МУИС болон Харвардын их сургуулийн профессорын хамтарсан хээрийн судалгаа амжилттай хэрэгжив

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

МУИС болон Харвардын их сургуулийн профессорын хамтарсан хээрийн судалгаа амжилттай хэрэгжив

МУИС болон АНУ-ын Харвардын ИС-ийн хооронд “Монгол орны шувууны гарал үүсэл, ангилал зүй”-н судалгааны чиглэлээр байгуулсан гэрээний дагуу тус их сургуулиудын профессорын баг 2018 оны 6 дугаар сарын 10-аас 7 дугаар сарын 20-нд Монгол орны Сибирийн тайгаас говь цөл, өндөр уулс хүртэл ялгаатай амьдрах орчныг хамруулсан шувууны судалгааг амжилттай хэрэгжүүллээ.

МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш С.Гомбобаатар, Scott Edwards нар МУИС-ийн хоёр оюутан, Харвардын их сургуулийн дөрвөн судлаачдын хамтарсан судалгааг ахлан ажиллав. Судалгааны явцад цуглуулсан цөөн зүйл шувууны цуглуулгыг МУИС-ийн амьтан судлалын цуглуулгын санд өгсөн  бөгөөд эдгээр нь цаашид энэ чиглэлээр ажиллах хүмүүст чухал эталон болох нь гарцаагүй. Мөн Монгол орны шувууны дуугаар зүйлийг тодорхойлох, шувууны дууны санг үүсгэхэд туслалцаа үзүүлж, шувууны дуу бичих мэргэжлийн багажийг бэлэглэсэн юм.

МУИС, АНУ-ын Харвардын их сургуулийн хамтарсан хээрийн судалгааны ажлын бүрэлдэхүүн
Хээрийн судалгааны ажлын үеэр

Хамтын ажиллагааны хүрээнд профессорын баг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуягтай уулзаж, цаашид генетик, молекул биологийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов. Хамтарсан судалгааны 2012 болон 2018 оны материал дээр тулгуурлан эрдэм шинжилгээний хамтарсан өгүүлэл хэвлүүлэх, мөн Монголын талаас судлаач оюутныг Харвардын их сургууль дээр ажиллах бүрэн боломжтойг талууд зөвшөөрлөө. Хэлний шалгалтаа өгсөн, шувуу судлалын чиглэлээр мэргэших сонирхолтой оюутан бүхэнд энэ боломж нээлттэй болохыг С.Гомбобаатар багш хэлсэн юм. Мөн зуны судалгааны ажлын хугацаанд сурсан арга зүйг докторантууд нь бакалаврын оюутнуудад шувуу судлалын хичээлийн хүрээнд заахаар төлөвлөж байгаа юм байна.

МУИС-ийн амьтны цуглуулгын санд өгсөн зарим цуглуулга

Эх сурвалж: МУИС

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж