Х.Тэмүүжин: 64 зөвд зориггүй, бурууд тэвчээргүй л улс юм

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин: 64 зөвд зориггүй, бурууд тэвчээргүй л улс юм

Х.Тэмүүжин: 64 зөвд зориггүй, бурууд тэвчээргүй л улс юм

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


Та сүүлийн үед юу хийж байна вэ?

-Нэг, хоёр судалгаан дээр суугаад, хааяадаа лекц уншаад, завгүйхэн л байна.

-Үндсэн хуулийн цэц УИХ-ын нөхөн сонгууль товлон зарлах тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргалаа. Энэ нь өөрөө цэцэд эрх баригчид  нөлөөлсөн, нөлөөлөөгүй гэх мэтээр нийгэмд талцал үүсгээд байна л даа. Та хуульч  хүний хувьд цэцийн шийдвэрт ямар дүгнэлт хийж байна вэ?

-Энд хоёр, гурван зүйлийг ялгаж харах ёстой. Нэгд, сонгуулийн  тухай хуульд заагдсан сонгуульд нэр дэвшигч сонгуулийн жил болохоос өмнө төрийн алба хашиж байгаа бол ажлаасаа чөлөөлөгдөх заалт бий. Энэ заалт уг нь ээлжит сонгуульд зориулагдсан, түүнд үйлчлэх заалт. Хэн ч энэ жил эсвэл ирэх жил нөхөн сонгууль болох байх, би дэвших юм гэж таамгаар, тодорхойгүй нөхцөлд ажлаа өгөх гэж бодохгүй. Ухаалаг бус ийм зохицуулалт хуульд бичих ёсгүй. Ээлжит сонгуульд үйлчлэх заалтыг ашиглах байдлаар нөхөн сонгуулийг явуулахгүй гэх нь хууль зүйн гэхээс  илүүтэй улс төрийн учир шалтгаантай байна. Улс төрийн учир шалтгаан нь МАН ээлжит бус сонгуулийг өөрсдөдөө эрсдэлтэй, ашиггүй гэж үзсэнд. Ялангуяа МАН-ын дарга энэ сонгууль намын нэр хүндээс нь илүү өөрийнх нь хувийн нэр хүндэд халтай гэж үзэж буй бололтой. Эрх баригчдын хүсэхгүй байгаа нөхөн сонгууль 2020 оны ээлжит сонгуулийг тэдэнд ашиггүй зүг хөтлөх магадлал их байна. Сонгогчид өөр сонголт хийхэд бэлэн болсныг эрт мэдрүүлнэ гэдэг эрх баригчдаас гадуур, өөр, шинэ сонголт хийх итгэл, зориг иргэдэд нэмэгдэнэ гэсэн үг. Үүнээс айж, болгоомжилсон учраас ямар ч аргаар хамаагүй нөхөн сонгууль явуулахгүй байх, хойшлуулах ёстой гэж эрх дархтнууд тохирсон бололтой. Энэ тохироонд нь Үндсэн хуулийн цэц гар хөл болж оролцон, асуудлыг нь шийдэж өгч байгаа нь хамгийн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Ер нь бол Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн манаач байхаас илүү Үндсэн хуулиас хулгай хийдэг, Үндсэн хуулийн үзэл санааг үгүй хийхэд тусалдаг, шийдвэр гаргахдаа улс төр, хуулийн өндөр албан тушаалтнууд, санхүү, бизнесийн бүлэглэлийн захиалга, үүрэг, даалгаврыг биелүүлдэг гэх шүүмжлэл хоосон биш гэх ээлжит нотолгоо энэ удаагийн нөхөн сонгуулийн тогтоолыг хүчингүйд тооцсон явдал болж байх шиг. Зарим нэг улс төрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллага хэлж, бичиж байгаачлан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээлэл Цэцэд гаргасан хүн нь Ерөнхий сайдтай холбоотой гэдэг үнэн бол энэ нь өөрөө төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсантай адил Үндсэн хуулийн эсрэг үйлдэл. Харамсалтай нь, Үндсэн хуулийг манах үүрэгтэй цэцийн гишүүд энэ Үндсэн хуулийн бус үйлдэлд тусалж, гардан хэрэгжүүлж байгаа нь хамгийн том гамшиг юм даа.

-УИХ-ын гишүүд нөхөн сонгууль товлох тогтоол Үндсэн хууль зөрчиж байгаа гэдгийг мэдээгүй баталсан гэсэн үг үү. Энэ нь өөрөө 65-ын бүлэг, хууль тогтоох дээд байгууллагын чадамжийг шалгачхав уу гэж харах хүмүүс байна?

– Энэ бол УИХ-ын алдааны тухай ойлголт биш. Ээлжит сонгуульд барьдаг зарчмыг ээлжит бус сонгуулийн үед адил баримтална гэх тайлбараар Үндсэн хууль зөрчсөн болгон харагдуулж шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн ээлжит бантан. Нэг хэсэг иргэдийг төлөөлөлгүй, сонгох эрхгүй байлгах агуулгатай шийдвэр гаргах нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг, нөгөө талаас Үндсэн хуульд байгаа ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулж төрийн эрхийг барина гэх ардчиллын суурийг үгүйсгэж байгаа юм.

Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Гэхдээ сүүлийн үед цэцэд итгэх итгэл нь алдраад байх шиг. Ялангуяа намын захиалгаар цэцийн гишүүдийг томилж байгаатай холбоотой болов уу?

-Сүүлд хийгдсэн цэцийн гишүүдийн томилгооноос их тод харагдсан шүү дээ. Хууль зүйн болон улс төрийн өндөр мэргэшилтэй гэдгийг бүр илт гуйвуулаад, сүүлдээ үг үсгээр тоглоод өөрсдийнхөө зангаагаар хөдөлж, гар хөлийн үзүүрт зүтгэх хүмүүсийг ил цагаан зүтгүүлж, томилж байна. Энэ бол цэц бие даасан байдлаар, Үндсэн хуулийн үзэл санаанд үнэнчээр асуудлыг шийднэ гэхээс илүү томилсон эзнийхээ үүрэг даалгавраар, тэдэнд ашигтай, Үндсэн хуульд харш, улс оронд хорлонтой шийдвэр гаргана гэсэн үг. Энэ шинэ зүйл биш. Гэхдээ өмнө нь ийм улаан цайм, увайгүй байгаагүй. Сүүлдээ хэн нэгний мөнгөний түрийвч, гарын даамал нь ил цагаанаар очдог, чадаж байхад яадаг юм гэх шахуу болчихлоо. УИХ-д хэт олон суудалтай ч дотроо хагарчихсан нөхөд өөр хоорондын зодооноо төр арилжиж, албан тушаал наймаалцах, улсаа худалдах замаар шийдэх гэж оролддог болох шив дээ. Худалдаж болох бүх зүйлийг худалдаж, тохирч болох бүх зүйлийг тохиролцох гэж оролдож байгаа нь Үндсэн хуулийг хүртэл үгүй хийхэд хүргэнэ. Хууль, зарчим, хөгжил дэвшил,  зөв зүйтэй зүйлийн тухай яриа огт гарахгүй харин эсрэгээрээ нурааж, гацааж, эндээс хэн ашиг олж, эрх мэдэлтэй болох, хэн нь цаашид тохиролцож хожоо олж авах вэ гэдэг “панзчин зангаар” асуудлыг шийдэх гэж оролдож байна. Тэр нь цэцийг дампууруулж, нөгөө талдаа улс төрийг дүрэмгүй, зэрлэг балмад, увайгүй болгох шинжтэй. Үүний цаана хэн нөлөөтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй тэгээд худалч, увайгүй нь ялагч болсоор, бас ялаад дуусах биз. Богдын бошгод нэг ийм үг явдаг даа. “Хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй” гэж. Ийм гаж цагийн сүүдэр, буруу хандлага Монголыг нөмрөөд авчихлаа. Заримдаа боддог юм. Нээрээ л цөвүүн цаг ирэхэд:

Өнгө мөнгө хавчиж хууль үгүй болно
Хавар намар хавчиж зун үгүй болно
Худал хурц хэлтнээ цэцэн мэргэнд тооцож
Хилэнцэт муу хүнийг баатар мэт өргөмжилнө
Номтой хүн нохойноос дор үзэгдэж
Ёст хүн хог шүүрдэж, ёрт хүн хоймор заларна гэдэг нь энэ юм болов уу гэж.

-Хандлагыг өөрчлөх гарц нь юу юм бэ?

-Соёлын хувьсгал гэдэг шиг нийтийг хамарсан “Хандлагын хувьсгал” хийх хэрэгтэй байх. Сэтгэх арга барилын л өөрчлөлт юм даа. Суурь шинжтэй нийтийн ийм өөрчлөлтийг урт хугацаандаа боловсролоор л хийдэг. Богино хугацаанд зарим хүмүүсийн хэлж буйчлан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж, хариуцлагагүй, увайгүй  байдлыг арилгана гэж ярих ч энэ муу муухай зүйлийн шууд тусгал, бараг охь нь гэж хэлж болох УИХ дахь 64 Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь битгий хэл өөрсдийнхөө дотоод талцал хэрүүл, идэж уух шуналынхаа учрыг олж чадахгүй байх. Нөгөө талдаа Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтүүдийг нь харж байхад асуудлаа оносон, гажуудсан тогтолцоогоо засах хэмжээний өөрчлөлт санал болгож чадахааргүй байна. Зүгээр  л эрх мэдэл дээрээ яаж тэсч үлдэх вэ, улс орны хөгжил гэхээс илүү өөрсдийнхөө бүлэглэл, фракцын асуудлаа шийдээд, хувааж идэхээ цааш яаж үргэлжлүүлэх вэ гэдгээ бодоод байх шиг.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж сүүлийн хэд хэдэн удаагийн парламент идэвхтэй ажиллаж байсан ч энэ удаа МАН-ынхан нэлээд эрчимтэй ажиллаж байх шиг байна. Нэмэлт өөрчлөлтүүдийг харж, дүгнэлт хийж байна уу. Нэг нам олонх байх үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу гэсэн шүүмжлэлийг жижиг намууд хэлдэг л дээ?

-Нэг нам олонх байх гэхээс илүүтэйгээр УИХ-д, парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний олонхтой байх гэдгээс нь харвал ховор тохиол. Ийм ховор боломжтой үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал уул нь сайн. Гэхдээ асуудал байна. Асуудал юунд байна гэхээр 60 тэрбумын үр дүнгээр бий болсон УИХ, төр наймаалж мөнгө олж, тэгж олсон мөнгөнийхөө хүчээр хийж болох бүгдийг хийж хэт олонх болсон 65, одоо 64 болчихсон. Энэ 64-өөс эрүүл саруул зарчим, ёс зүй гарах уу? Харин эсрэгээрээ “амташсан хэрээ 13 дахина” гэдэг шиг сонгуульд зарсан мөнгөө олох, хандивлагчдадаа өрөө төлөх, дараагийн сонгуульд ахиад бүгдийг худалдаад авчихна гэсэн адын бодлоо гүйцэлдүүлэх шуналдаа хөтлөгдөх үү? Тэд Үндсэн хуулийн зөв өөрчлөлт, улс орны зөв хөгжил дэвшлийн тухай ярихаасаа илүүтэй төрөөс хулгайлж болох бүх зүйлээ булаацалдсан хэрүүлтэй л байна. Зөвд зориггүй, бурууд тэвчээргүй л улс юм. Засгийн газар нь эмзэг, УИХ нь ойлгомжгүй байхад МАН тогтолцооны гажгийг өөрчилнө гэдэг юу л бол.

-Хэт олонх буюу 65-уулаа болгоход нь АН ч гэсэн буруутай байх. Өмнөх парламентын үед олонх байхдаа бас л МАН шиг зөрчил ихтэй байсан?

-Мэдээж манай нам 2012-2016 онд төгс төгөлдөр байгаагүй. Засгийн газраа  унагаж, нэгнийгээ шоронд хийж, хэн хүчтэй эрх мэдэлтэй хэсэг нь бусдыгаа өөрийнхөө үгээр байлгах гэж оролдоод, үгэнд орохгүй хэсгийгээ улс төрөөс зайлуулна гээд янз бүрийн л юм болсон, үнэн. Энэ бүхний дүнд 2012-2016 онд хийсэн бүх дэвшилтэй зүйлүүд нь баллуурдагдаад, засаглаж чаддаггүй, хоорондоо талцдаг, бизнесүүдийг тонодог, шоронжуулдаг гэсэн үг ардын намынхны амны уншлага болоод л энэ 65 гарч ирсэн. Гэхдээ эргээд харахад намыг хагалж, унагаж байсан хүмүүс буцаад л аль нам эрх барьж байгаагаас үл шалтгаалаад эрх мэдэл, мөнгөний амсар дээр дараагийн идэх юмаа яриад л сууж байна. Тэгэхээр Ардчилсан намын буруу гэхээсээ нам дамжиж тоглодог, хагарал хуваагдлаас хожоо олдог, дэнгийн эрвээхэй шиг эрх мэдэл тойрон нисдэгүүдийн хорлол аль аль намд бий. Одоо ч хэлхээ холбоо, хамтарсан ажиллагаатай л байна. Бүхнийг мөнгөөр хэмжиж, хууль шүүхийн байгууллагаар айлгаж, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ гүтгэн харлуулж, өнгөн дээрээ нам болж талцаж, ханцуй дотроо мөнгө санхүүгээ тохирч амь зуудаг арга барил нь улам бүр төгөлдөржөөд байгаа.

-Намдаа биш гэлээ. Гэхдээ намын нэрээр тэр хүмүүс төрийн эрхийг барьж байгаа шүү дээ?

-Хариуцлагатай, ил тод үзэл баримтлалтай, бодлоготой намын тухай яриад бид 26 жил болж. Харамсалтай нь ийм нам одоог хүртэл алга. Одоо байгаа намууд нь сүлжээний бизнес, санхүүгийн пирамид шиг нэг нэгнийгээ мөлжих байдлаар эрх мэдэлд хүрэх гэж оролддог, мөнгөөр асуудлыг шийдэх гэж хичээдэг, сонгуулийн өмнө зарсан мөнгөө төсвөөс болон төрөөс буцааж авах гэж оролддог, авахын тулд төрийг хаа, гуяар нь салгадаг фракц, бүлэглэлээр хувааж авдаг л намууд байна. Энэ бол намын тухай яриа биш нь үнэн. Таны хэлж байгаачлан намын нэр ашиглан төр барьж байгаа өөр зорилготой хүмүүсийн бөөгнөрөл. Энэ бөөгнөрөл эдийн засаг, банк санхүүтэй холбоотой, хууль хүчний байгууллагатай холбоотой. Зарим үедээ тэврэлдэж, зарим үедээ уралцаж, ууж идэх зүйл дээрээ найрлаж, улс орны ирээдүйгээр тоглож байгаа. Үзэл баримтлалаа мартсан, зарчим бодлогоо гээсэн нам олз хайгч, уудаг, идээчингүүдийн оромж болох нь хурдан юм билээ. Тиймээс нам үзэл санаа, бодлого зарчмаа чанд мөрдөх, хажуугаар нь санхүүжилтээ ил тод  болгох ёстой. Намын санхүүжилтээс болоод л төрийн авлига үүсээд байгаа нь ч бас үнэн. Түүнээс гадна мөнгөтэй, хуйвалдаж чаддаг нь албан тушаал дээр очоод тэндээс мөнгө босгож эзнээ баярлуулах гэж боддог цүнх баригчдын уралдаанд намуудын боловсон хүчний бодлого нэрвэгдчихлээ. Санхүүжилт нь ил тод биш, боловсон хүчний бодлого нь “цахилгаан шатны зарчим”-аар хэнд үнэнч, хэний төлөө юу хийхэд бэлэн гэдэг шалгуураар явчихаар улс төрийн нам түрийний бөөсийг толгойд гаргадаг, төрийг дуртай нь очиж самардаг байгууллага болж хувирч байгаа юм. Иймээс энэ бүгдийг хазаарлаж намын зохион байгуулалт, дотоод ардчилал, санхүүжилт ил тод байдал зэргийг аль ч намд адил зарчмаар шаардахын тулд хуульчлахаас өөр аргагүй. Мөн улс төрийн нам олон нийтийг төлөөлөх, хөгжлийн бодлогыг тодорхойлох гэсэн хоёр чиг үүрэгтэй болохыг хүн алаад ч болсон албан тушаалд очно гэж боддог хоосон толгойнуудад яаж ойлгуулах, ойлгохгүй бол яаж холдуулах вэ гэдгийг ч бодох хэрэгтэй. Сайн туршлага, мэдлэг, судалгаа намуудаар дамжин шийдвэр гаргах түвшинд яаж очих, намыг яаж бодлогын нам болгох вэ гэдгийг бас бодохгүй бол болохгүй. Энэ өөрчлөлтүүдийг улс төрийн намын тухай хуульд багцлан оруулж, мөн Үндсэн хуульд намын хариуцлагын асуудлыг тусгахгүйгээр цааш явахгүй. МАН, АН байна уу, шинэ нам гарч ирээд ч нэмэргүй. Зарим хүмүүс их хялбарчлаад улс төрийн нам байхгүй бол энэ бүх асуудал алга болчих юм шиг бодож, ярьдаг. Улс төрийн нам байхгүй боллоо гэхэд оронд нь нэг дарангуйлагч хувь хүн, эсвэл хүчирхэг гэр бүл, нэгээ бол үндэстэн дамнасан компани л төрд гарч ирнэ. Дампуу намаас ч илүү аюултай.

Амтай хүн бүр л олигарх, бүлэглэл гэж ярьдаг. Гэхдээ тэр төрд шургалсан олигарх, бүлэглэл гэдэг нь яг хэн юм бэ. Хэн ч нэрлэдэггүй. Эсвэл энэ төрд гарсан болгон олигарх юм уу?

-Манайд эдийн засгийн хувьд зэрлэг капитализм, ардчиллын хувьд хуурмаг ардчилал байгаа. Бодит байдал дээр мөнгөтэй хүн нь дуугаа захиалдаг, увайгүй худалч нь сайн улстөрч болдог гэх шахуу хуультай. Хуультай ч гэж дээ хуульгүй болчихсоны л илрэл. Хуулийг алагчилж хэрэглэх, хууль үйлчилдэг, үйлчилдэггүй ялгаатай анги давхарга үүсгэх, зарим хүмүүст хуулийн хариуцлага онилсон байдлаар хүрч, зарим хүмүүст мартагдсан түүх мэт байдаг нь энэ олигарх гэх ойлголтыг бий болоход хүргэдэг. Манайд бүх юм гажууддаг зуршлаараа төрөөс хамгийн их хулгай хийдэг, хувийнхаа  бизнесийг ил цагаан тэтгэдэг, улс төржиж хийрхдэг нөхдүүд нь “олигарх” гэдэг нэрийг өөрөөсөө бусад хүмүүст хаяглаад олон нийтийг бухимдуулчхаад, өөрсдөө ард нь сугарч, үндэсний баатар шиг царайлаад байгаа нь сонин шүү. Сүүлдээ олигарх гэдэг нэршил нь төрд хэзээ ч ажиллаж байгаагүй, иргэдээ ажлын байраар хангаж, төрд татвараа төлсөөр байгаа бизнесүүдээ тонож, дээрэмдэх шошго болгон хувиргаж ч байх шиг. Бөмбөрцгөөс өөрөөр сэтгэнэ, Монголоо ялуулна гэдэг ч их ухааны ажил бололтой юм билээ. Тоглоомгүй хэлэхэд хэн нэгэн улстөрчийн олигарх гэж хэлснийг дагаж хашгирхаас илүү олигарх гэдэг чинь хэн билээ гэж бодож сурах нь монголчууд бидэнд хэрэгтэй байх шиг. Олигарх гэдэг нь өөрөө хувийн бизнестэй, түүнийгээ чирээд төрд шургалж, эрх мэдлийн тусламжтайгаар хувийн хөрөнгөө аривжуулж, баялаг бүтээгчдээсээ илүү тансаг амьдарч, банканд хүү төлөх биш төсвөөс хулгай хийдэг хүмүүсийг л хэлдэг. Энэ шинжээр нь харвал нэрс нь ойлгомжтой болно. Одоо ч поп, олигарх хоёр нь холилдоод олон өнгөтэй боллоо доо. Сайхан сонсогдох ч хэзээ ч биелэхгүй, улс оронд хорлонтой тийм санал санаачилгуудыг олон нийт рүү гаргаж, өөрсдөө од болох гэж оролддог поп нөхдийн түрэмгийлэлд улс орон толгойгоо алдчих шив.

-Поп гэснээс манайд АТГ гэх байгууллага бий. Оффшорчидтой, төрөөс хулгай хийсэн хүмүүстэй тэмцэж, хорьж цагдаад байна гэдэг. Гэхдээ олон нийтийн зүгээс АТГ том загас барьдаггүй, улстөрчдийн захиалгаар хөдөллөө гэх мэтээр олон янзаар л дүгнэдэг. Та хууль зүйн сайд байхдаа хэд хэдэн өөрчлөлтүүд хийж байсан ч МАН-ын засаг гарч ирээд бүгдийг нь өөрчилсөн. Энэ бүхэнд дүгнэлт хийж л суугаа байх?

-2004-2008 оны УИХ-ын үед АТГ байгуулагдсан. Би тухайн үед багш байсан. АТГ-ыг байгуулсан хуулийг тухайн үед нь Үндсэн хуулийн цэцэд өгч байсан юм. АТГ Үндсэн хуулийн бус байгууллага байна гэж. Үндсэн хуульд Ерөнхийлөгч болон УИХ ямар эрх мэдэлтэй байх нь маш тодорхой заагдсан төдийгүй, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг Засгийн газрын чиг үүрэг болох тухай тодорхой заалттай байдаг. Гэтэл авлигатай тэмцэх байгууллага хоёр чиг үүрэг бүхий байгуулахдаа нэг талаас төрийн албаны зөвлөлийн чиг үүрэгтэй давхацсан мэт олон нийтийг соён гэгээрүүлэх, төрийн албаны ёс зүйд парламентын хяналтыг хэрэгжүүлэх маягтай. Нөгөө талаас авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрхэлснээрээ гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх мэт. АТГ-ын соён гэгээрүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ажиллаж, олон нийтэд нөлөөлөх ажил хийх зорилгоор төсвөөс багагүй мөнгө авдаг. Харамсалтай нь, энэ их мөнгө, түүнийг ашиглан хэвлэл мэдээллийн байгууллагуудад тогтоосон харилцаагаа ашиглаад АТГ хэвлэлээр улс төрийн пи-ар хийдэг, нэр хоч өгч гутаадаг, дээрээс өгөгдсөн чиглэлийн дагуу хувь улстөрчдийг захиалгаар намнадаг, хуулийн нэрээр залхаан цээрлүүлдэг агент маягтай болж хувирсан даа. Уул нь ийм зөрчил бүхий бүтэц үүсгэхгүйн тулд Үндсэн хуулиар эрх мэдэл хуваарилдаг юм. Харамсалтай нь, тухайн үед Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат маргаан үүсгэсэн ч, яасан мэдэгдэхгүй замхруулаад алга болгосон. 2012-2014 онд би Хууль зүйн сайд байхдаа УИХ-д Мөрдөх албаны тухай хуулийг өргөн барьж байсан. Уг хууль нь улс дамнасан, зохион байгуулалттай, хар тамхи, хүн хулгайлах, мөнгө угаах, авлига болон цахим гэмт хэрэг зэрэг хэргүүдийг мөрдөн шалгадаг тусгай байгууллага байгуулах байсан. Энэ хууль батлагдсаны дараах хоёр дахь үе шат нь Тагнуулын болон АТГ-ын мөрдөх чиг үүргийг Мөрдөх алба руу шилжүүлэх зорилготой байсан. Үүнийг мэдээд хамгийн түрүүнд эсрэг реакци үзүүлж, мөрдөх албаны хуулийг эсэргүүцэх зохион байгуулалтыг тухайн үеийн АТГ, Тагнуулын ерөнхий газар хийсэн. Үндсэндээ энэ хууль Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох нэг том шалтгаан болсон. Яагаад гэвэл АТГ-ын мөрдөн шалгах чиг үүргийг шилжүүлнэ гэдэг Н.Алтанхуягийн олон дахин хэлээд байгаа хонгилын тогтолцоог нурааж УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчид очсон өрсөлдөгч улстөрчдөө гутааж, харлуулдаг, айлгаж үгээрээ байлгах гэж оролддог гол зэвсгийг нь алга болгоно гэсэн үг байсан юм.

Таны үед баталсан зарим хууль, байгуулсан байгууллагын бүтцийг бүгдийг нь болиулсан. Жишээлбэл, Тахарын албыг ямар ч хэрэггүй гээд татан буулгасан?

-Мөрдөх албаны тухай хуулийг батлаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Хууль сахиулах ажиллагааны тухай хуулиудыг арай гэж нэг баталсан ч, сонгуулийн дараа МАН нэн даруй хуулиудыг алга болгосон. Бидний үед  бий болгосон гэрч хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоо, түүнийг тусгайлан хэрэгжүүлдэг мэргэжлийн алба болох Тахарын албыг устгасан. Гэрч хохирогчийг хамгаалахад хамгийн их айдастай бөгөөд цочирддог хүмүүс бол авлигачид юм билээ. Өөрийнх нь увайгүй үйлдэл илчлэгдчих вий, хэн нэгэн гэрчлэх гэрч, хохирч гараад ирэх вий, тэр нь тэгээд хуулийн хамгаалалд ороод өөрийг нь шүүхийн өмнө дуудчих вий гэдгээс сүнсээ зайлтал айдаг юм билээ. Гэрч, хохирогчийн хамгаалалтыг үгүй хийнэ гэдэг нь тэд дураараа гэрчид нөлөөлж, хохирогчийг айлгаж, шүүхээс холуур байж болно, хуулиас ангид дур зоргоороо ажиллаж чадна гэдгийнх нь баталгаа болдог бололтой юм. Үндсэн хуульд байгаа шударга шүүх гэдгийн хамгийн гол амин сүнс нь гэрч нь аюулгүй, хохирогч нь хамгаалалтад байх юм ш дээ. Гэрч нь аюултай нөхцөлд амнаас нь гарч байгаа үг бүрийг гэмт хэрэгтнүүд өөрсдөдөө тааруулж засч болдог. Тэгэхээр Тахарын албыг  татан буулгана гэдэг бол 60 тэрбумынхны хийх нэн тэргүүний ажил. Төр зарж босгосон мөнгө, төсвөөс хугасалж олсон хөрөнгө, түүгээрээ худалдан авсан албан тушаал гээд хийсэн муу бүхэн нь гэрчлэх гэрчгүй байна гэдэг бол авлигачид айдасгүй байна гэсэн үг.

-Өнгөрсөн онд Зөрчлийн тухай хуулийг баталсан. Энэ хууль бол маш энэрэнгүй болсон гэж эрх баригчид хамгаалдаг. Гэхдээ хууль хэрэгжээд амьдрал дээр энэ хууль илүү их зөрчил үүсгэж байна гэж хүмүүс шүүмжилж байна. Та энэ хуулийг та судалсан байх?

-Хууль сахиулах ажиллагааны хуулийг алга болгож, оронд нь Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэж гаргаж ирсэн. Зөрчлийн тодорхой хэргүүд  шүүхэд очдог байсныг энэ хуулиар болиулсан. Энэ нь Үндсэн хуульд байгаа шүүхээр асуудлаа шийдүүлэх гэсэн иргэний эрхийг үгүй хийсэн. Энэ бол Зөрчил хянан шийдвэрлэх хуулийн завхрал. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийнхээ утга, зорилгыг ойлгохгүйгээр хүмүүсийн гар хөл болоод Зөрчлийн хуулийг жижиг Эрүүгийн хууль болгож батлуулсан. Иргэний шүүхээр төр иргэнээ шийтгэдэг гажуудлыг зассан байсан хуулийг өөрчлөөд огт шүүхгүйгээр төр иргэнээ шийтгэдэг тогтолцоотой болгочихсон л хүмүүс шүү дээ. Мунхгийн дуугүй үзэмжтэй гэж нэг үг байх. Мунхаг нь гишүүний тэмдэг болоод энгэрт хадагдчихсан хуулийн хулгайчдаас болоод Эрдэнэтийн 51 хувийг хулгайлчихсан нөхөд хуулийн хариуцлагагүй, ял завшаад явчихлаа. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгээс нэг ах гэдэг шиг асуудлаа мэддэггүй мөртлөө тэнэглэлээ сайхан сэтгэлээр цайруулах гэж оролдож байгаа хүмүүсийн гай дуусахгүй л байна.

-Саяхан бас Засгийн газраас Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг өөрчлөхөөр зүтгэсэн. Энэ нь хуульчдын эсэргүүцэлтэй тулгараад намжсан?

-Одоо ч ил цагаан өөрсдийнхөө ашиг сонирхлыг хууль, төрийн нэр бариад л гоё ганган үгээр халхавчлаад өөрчлөх гэж оролддог болж. Захиргааны ерөнхий хууль бол иргэн хэмжих “метр” бариад төрийн үйл ажиллагааг хэмжиж, хуулиас давсан хэтэрсэн эрх мэдэл, өөрийнх нь эрхийг зөрчсөн үйлдэл бүрийг шүүхэд өгөөд өөрийгөө болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулдаг хэрэгсэл юм. Энэ хуулийг батлуулах бас ч хялбар байгаагүй. Засгийн газарт дөрвөн удаа оруулсан ч дэмжлэг аваагүй. Тиймээс Ерөнхийлөгчөөр УИХ-д өргөн бариулж, батлуулж байсан түүхтэй. Үе үеийн Засгийн газар тэр дундаа Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэх хүмүүс энэ хуулиас айдаг. Яагаад гэвэл тэр хүмүүсийг бариултай болгодог хууль. Эрх мэдэлтнүүд чинь ард түмний өмнө бөв бөөрөнхий болчихдог, баригддаггүй. Тэгсэн хэрнээ өөрсдөө данхайлгаж, томроод өнхөрч очоод бүгдийг нь няц дарчих гээд байдаг. Иргэд тэр бөөрөнхий зүйлээс барьж аваад хууль зөрчихгүй, энэ хэмжээнээс хэтрэхгүй шүү гэдгийг нь сануулж, залж чиглүүлж байх хэрэгсэл нь Захиргааны ерөнхий хууль. Энэ хуулиар Засгийн газрыг бариултай болгож иргэдэд эрх мэдлийг өгсөн. Тэр бариулаасаа энэ Засгийн газар салж, шүүхэд дуудагдахгүй, шүүхээс гадуур ажиллаж, дураараа байх сонирхолтой байх шиг байна. Эрх мэдэлтнүүд иргэддээ хянагддаг, баригддаг байх тухай соёл, эсрэгээрээ иргэдээ барьж хянах хүсэлтэй байдаг дарангуйлагчдын шуналаас өөр.

-Тантай уулзсаных нэг зүйлийг асууя. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээнэ гэх санаачилгыг гаргаад байгаа. Бид хэдхэн жилийн өмнө цаазын ялгүй, хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж цаазын ялаас татгалзсан шүү дээ?

-Үндсэн хуулийн нэг онол бий. Төрийг, эрх мэдлийг яаж тайлбарлахаас шалтгаалж тэр төр иргэнд аюулгүй эсвэл аюултай болж хувиргадаг. Тиймээс төрийг өөрийг нь аюулгүй, иргэнд ашигтай, үйлчилдэг, түүнийг айлгахаас илүү хөгжихөд нь тусалдаг тийм тайлбаруудыг Үндсэн хуулийн онол гэдэг. Үүнд нийгмийн гэрээний, хүний жам ёсны эрхийн, Үндсэн хуулийн суурь бүтцийн гэх зэрэг онол бий. Нийгмийн гэрээний онол ёсоор бол төр гэдэг бол иргэд өөрсдийнхөө дундын асуудлыг шийдэх хүч хүрэхгүй болохоороо өөрсдийнхөө зарим эрхийг хязгаарлаж, үлдсэн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн авч үлдэх зорилгоор тодорхой жижиг эрхүүдээ нийлүүлж төрийн эрх мэдлийг үүсгэдэг тухай тайлбарладаг. Тэр үүссэн төрийн эрх мэдэл дээр иргэдийн сонголт, дэмжлэгтэйгээр зарим нэг иргэд очдог. Бусад хүнд байхгүй эрх мэдэлтэй болж байгаагийн хувьд тэр хүмүүс тодорхой эрх мэдлээ хязгаарлуулах үүрэгтэй болж байгаа тухай юм. Энэ онолын нэг чухал тайлбар нь жирийн иргэд өөрсдөдөө байхгүй, байгаагүй эрхий төрд буюу төрд ажиллаж буй тэдгээр хүмүүст шилжүүлж өгөхгүй. Жирийн иргэн хүн алах, хулгай хийх, бусдыг боолчлох эрхгүй шиг жирийн иргэнд байхгүй тэр эрхийг төр өөртөө үүсгэх ёсгүй. Иргэнд байхгүй эрхийг эдэлж төр хүн алж, хулгай хийж болохгүй. Тэдний сонголт, хүсэл зоригоор бий болсон төрд бусдыг боолчлох эрх бас байж болохгүй. Энэ бол Үндсэн хуулийн суурь онол. Энэ хуулийн хүнд хичээл биш, Үндсэн хуульт ардчилсан улсад амьдарч буй иргэний мэдэх ёстой ердийн мэдлэг. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд бүү хэл эрх чөлөөтэй  жирийн иргэний итгэж үнэмших ном, хууль нь. Хэдхэн хоногийн өмнө хэлмэгдэгчдээ хүндэтгэх өдөр тохиовоо. 30 мянган иргэнээ гадны шахалт, өөрсдийн тэнэглэлээр цаазлаад, сор болсон мэдлэг, өвлөж авсан соёл, үндэсний бахархлаа буудаж үзсэн эмгэнэлтэй түүхтэй.  Гэтэл энэ түүхээсээ сургамж авалгүй буцаад өөр хэн нэгнийг буудаж алах тухай бодоод сууж байна гэдэг, хэлэх үг алга. 1992 оны Үндсэн хууль, ардчиллын буянаар сонгогдоод, хүний эрх, хувийн өмч, зах зээлийн үр шимийг хүртсэн хүнээс гарамгүй аяг. Угтаа бол Ерөнхийлөгч Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөдөг. Үндсэн хуулийн гол амин сүнсний эсрэг оройлоод, хашхираад, орилоод явж байна гэдэг бол дараагийн Гитлер. Гитлер гараа тавьж тангаргаа өргөсөн Үндсэн хуулиа үгүй хийж дарангуйлагч болсон түүхтэй. Тархи нь фашизмаар дүүрсэн, ам нь аллагаар цангасан, гар нь дараагийн цус руугаа улайрч байгаа алуурчны хийдэг л үйлдэл.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж