Ө.Энхтүвшин: Хорьчихоод шахалт үзүүлдэг

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Ө.Энхтүвшин: Хорьчихоод шахалт үзүүлдэг

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хүний эрхийн дэд даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр сүүлийн үед бусдыг хорьж мөрдөх чиглэлээр хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа тухай асуудал хөндөгдлөө.

Тухайлбал, Хүний эрхийн дэд хорооны даргад нэр дэвшээд байсан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Хүний эрхийн асуудал бол албан тушаалын тухай асуудал биш. Социализмын монголын хүний эрхийн байдал өнөөдөр ямар байгааг та бүхэн мэднэ. Ардчилал хүний эрхийн байгууламжийн багана нь байх ёстой. Гэтэл урьд урьдаасаа ноцтой болсон. Жишээ хэлье, хүнийг хэлсээр хорьдог, урт удаан хугацаагаар хорьдог, бүр шоронд үхүүлдэг, үхсэн хойно нь шүүдэг, дараа нь цагаатгадаг. Хүн эрхээ хамгаалах гэдэг юм шалдаа буусан. Үүнийг өөрчлөх боломж байгаа, үүнийг хийхэд надад зургаан сар хэрэгтэй. Хүний эрхийг яаж хамгаалж болдог юм бэ гэдгийг би энэ хугацаанд харуулна. 

Саяхан Ардын намд их ойрхон компанийн захирал шүүгдсэн. 30 сая төгрөг ашигласан гэж таслагдсан. Тэр хүн тэрхүү мөнгийг луйвардаж аваагүй, тендэр будилуулж аваагүй, тэгсэн тэр хөрөнгөнөөсөө 30 сая төгрөг дутаасан гэж шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэр хүн захиран зарцуулах бүрэн эрхтэй.  Дутуу хийснээ иргэний журмаар нөхөх ёстой байтал шоронд ял эдлээд явж байгаа. Ийм л завхралд орчихсон, үүнийг л өөрчилье гэж байна.

Ер нь бол нэг бүлэглэлийн захиалгаар нөгөө бүлэглэлийн хүнээ шоронд явуулж байгаа. Намайг Татварын ерөнхий газрын дарга байхад яг ийм асуудал орж ирсэн. Бизнес дээр өрсөлддөг, тэр компанийг шалга гэдэг даалгаврыг сайд өгдөг, тэрийг нь аваад шалгаж байсан, тэр хүн нь одоо шоронд сууж байгаа. Тэр нь татварын даргад хамаарахгүйгээр хуулиараа шоронд хийчихсэн.  Хүний эрхийн асуудал ийм хүнд байгаа нөхцөлд улстөрийн намаас, намчирхалаас ангид, хуйвалдаанаас ангид хүний эрхийг хамгаалах ажлыг би хийнэ.

Би энэ 14 жилийн хугацаанд сайд болъё, дарга болъё, Татварын ерөнхий газрын дарга болъё гэж гуйгаагүй. С.Баяр дарга тэр үед “Зоригийг ачих гээд байна, татварыг нь цэгцлээч” гэсэн, цэгцэлсэн. Дараа нь сонгууль дөхсөн, мөнгө босгох хэрэгтэй болсон, Оюунбаатар яв гэсэн, би явсан. Ийм л юм болсон” гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Би энэ тухай хаалттай хуралдаан дээр ч хэлсэн. Ц.Оюунбаатар гишүүний хэлсэнчлэн захиалгаар, улс төрийн зорилгоор, мөнгөтэй, орд газартайг нь урьдчилж судалж байгаад барьдаг, хорьдог үзэгдэл сүүлийн хоёр жил хавтгайрлаа. Уржнан жилийн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлийг өргөн барьж хэлэлцүүлэх үед Н.Батцэрэг гишүүн "Айдас хүйдэст монголын ард түмэн автлаа, хэлмэгдүүлэх нь ихэслээ гэж хэлж байсан. Энэ үгийг өнөөдөр хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд хүрээд байна.

Одоо барьж хорих нь үнэхээр ихэслээ. Ингэж хорьж цагдахынхаа өмнө хэвлэл мэдээллээр тухайн хүнийг "Дээрэмчин хүн шиг байна, авлига авсан юм шиг байна, нэг ноцтой юманд холбогдсон юм байна" гэсэн мэдээлэл цацдаг. Тэгээд нийгэмд "Тэр ч дээ, явахаас аргагүй хүн дээ" гэсэн сэтгэл зүй хэдийнэ бүрдүүлж байгаад нөгөө хүнийг хорьдог. Хорьчихоод янз бүрийн байдлаар шахалт үзүүлдэг. Хоёр жилийн дотор үүнээс болж олон үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид үйл ажиллагаагаа зогсоолоо. 3000 хүнд эрүүгийн үүсгэсэн гэж сонсогдов уу даа. Тэгээд юу болсон бэ, юу ч болоогүй. Орд газраа өгөхийг, баялгаасаа хуваалцахыг хууль бусаар шаардаж байна. Өгөхгүй болохоор хорих хугацааг нь сунгаад л, байлгаад л байна. Нэг жил, хоёр жил суулгаж байна. Ийм байдалтай явж ирлээ. Энэ хугацаанд тухайн хүний компани нь, бизнес нь "будаа" болж, нэр төргүй болно, ар гэрийнхний сэтгэл санаа туйлын хүнд болдог. Ийм л байдлаар монголын төр өнгөрсөн хоёр жил ажиллаж ирлээ. Энэ талаар олигтой юу ч хийсэнгүй. Яриад л байдаг.  Харин эргүүлээд "Чи надад хэн гэдэг хүн хэдний өдөр мөнгө авах гэж шаардлага тавьсныг хэл, эсвэл бичгээр тавь" гэж шаарддаг. Хэрвээ шаардсанаар нь нэр усыг нь хэлчихвэл тэр хүмүүсийг, ар гэрийнхнийг нь махны машин руу шууд шидээд өгнө гэсэн үг биз дээ. Ийм юмыг хэлж болдоггүй, хэлэхгүй байж бүр болохгүй. Хэлэхгүй болохоор нийгэмд бүрхсэн, гаарсан үзэгдэл болох нь. Үүнийг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авах ёстой. Ямар арга хэмжээ авах талаар даанч ярихгүй байна.  

УИХ Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг нэн яаралтай батлах хэрэгтэй. Улстөрчдийг хасаад энэ хуулийг батлах ёстой. Улстөрчид хуулийн өршөөлд хамрагдаж болохгүй. "Чингис" бондоос идсэн улстөрчид гарч ирэх л байх. Бизнес эрхлэгчдийг энэ хуульд хамруулах хэрэгтэй. Тэр хүмүүсийн хорих хугацааг сунгадаг, мөнгө нэхдэг, дарамталдаг эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагчдад нээгээд өгчихсөн юм уу. Хэрвээ нээчихсэн байдаг юм бол ийм байдлыг хаая л даа. Ийм арга хэмжээг яаралтай авахгүй бол Хүний эрхийн дэд хороо байгуулагдаж л байдаг. Нэг мэдэхэд л бүрэн эрхийн хугацаа нь дуусч л байдаг. Гэтэл хүний эрхийг хангах чиглэлээр юу ч хийгээгүй л өнгөрдөг шүү" гэсэн юм.

Хүний эрхийн дэд хорооны даргад УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарыг тус бүр дэвшүүлсэн байсан юм. Санал хураалтын шатанд Ё.Отгонбаяр гишүүн олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж