АНУ-ын реппер Мак Миллер одоогоос 10 хоногийн өмнө гэртээ нас барсан юм. 26-хан насандаа таалал төгссөн тэрбээр 2013 онд гэрээслэлээ үйлдсэн байжээ. Түүний гэрээслэлийн дагуу бүх хөрөнгө нь эцэг эхэд нь мөн ахад нь очих аж. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Мак Миллерийн хөрөнгө ойролцоогоор есөн сая ам.доллар гэнэ.
Мак Миллерийг найз нь анх олж түргэн тусламж дуудсан боловч хэдийн амьсгал хураасан байжээ. Урьдчилсан дүгнэлтээр түүнийг эмийн тун хэтрүүлснээс нас барсан гэж үзэж байгаа ч задлан шинжилгээний хариу хараахан гараагүй байна.
Мак Миллер хоёр жил гарангийн хугацаанд дуучин Ариана Грандетэй үерхсэн ба хосууд өнгөрсөн тавдугаар сард салсан аж. Үүнээс хойш Мак Миллер сэтгэл санаагаар унаж, мансууруулах төрлийн бодис, эм хэрэглэх болжээ. Тэрбээр нас барахынхаа өмнөх орой гэртээ шоу зохион байгуулсан аж. Түүнийг Питтсбургт оршуулах гэнэ.
Эх сурвалж: People.com
Холбоотой мэдээ