"13 настай охид биеэ үнэлж байна"

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

"13 настай охид биеэ үнэлж байна"

“Хүйсийн тэгш эрх” төвийн тэргүүн Г.Ганбаясахтай хүний худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн асуудлаар ярилцлаа.


-Монголд хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Хүн худалдаалах гэмт хэргийг хүмүүс нэг биеэ үнэлэгчийн асуудал мэтээр хардаг. Хүн худалдаалах гэмт хэрэг гэдэг үндсэн гурван шинжийг агуулдаг. Хүний биеийг хүчээр үнэлүүлэх, боолчлох, албадан хөдөлмөр эрхлүүлэх, цус эд эрхтнийг авах гэх мэт. Дэлхийн бусад улс оронд хүний наймааг зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үдэг. Манай төв 2002 оноос хойш 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлсэн. Эдгээрээс 700 нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж, тэдний 400 орчмыг нь гадаадын найман улсаас эх оронд нь авчирсан байна. Хохирогчдийн 95 хувь нь эцсийн мөчид очих хүртлээ өөрийгөө хүний наймааны хохирогч болсноо мэддэггүй. Хэн ч ямар ч тохиолдолд би чиний биеийг хүчээр үнэлүүлээд паспортыг чинь хураана чи надад мөнгө төлнө гэвэл итгээд дагаад явах хүн байхгүй шүү дээ. Зарим тохиолдолд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдэд гадагшаа их мөнгө олох санал тавьсан байдаг.

-Малайзад биеэ үнэлдэг гэх дөрвөн эмэгтэйг баривчилсан талаар мэдээлэл цацагдах боллоо? Эдгээр хүүхний талаар танд ямар мэдээлэл байна вэ?

-Яг хохирогчидтой холбогдоогүй болохоор нөхцөл байдлын талаар хэлж мэдэхгүй байна. Өмнөх туршлагаас харахад 10 гаруй жилийн хугацаанд Малайз улсаас таван хохирогч авчирсан. Ингэхдээ 2008 онд таван хохирогчийг авчраад хуулийн байгууллагаар гэмт этгээдэд ял оноохыг хүссэн. Тэгтэл уг хэрэг 18 удаа шүүх хурлаар орж 2012 онд шийдвэрлэгдсэн. Тухайн эмэгтэйчүүдийг бүгдийг нь өөр замаар Малайзад авчирсан байсан. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр 40 орчим хохирогч тухайн үед байсан. Ерөнхий нийтлэг тохиолдлоос харвал хохирогчид нийгмийн зүгээс ирж буй доромжлол, айдсаас болоод өөрийгөө ил гаргаж хуулийн байгууллагад хандахаас цааргалдаг.

-Хүний наймааны гэмт хэрэг ихэслээ гээд байгаа. Яг ихэссэн гэх тоо баримт байна уу?

-Манай төв 2002 оноос эхлэн ажиллахдаа 2400 кейс дээр ажилласан. Үүний 700 гаруй нь хүний наймааны хохирогч бусад нь хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг үйлдлүүд байсан. Хууль эрх зүйн хувьд манай улс 1996 онд эрүүгийн хуульд тусгасан. 2008 оныг хүртэл хүний наймаатай холбоотой хоёр хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэтэл энэ хугацаанд 25 гэмт хэрэгт 127 хохирогч хуулийн байгууллагад хандсан байдаг. 2008 оны хоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл шүүхээр 100 гаруй хохирогчтой 40 гэмт хэрэг шийдэгдсэн байна. Үүнээс харахад хууль эрх зүйн орчин сайжирсан.  Сүүлийн хоёр жилд хүн худалдаалах 16 гэмт хэрэг гарсан боловч нэг ч хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй. Манай байгууллагад жилдээ 50 орчим хүн хүний наймааны хохирогч болчихлоо гэж ханддаг.

-Хүний наймааны хохирогч болсон хэчнээн үйлдэл дээр ажилласан бэ?

