ЗТХЯ-ны газрын дарга нарын сонгон шалгаруулалт зарлажээ

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

ЗТХЯ-ны газрын дарга нарын сонгон шалгаруулалт зарлажээ

ЗТХЯ-ны газрын дарга нарын сонгон шалгаруулалт зарлажээ

Төрийн албаны зөвлөлөөс Зам тээврийн хөгжлийн яамны зарим газрын дарга нарын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ. Харин Засгийн газраас төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарлах хүсэлтээ Төрийн албаны зөвлөлд ирүүлээгүй байгаа юм байна. Одоогоор тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэн ажиллаж байгаа юм.

Б.МАХБАЛ, Т.ГОМБОСҮРЭН НАРЫН ОРЛОГЧИЙГ ТОМИЛЖЭЭ

Зам тээврийн яамны газрын дарга нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарснаас хойш тус албан тушаалд хэнийг томилох вэ, тэднийг орлох хүмүүсийг хэзээ томилох вэ гэх асуулт гараад байсан юм. Тус яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг нь чөлөөлсөн бөгөөд дэд сайдаар нь Л.Халтарыг томилоод байгаа юм.  Тэгвэл Төрийн албаны зөвлөлд тус яамны газрын дарга нарыг томилох саналаа хүргүүлэн ч одоогоор түр орлон гүйцэтгэгчид ажиллаж байгаа юм. Тодруулбал, есдүгээр сарын 1-ээс эхлэн Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөр, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилж, ажилдаа орсон байна.

Үүнээс гадна хэрэг гарах үед байсан бусад албан тушаалтнууд мөн өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байсан юм. Иймээс Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. А.Батболд нь Монголын Төмөр замын анхны даргаар ажиллаж байсан бол Д.Доржханд нь өмнө тус газрынхаа буюу Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж. Төрийн албаны зөвлөлөөс үүрэг гүйцэтгэгч нарын сонгон шалгаруулалтыг эцэслэсний дараа албан ёсоор томилох юм. Гэвч эдгээр албан тушаалтнууд сонгогдсон ч жинхлэх эрх нь төрийн нарийн бичгийн дарга учраас тус яамны төрийн нарийн бичгийн дарга томилогдтол үүрэг гүйцэтгэгч нар хэвээр байх юм.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж