Өнгөрсөн амралтын өдөр Германы Берлин хотноо 45 дахь удаагийн “Берлиний марафон” боллоо. Тус уралдааны эрэгтэй төрөлд олимп, дэлхийн аварга Кенийн марафонч Элиуд Кипчоге 42 км 195 метр замыг 2 цаг 1 мин 39 сек-н амжилтаар тэргүүлэхийн зэрэгцээ марафон гүйлтийн рекордыг шинэчиллээ. Түүнээс өмнө эрэгтэй марафоны рекордыг 2014 оны Берлиний марафонд мөн Кенийн гүйгч Д.Киметто 2 цаг 2 мин 57 сек-н амжилтаар эзэмшиж байжээ. Э.Кипчоге өчигдөр нутаг нэгт тамирчны амжилтыг 1 мин 17 сек-ээр ахиулсан байна.
Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд олимп, дэлхийн аваргаас гадна хамгийн нэр хүнд бүхий зургаан марафон уралдаан зохиогддог. Албан ёсоор 2006 оноос мэйжор зургаан марафон хэмээн зохиогдож эхэлсэн бөгөөд Токио, Бостон, Лондон, Берлин, Чикаго болон Нью-Йоркын марафонууд юм. Гэхдээ 2006 оноос өмнө тус тусдаа зохиогдож байсан бол Токиогийн марафон 2013 онд зохиогдож эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар дээрх зургаан марафонд бүгдэд нь түрүүлсэн марафонч хараахан байхгүй байгаа ч Э.Кипчоге Лондонд гурав, Берлинд гурав, Чикагод нэг түрүүлээд байна.
Марафон гүйлтийн рекорд эзэмшигч Э.Кипчоге Риогийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж байснаас гадна 5000 метрийн төрөлд мөнгө, хүрэл, ДАШТ-нээс мөн төрөлдөө алт, мөнгөн медаль хүртэж байсан энэ цаг үеийн шилдэг гүйгч юм. Өчигдөр Берлинд шинэ рекорд тогтоосны дараа “би энэ өдрийг үгээр илэрхийлж чадахгүй байна. би үнэхээр их баяртай байна. Шинэ рекорд эвдсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Б.БЯМБАБАЯР