-Нийтлэг асуудал юу байна гэхээр дотооддоо насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг бүлэг хүмүүс бий болчихсон байна. Дээрээс нь хилийн чанадад 18-30 насныхныг аваачиж хүчээр биеийг үнэлүүлэх асуудал түгээмэл байна. Хоёрдугаарт хөдөлмөрийн мөлжлөгийн асуудал байгаа. Манайхан биеэ үнэлэлтийг эмэгтэйчүүдийн асуудал мэтээр хардаг. Охид самуурвал үндэстэн мөхнө гэдэг. Тэгтэл эсрэгээрээ  эрэлтийг хэн бий болгоод байна вэ гэдгийг бодох ёстой. Өнөөдөр хамгийн доод тал нь 13 настай охид биеэ үнэлж байна шүү дээ. Тэгэхээр эрэлтийг таслан зогсоох хэрэгтэй. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл хуулийн дагуу ийм шийтгэл авах юм байна гэдгийг толгойд нь суулгах хэрэгтэй.

-Жилд хэдэн хүн хүний наймааны хохирогч болж байна вэ?

-Манай төвд жилд 40-50 хүн энэ чиглэлээр хандаж байна. Хүний наймааны хохирогчийг тархцаар нь судалдаг. Ази Номхон далайн оронд гурав, бусад оронд 1.8 хувийн тархацтай гэж үздэг. Үүнээс харахад Монголд 6000-8000 хүн хүний наймааны хохирогч болсон байх магадлалтай.

– Хүний наймааны хохирогч болохоос урьтаад хэрхэн яаж сэргийлэх вэ?

Хүний наймааны хохирогчид ихэвчлэн хилийн чанадад, эсвэл дотоодоо хохирогч болсон байдаг. Хэрэв дотооддоо энэ гэмт хэргийн хохирогч болох юм бол хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрэв та гадаад руу сургалтаар, эсвэл ажлаар явж байгаа бол тухайн улсынхаа хууль, хэл, ямар зорилгоор явж буй гэдгээ маш сайн судлах хэрэгтэй. Тухайлбал, таны сурахаар явж буй сургуулиас албан ёсны хариу ирсэн эсэх, таныг тухайн улсад очиход ямар хүн тосох зэрэг асуудлыг сайтар нягтлах шаардлагатай. Гуравдугаарт, бичиг баримтаа хэзээ ч танихгүй хүнд өгч болохгүй. Эдгээрийг мэдсэн байхад та өөрийгөө хохирогч болохоос хамгаалж чадна.

-Өвөр Монголд дөрвөн жил гаруй бэлгийн мөлжлөгт өртсөн эмэгтэй эх орондоо наадмын өмнө ирсэн гэсэн мэдээлэл бий. Энэ асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн үү.

-Өвөр Монголын нутагт хүний наймаанд өртсөн байж болзошгүй гэх 26 настай бүсгүйн мэдээлэл манай төвд наадмын өмнөхөн ирсэн юм. Хуулийн байгууллагад хандсан гэдэгт бид итгэлтэй байна. Манай төвд долдугаар сард хандсан боловч түүнээс хойш холбоогүй байгаа. Бүсгүй гэрлэхээсээ өмнө хоёр жил гаруй бэлгийн мөлжлөгт орсон байсан. Одоогийн байдлаар сэтгэл санааны хямралтай, бие давхар байгаа гэсэн сураг дуулдсан. Хэрвээ ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол асуудлаа айж ичих бус бидэнтэй хамтарч ажиллавал дараачийн олон хүнийг энэ гэмт хэргээс сэргийлж чадна. Нөгөө талаар таны эргэн тойрны хэн нэгэн гэрээсээ яваад удчихсан, эсвэл хаашаа явсан нь мэдэгдэхгүй байвал та эргэж нэг хараад заавал шалгаарай.

 

 

Э.АРИУН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж