Бариста, бартендерийн улсын аваргыг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Бариста, бартендерийн улсын аваргыг шалгаруулна

-“Resto expo-2018” үзэсгэлэнгийн хүрээнд таван тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, бартендер, баристагийн улсын аварга шалгаруулах юм-

Бариста, бартендерийн улсын аваргыг шалгаруулна

Ресторан, зоогийн газрын ханган нийлүүлэгч, бизнес эрхлэгчид, тогооч нарт зориулсан “Resto expo-2018” үзэсгэлэнг анх удаа олон улсын төвшинд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2018. 9.17/ болсон юм.

Үзэсгэлэн "Crocus" event hall-д энэ сарын 17-19-нд болох бөгөөд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож өөрсдийн онцлогийг харуулж байгаа юм. Мөн үзэсгэлэнгийн хүрээнд таван тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Үүний нэг нь сургалт, семинар бөгөөд ОХУ-ын багш Инна Щепетова, Артем протасов зэрэг 22 сургагч багш өөрийн мэдлэг, туршлагаас хуваалцах юм. Харин мастер класс сургалтыг долоон багш явуулах бөгөөд бизнес эрхлэгч, залуу болон ахлах, ерөнхий тогооч нар хамрагдах боломжтой юм байна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн хүрээнд Бартендерийн уралдаан зохион байгуулж байгаа юм. Уралдаан өнөөдөр эхэлсэн бөгөөд маргааш ялагчаа тодруулах юм. Ялагчийг нэг сая төгрөгөөр шагнах бол хоёрдугаар байрт шалгарсныг 700 мянга, гуравт шалгарсныг 500 мянган төгрөгөөр урамшуулах аж. Тэмцээний шүүгчээр Г.Тэнгис, Г.Гомбонэрэн, Сем Дэниз  нар ажиллах ажээ.

Мөн Баристагийн улсын уралдаан зохион байгуулж байна. Энэ сарын 17-18-нд болох уралдаанд нэгдүгээр шатаас шалгарсан 22 хүн шилдгийн төлөө өрсөлдөх юм. Эхний байранд шалгарсан хүнд хоёр сая, хоёрт шалгарвал нэг сая, гуравт шалгарвал 500 мянган төгрөгөөр урамшуулах юм байна.  Шүүгчээр Л.Дэлгэрмаа, Нилов Антоний, Жу Ёон Му, Н.Батцэнгэл нар ажиллах юм.

Үзэсгэлэнгийн хүрээнд тус салбарын төрийн бус байгууллагуудын хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлгээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоод болон бизнес эрхлэгч нарын уялдаа, хамтын ажиллагаа, хамтран ажиллах боломж зэргийг хэлэлцэж байна.

Харин маргааш тус салбарын төрийн байгууллагуудын хэлэлцүүлэг болох юм.  Хэлэлцүүлгээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй боловсон хүчний өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаар ярилцах юм байна.

“АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАСАН”

Үзэсгэлэнг зохион байгуулагч “Номадс” сүлжээ рестораны Захиргаа хүний нөөцийн албаны дарга Г.Долгорсүрэнгээс үзэсгэлэнгийн онцлогийн талаар тодруулахад “Resto expo-2018” үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна. Цаашид үзэсгэлэнг жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ хүрээнд бид нээлттэй ажлын байр зарлаж, дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, тусгай хэрэгцээт иргэний хөтөлбөр. Энэ нь манай шаардлагад нийцэх тусгай хэрэгцээт иргэн буюу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах. Мөн шинэ төгсөгчдийг ажлын байраар хангах. Ерөнхийдөө сургуулиа дөнгөж төгссөн хүнд ажил олдох боломж хомс байдаг. Тэдэнд боломж олгож, сургаж авах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн “Оюутан залуусыг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн  хүрээнд сурангаа ажиллах боломж олгож байгаа юм. Дөрөвдүгээрт, ахмад настанд зориулсан “Туршлагатай ажилтан” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тиймээс ирж уулзаад, анкет бөглөж, нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж