Хойд Солонгосын Ражин боомтоос ОХУ-ын Владивосток боомтын хооронд ачаа тээврийн шинэ үйлчилгээ өнөөдрөөс (2018.IX.18) явж эхэллээ. ИнвестСтройТрест компани Хойд Солонгосын далбаатай 600 тоннын “Пуёнг Хуа” хөлгөөр долоо хоног бүр ачаа тээвэр эрхлэх аж. Эх сурвалжийн мэдээлснээр уг замаар гурил, мах, ургамлын тос тээвэрлэх гэнэ. Хойд Солонгосын засгийн газраас ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсаны хүрээнд шинэ чиглэл ажил хэрэг болжээ. Дотоодын бараа бүтээгдэхүүний худалдааг дэмжих зорилгоор хоёр тал Алс Дорнодын хязгаарын Приморскийн бүс нутагийг “худалдааны байшин” болгохыг зорьж байгаа аж. Энэ хүрээнд хоёр тал бараа бүтээгдэхүүний худалдаа, үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өмнө нь хуулийн маргаанаас болж Мангёнбунг хөлгөөр далайн тээвэрлэлтийн үйлчилгээг эхлүүлэх нь хойшилсон байв. Мангёнбунг хөлөг өнгөрсөн нэгдүгээр сард Владивосток боомтод нэвтрэхийг хориглож, НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хориглосон барааг зөөвөрлөсөн гэж мэдээлж байв. Харин Хойд Солонгосын албаныхан хөлгөөр малын тэжээл тээвэрлэж явсан гэж мэдэгджээ. Хөлөг онгоц хоёрдугаар сарын 2-ныг хүртэл Владивосток боомтын ойролцоо гацсан байдалтай байв.
Үүнээс гадна Хойд Солонгосын хөлөг онгоц Хятадын Далиан боомтоор бараа тээвэрлэх нь нэмэгджээ. Хойд Солонгосын хөлөг сүүлийн сард гурав дахь удаагаа Хятадын боомтод очсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр Хойд Солонгосоос 9750 тоннын Кванг Мёнг хөлгөөр Хятад руу тээвэрлэсэн бараа нь боловсруулсан нүүрс гэж ажиглагчид үзэж байна. Хойд Солонгос нь Хятад улсад 20-25 сая тонн нүүрс худалддаг томоохон ханган нийлүүлэгч. Гэвч улс төрийн шалтгаанаар Хятад улс өнгөрсөн гуравдугаар сарын 19-өөс эхлэн Хойд Солонгосын нүүрсэнд хориг тавьжээ. Хоригийг он дуустал үргэлжилнэ гэдгийг Хятадын худалдааны яам мэдэгдсэн билээ.