Ослоос сэргийлэх үзүүлэн сургалт хоёр дахь удаагаа боллоо | News.MN

Ослоос сэргийлэх үзүүлэн сургалт хоёр дахь удаагаа боллоо

Ослоос сэргийлэх үзүүлэн сургалт хоёр дахь удаагаа боллоо

Ослоос сэргийлэх үзүүлэн сургалт хоёр дахь удаагаа боллоо

Хүүхэд, залуучуудад зориулсан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэн сургалт хоёр дахь удаагаа зохион байгуулагдлаа. Өчигдөр Зам тээврийн хөгжлийн яамны урд талбайд 200 орчим хүүхэд, залуучуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэн сургалтыг танилцуулсан бол өнөөдөр /2018.09.17/ энэ арга хэмжээг нэгдүгээр сургуулийн өмнөх талбайд зохион байгуулав.

Сургалтаар автомашинд хэрхэн зорчих, хамгаалалтын бүс, хамгаалалтын суудал нь яагаад хэрэгтэй байдаг, замын хөдөлгөөнд явган зорчиж байгаа үедээ юун дээр анхаарах ёстой тухайд таниулах дөрвөн төрлийн жишээ татан үзүүлбэрийг үзүүлсэн юм. Статистик мэдээллээс харахад, улсын хэмжээнд он гарснаас хойш эхний найман сарын хугацаанд зам тээврийн ослын улмаас 27 хүүхэд нас барж, 95 хүүхэд бэртэж гэмтжээ. Энэ тоо өнгөрсөн оны үетэй харьцуулахад багассан үзүүлэлт хэдий ч бууруулах бүрэн боломжтой аж. Ослын гол шалтгааныг эцэг, эхчүүд өөрсдөө хүүхэдтэйгээ зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо буруу үлгэр дуурайлал үзүүлж, зөв оролцдоггүй, хүүхдэд зам тээврийн хөдөлгөөнд зөв, боловсон оролцох дадал, хэвшил бүрдүүлээгүйгээс аюултай нөхцөл байдал үүсгэдэг гэж байлаа.

 

АВТО ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХЛАХ ДЭСЛЭГЧ М.УЯНГА:

-Энэ сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хурал зохион байгуулсан. Хурлаар хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой бодит үзүүлэн сургалтыг зохион байгуулах тухай ажлын чиг үүрэг өгсөн. Үүний дагуу Хууль зүй дотоод хэргийн яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран хүүхэд болон насанд хүрэгчдэд зам тээврийн ослын шалтгаан, зам тээврийн ослын үед ямар бэртэл, гэмтэл авдаг болох, замын хөдөлгөөнд оролцохдоо гаргадаг буруу үйлдэл нь ямар хор уршгийг дагуулдаг, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай харуулахыг зорьсон. Хүүхдэд танхимын сургалт бус ийм төрлийн үзүүлэн сургалт нь нэн үр дүнтэй байдаг бөгөөд Япон улс тогтмол хэрэгжүүлдэг юм.

Хоёр удаагийн сургалтыг баримтат кино болгон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үзүүлж, цаашид нийслэлийн бүх сургуульд дээрхтэй ижил бодит үзүүлэн сургалт өгөхөөр зорьж байна.

С.БАЯРМАА

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж