Нутаг буцаагдах оросууд тусгай онгоцоор ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Нутаг буцаагдах оросууд тусгай онгоцоор ирнэ


Бүртгэлгүй туршуул маягаар ажиллаж байснаа хүлээсэн ОХУ-ын иргэдийг АНУ-аас буцаагдаж, тусгай онгоцоор Орост явуулна. Энэ тухай өөрийн мэдээллийн эх сурвалжаас үндэслэн ИТАР-ТАСС баасан гаригт мэдээлэв.

Агентлаг мэдэж авснаар онгоцыг АНУ-ын Засгийн газар гаргаж өгөх ба уг нислэгийг пүрэв гаригийн буюу Москвагийн цагаар баасан гаригийн өглөө эхлүүлжээ.

Мөнгө угаасан гэх хэрэгт буруутгагдсан тэднийг өмнө нь ял сонсоод өршөөгдөж байгаа оросууд: Игорь Сутягин, Сергей Скрипаль, Александр Запорожский ба Геннадий Василенко дөрвөөр солих гэнэ. Оросын ерөнхийлөгч тэр дөрвийг өршөөсөн зарлигт  гарын үсгээ зурсан байна. Тэднийг хэзээ АНУ-д дамжуулан өгөх нь бас тодорхойгүй. Өмнө нь Сутягиныг Вена хотод харагдсан гэж мэдээлсэн байсан ч тэр нь батлагдсангүй.

Сануулахад, Анна Чапман, Михаил Семенко, Майкл Зоттоли (Михаил Куцик), Патрисия Миллз (Наталия Переверзева), Вики Пелаес, Хуан Ласаро (Михаил Васенков), Ричард ба Синтия Мерфи (Владимир ба Лидия Гуриевынхан), Дональд Хитфилд (Андрей Безруков) ба Трэйси Фоули (Елена Вавилова) нарыг 2010 оны зургадугаар сарын 27-нд баривчилсан юм. Тагнуул хийсэн гэх ялыг тэдэнд өгөөгүй бөгөөд хэдэн жил нууцаар ажиллахдаа тэд Оросын тусгай албанд үнэтэй цэнэтэй, нууц мэдээллийг дамжуулж чадаагүй гэж шүүх үзжээ.

“Оросын 10 туршуул” гэх тэднийг долдугаар сарын 8-нд шүүсэн байна. Тэд зарим нэг гэм буруугаа хүлээсэн учир шүүх тэдний мөнгө угаасан гэх ялыг хэрэгсэхгүй болгоод  баривчлан саатуулагдсан хугацаагаар нь “туршуулуудыг” шийтгэжээ. Хоригдох хугацаа нь төгссөн учир оросуудыг нэн даруй нутаг буцаах шийдвэрийг шүүх өгсөн байна. Харин тэдний хүүхдүүд эцэг эхийнх нь хүслийн дагуу болон хуульд зааснаар дуртай цагтаа АНУ-ыг орхин гарч болно гэж АНУ-ын засаг захиргааны өндөр тушаалтан төлөөлөгчийн үгнээс иш татан РИА Новости агентлаг мэдээлэв. Үүний зэрэгцээ Вика Пелаесийн өмгөөлөгч хэлснээр Оросын эрх баригчид түүний хүүхдүүдэд виз олгох бөгөөд Пелаес Оросоос дуртай орондоо гарч болно. Мөн тэрээр сар бүр 2000 ам.долларын тэтгэвэрийг насан турш авах ажээ.

Америкийн шүүхийн шийдвэр гарсны дараа Оросын Гадаад хэргийн яам бэлтгэгдэж байгаа солилцооны талаар мэдэгдэл гаргасан байна. Уг ажиллагааг Оросын Гадаад тагнуулын алба, АНУ-ын Тагнуулын төв газар хамтран бэлтгэсэн бөгөөд "хүмүүнлэгийн болон бүтээлч түншлэлийн үүднээс” өөрсдийн орнуудын удирдлагын даалгаврыг биелүүлэн үүнийг хийлээ гэж яамны мэдэгдэлд онцолсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж