог нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчит компаниудаа самарч эхэлбэл онд ороход бэрхтэй болох нь. Энэ салбарт алдаа, оноо бий. Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч 34 компанийн дүнгээр 2017 онд 738.7 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж, 752.2 тэрбум төгрөгийн зардал гарган, үндсэн үйл ажиллагаанаас 13.5 сая төгрөгийн алдагдалтай, санхүүгийн тайлан тэнцлийн дүнгээр 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа гэсэн мэдээллийг гурван сарын өмнө өгч байсан.
Төрийн өмчит 20 гаруй компани нь ачааны хүндийг үүрдэг ч салбарын удирдах ажилтны зөвлөгөөн нь өнгөрсөн зургадугаар сарын 25-нд болоход Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал нар ирж “эрчим хүч” ярьж байхыг бодоход амаргүй нөхцөл байдалд ажилладаг бололтой. Тиймээс ч Ц.Даваасүрэн сайд “Би томилоогүй болохоор манай салбарын зарим удирдлага алдаа дутагдал гаргавал хариуцахгүй шүү” гэдэг үгээр дарцаглан нөлөөгөө нэмэхээр завгүй ажиллаж байна.
Уг нь түүнд Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудын өөрчлөлтийг УИХ-аар оруулж батлуулах, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбины шинэчлэл, Дарханы дулаан цахилгаан станцын өргөтгөл, Дорнодын ДЦС-ын 50 МВт-ын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэх, Эрдэнэбүрэнгийн 64 МВт-ын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх гэхчлэн чухал гэхэд дэндүү чухал ажил их бий. Хэдийгээр Засгийн газар сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлж, үйлдвэрлэлийн осол, аваар, саатлын тоог бууруулах, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын даалгавар, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх цаашид зөрчил, дутагдал гаргахгүй ажиллах үүрэгтэй ч энэ бүх үүрэг хариуцлагыг үүрэхийн тулд эрх мэдлээ нэмэгдүүлэхийн төлөө улайрах хэрэг байсан уу. Эсвэл цаана нь өөр зорилго байна уу гэдэг нь хардлага төрүүлээд байна.
Одоо эцсийн шийдлийг Ерөнхий сайд гаргах учиртай.
Ц.ОРХОН
Холбоотой мэдээ