УИХ-ын гишүүн А.Ундраагийн гадаад томилолтын зардлыг МУИС гаргасан гэсэн гэх баримт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар цацагдсан. Энэ талаар А.Ундраа гишүүнээс тодрууллаа.
-Таны БНСУ руу явсан томилолтын зардлыг МУИС гаргасан гэдэг мэдээлэл үнэн үү?
-МУИС, Сөүлийн Үндэсний их сургуулийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэх ажлаар явсан. Байнгын хорооны даргын надад өгсөн үүргийн дагуу ажлаар явсан.
-Зардлыг заавал сургуулиас гаргадаг нь ямар учиртай юм бэ. Сургалтын төлбөрөө төлж чадахгүй олон оюутан байхад гишүүдийн гадаад томилолтын зардлыг сургууль өөрөө гаргах нь хэр зохистой вэ?
-Хэрвээ их сургуулийг чадавхжуулах чиглэлээр томилолтоор яваагүй бол зардлыг гаргахгүй байх. Их дээд сургуулиудыг чадавхжуулах, судалгааны төсвийг нэмэх, шинжлэх ухаан технологийн чиглэлийн хууль тогтоомжийг сайжруулах зэрэг хэрэгцээ байгаа.
-МУИС-иас зардлыг нь гаргаж байгааг та мэдэж байсан уу?
-МУИС-иас зардал гарч байгаа гэдгийг онцгойлж мэдээгүй. Гэхдээ энэ чиглэлээр, өөр гишүүд явдаг үгүйг би мэдэхгүй байна. Төрийн байгууллагуудын зүгээс гишүүдийн зардлыг дааж явуулах тохиолдол байдаг. Ер нь зардал хаанаас гарч байна вэ гэдэг нь маш чухал асуудал. Хувийн компанийн зардлаар гишүүд яваад тухайн компанийн ажлыг хийгээд явах нь хуулиар хориотой. Хэрвээ явбал төрийнхөө байр суурийг хувийн эрх ашигтаа ашиглаж байна гэсэн үг. Төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр явж байгаа тохиолдолд явсан зорилгодоо үйл ажиллагаа нь нийцэх учиртай.
-Та хувиасаа зардал гаргаж болоогүй юм уу?
-Биеэ эмчлүүлэх зэрэг хувийн зорилгоор явж байгаа тохиолдолд мэдээж зардлыг өөрөөсөө гаргана. Түүнээс биш төрийн ажилд хувийн зардал гаргаж явах нь зохисгүй. Төрийн хүн төрийн ажлаа л хийх ёстой.
Холбоотой мэдээ