Монгол улс, БНЧУ-ын гадаад харилцааны яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Монгол улс, БНЧУ-ын гадаад харилцааны яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол улс, БНЧУ-ын гадаад харилцааны яам хоорондын консулын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, БНЧУ-ын Гадаад харилцааны яам хоорондын хоёр дахь удаагийн Консулын зөвлөлдөх уулзалт Прага хотноо 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр боллоо. Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, чехийн талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Эрх зүй, консулын асуудал хариуцсан дэд сайд Мартин Смолек нар тэргүүлэн оролцсон бөгөөд хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, албан паспорттай иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, нийгмийн хамгааллын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах болон хөдөлмөр эрхлэх виз олголтын асуудлаар санал солилцож ярилцлаа.

Энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг Улаанбаатар хотноо нээгдэх Визийн төвд, урт хугацааны болон хөдөлмөр эрхлэх визийн мэдүүлгийг ЭСЯ-нд авах болсон тухайгаа чехийн тал мэдэгдсэн бөгөөд ингэснээр виз олгох үйл явц илүү хялбаршиж, виз хүсэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газраас баталсан журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий Чех Улсын аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсаас ажиллах хүч авахад визийн тусгай журам энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа болно.

Түүнчлэн талууд 2018 онд багтаан “Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хооронд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцсон бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар тус улсад хөдөлмөр эрхэлж байсан болон хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Дараагийн Консулын зөвлөлдөх уулзалтыг ирэх 2019 онд Улаанбаатар хотноо хийхээр талууд тохиролцсон бөгөөд өнгөрөгч 8 дугаар сарын байдлаар БНЧУ-д манай улсын 8677 иргэн оршин сууж байна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж