Багш нар ажил хаялтаа зогсоов. Баяр хүргэх ёстой юу. Ажил хаясан багш ажил хаяагүй багш нартайгаа яаж уулзаж, мөнгөнд шавийнхаа ирээдүйгээс илүү хайртай багш сурагчтайгаа хэрхэн учирч байгаа “халуухан” мөчийг харах таашаалтай ч хэрэг биш. Монголын багш нар бүгдээрээ ажил хаясан хэрэг биш боловч энэ удаагийн ажил хаялт багш болгонд хамаатай. Ажил хаялтын дүнд ирэх онд багш нарын цалинг 20 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр болж “ялалт” байгууллаа. Уг нь Засгийн газраас 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулж найм орчим хувиар уялдуулах байсныг үргэлжилсэн ажил хаялтын дүнд 20 орчим хувьд хүргэхээр болов. Яг ялалт мэт санагдаж байгаа биз. Гэвч эдийн засаг халах эхний шинж тэмдгүүд илэрч буй энэ өдрүүдэд энэ ялалт эгэл багшийн өрх гэрт инфляцийн ачаалал үүрч ирнэ. Нүдэн дээр илт нэмэгдэх инфляцийн ачаалал, хүлээлт нь нүдэнд үл харагдах байдлаар хэрхэн өрнөдгийг цалингаа нэмүүлэхийн тулд ажил хаясан багш нар маань бүрэн дүүрэн мэдэж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувьд өнөөгийн удирдлагууд нь “эрх барьж” байгаа хугацаандаа гишүүдийнхээ төлөө юу хийсэн, хэдэн удаа цалин нэмүүлсэн, нийтлэг эрх ашгийнх нь төлөө ямар алхсан зэргээ гишүүдээрээ дүгнүүлж улиран ажиллах эсэхээ шийддэг. Тиймээс энэ удаагийн ажил хаялтыг зохион байгуулсны дүнд тэд гишүүдээсээ “Онц” дүн авах нь маргаангүй биз ээ.
Үнэн хэрэгтээ Засгийн газар яагаад “инфляцийн түвшинтэй уялдуулж ойролцоогоор найман хувь” гэж хэлээд байсныг ирэх өдрүүд бодитойгоор харуулах нь дамжиггүй.
Энэ удаагийн ажил хаялтын хохирогчид нь зөвхөн арван өдрийн хичээл завсардсан 80 гаруй сургууль, 27 цэцэрлэгийн сурагчид ч биш, нийгэмд үзүүлж буй жишиг, эдийн засагт үзүүлэх сөрөг дагаврын хувьд дэндүү “хүртээмжтэй”. Тэр хэрээрээ аюултай. Монголд өргүй өрх нь төрийн албан хаагчийнх л байна гэнэ. Төрийн албан хаагчдынх дотроо багш нар л маш бага цалин аваад байсныг, энэ удаагийн ажил хаялтаар цалингийн зөрүүг арилгасан гэцгээж байна.
Гэтэл өнөөдрийн байдлаар нийт хүн амын 31 хувь нь ядууралтай байна гэсэн статистик тоо баримт байдаг. Ядуурлын гол шалтгаан нь өрийн дарамт. Өрийн дарамтад ороод байгаа гол хүчин зүйл нь ипотекийн зээл. “Багшгүй айл”-д ипотекийн зээл байдаг гэдгийг тэд ойлгохыг ч хүссэнгүй.
Монголын өрхийн өр сүүлийн таван жилд хоёр дахин өсч, өрхийн өр өсөхийн хэрээр макро шоконд өртөх эмзэг байдал нэмэгдэж, санхүүгийн тогтвортой байдалд аюул занал учраад байна. Энэ бол багш нар бага цалин авдаг учраас ипотекийн зээлээ төлж чадахгүй байна гэдгээс тэс өөр хүрээг хамарсан эрх ашиг байгаа биз. Цалин, тэтгэврийн зээл 2017 онд 40 хувиар өссөн. Энэ бол Засгийн газар сайн ажилласных биш, эдийн засагт аюулын харанга дэлдэж байгаагийнх. Орлого бага байна. Өрхийн орлогыг нэмэхийн тулд зоригтой арга хэмжээ авахгүй бол цалин, тэтгэврийн зээлийн энэ өндөр дүн багасахгүй.
Төлбөрийн чадваргүй төгрөгөөр яах юм бэ. Төлбөрийн чадвар гэдэг маань бидний мэдэх, мэдэхгүй Инфляци. Гэтэл үүнтэй хамааралтай цалин нэмье гэхээр хамааралгүй нэмүүлнэ гэсээр учрыг нь ч ололгүй ямар ч байсан 20 хувь хүртэл нэмэгдүүлнэ гээд зарлачихлаа. Хүн хүссэнээ сонсдог. Тэгвэл “Цалин 20 хувь нэмэгдэх нь” л гэж сонсоно. Хэн сонсоно гээч. Багш нарын гэр бүлийн хоолны ширээн дээрх бүх зүйлийг нийлүүлэгчид, тэдний гэр бүлийн машины хэрэглэдэг шатахууны л үнэ нэмэгдэх үү. Үгүй, нийтээрээ нэмэгдэнэ. Багш нар Монгол төгрөг хэрэглэдэг. Багш нарын цалинг нэмэхэд төгрөгийн чадвар буурлаа, тэр төгрөгийг Монгол орон даяар хэрэглэж байгаа гээд бодохоор Үйлдвэрчний эвлэл ялсан байна уу, ялагдсан байна уу.
Одоо яах вэ. Багш нарын үйлдвэрчний эвлэл дахин жагсаад, эсвэл ажил хаяад “Төгрөгийн төлбөрийн чадварыг нэмэгдүүл” гэж шаардах уу. Аль эсвэл мөнгө хэвлэхийг шаардаж Монголбанкны өмнө суулт хийх үү. Нэг иймэрхүү ялалт, ялагдал Монголын Засгийн газар ба Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын өмнө өрнөөд өнгөрлөө. Үйл явдал “дууссан”. Санасандаа хүрч цалин нэмүүлсэн. Цаашаа яаж амьдрах вэ гэдгээ даанч бодсонгүй.
Сүүлийн 20 гаруй жилд хамгийн удаан хугацаанд Сангийн сайдаар ажилласан Ч.Улааны “Нэг хувийн инфляци ч иргэдэд дарамт учруулдаг” гэснийг, одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын “Инфляцийн түвшнээс илүү хувиар, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулахгүйгээр нэмбэл эдийн засагт үзүүлэх сөрөг үр нөлөө нь их болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өр тавьж цалин нэмнэ л гэсэн үг. Өр ямар хэмжээний дарамт учруулдгийг бид өөрсдөө мэдэж байгаа шүү дээ” гэж учирласныг “Цалингийн төлөөх тулаанд ялагсад”, иргэдийнхээ сурах эрхийг олж өгөхийн тулд төгрөгийн ханшийг унагахаас өөр арга олоогүй Засгийн газар хаана хаанаа бодох л хэрэгтэй. Түүхэнд кэйс болж үлдэх ийм шийдлийнхээ хариуд ТӨР “Ажил хаялтаа түр зогсоолоо” гэдэг тайлбарыг л сонсч үлдлээ шүү. Харин төгрөгийн чадварыг бууруулсныхаа хариуцлагыг хэн нь хүлээх вэ.