80 жилийн өмнөх түүхт хар өдрийг 80 саяар цайруулна

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

80 жилийн өмнөх түүхт хар өдрийг 80 саяар цайруулна

80 жилийн өмнөх түүхт хар өдрийг 80 саяар цайруулна

“Ньюс агентлаг” УИХ-аар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг ‘Хууль төрсний дараа’ буландаа тоймлон хүргэж байна.

Эдүгээгээс 80 жилийн өмнө түүхэндээ хамгийн олон хүн буюу тухайн үеийн Монгол Улсын нийт хүн амын таваас илүү хувь нь цуст аллагын золиос болж, харгис хэрцгий яргалалд өртөн хорвоог орхисон юм. Энэ бол улстөрийн хэлмэгдүүлэлт.

1939-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт  36 мянга гаруй хүн хэлмэгдсэнээс 30 мянга орчим нь цагаатгагдсан. Үлдсэн 5400 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгааг тагнуулын байгууллагын гаргасан бүрэн бус мэдээллээс харж болно. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэг материалыг хянан шалгаж цагаатгах ажлыг хийх ёстой. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болоод байсан. Тэгвэл Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  батлагдсанаар 2020 оны эцэс хүртэлх хоёр жилийн хугацаанд өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 18558 иргэнд 19 тэрбум 820 сая төгрөг олгож, амьд байгаа хэлмэгдэгсэд болон тэдний эхнэр, нөхөр болох нийт 153 хүнд орон сууц, 208 хүнд орон сууцтай дүйцэхүйц хэмжээний нөхөн олговор олгож байжээ.

Хэлмэгдэлд зөвхөн тухайн хүн өөрөө өртөөд зогсоогүй биеийн болон эд хөрөнгө, сэтгэл оюун санааны залхаан цээрлүүлэлтийг хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхэд, удам хойч үед нь халдаан хэрэглэснээрээ түүний уршиг, үр дагавар хэмжээлшгүй их байсан юм.

Хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд өнчрөл хагацал, өлсгөлөн, хавчлага гадуурхалт гээд өөрсдийн биеэндээ ахадсан хүнд зовлонг туулж, бие сэтгэлийн мөнхийн айдас, түгшүүр, дарамт хавчлагын дунд ид сурч боловсрох, хийж бүтээх насаа илээсэн. Тэр үед бага насандаа хүчирхийлэлд автаж, аврал эрэх ч эрхгүй доромжлогдсон тохиолдол ч цөөнгүй байсан гэдэг. Энэ их зовлонг нь хожуу ч гэсэн нимгэлэхийн тулд төр нөхөн олговор олгодог болсон.

Уг хуульд оруулсан өөрчлөлтөөр “цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчид 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөг олгох нь зүйтэй” гэж  тусгасан. Одоогийн мөрдөгдөж байгаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар нөхөн олговроос ямар нэг суутгал, татвар хураамж авахгүй байх зохицуулалттай.

Уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг”, харин “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгох, түүнчлэн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор дуусгавар болгох эрх зүйн зохицуулалт бүрдэж байгаа юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж