“Сургууль, багш, ангийнхнаа их санасан”

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

“Сургууль, багш, ангийнхнаа их санасан”

“Сургууль, багш, ангийнхнаа их санасан”

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн багш нар ажил хаясан. Цалин нэмүүлэхийн төлөөх багш нарын тэмцэл ажлын 10 хоног үргэлжилсний эцэст өнгөрсөн баасан гаригт түр зогсож, өнөөдрөөс /2018.9.17/ сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж байна.

Сургууль хэвийн ажиллаж байгаа эсэхийг тодруулахаар нийслэлийн 15 дугаар бүрэн дунд сургуульд зочиллоо. Биднийг очих үед сурагчид сургуулийн өмнө холхилдож байв. Тус сургуулийн багш нар энэ сарын 10-14-нд ажил хаяж, хичээл ороогүй юм.

ЯГ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭЖ БАЙЛАА

Гуравдугаар ангийн сурагч Б.Төгөлдөрийн аав Т.Батбаяр “Охиноо авч сургуульд нь ирэхдээ яг хичээллэж байгаа болов уу гэж эргэлзэж байлаа. Цалингаа нэмүүлэхээр тэмцэж буй багш нарын тэмцэл уг нь зөв. Гэхдээ хүүхдүүд дунд нь хохирох гээд байгаа болохоор Засгийн газар багш нарын цалингийн асуудлыг бушуу шийдвэрлэж өгөөсэй. Гэхдээ ажил хаялт түр хугацаагаар зогсож байгаа гэсэн. Үргэлжлээд ажил хаявал бас хэцүү л юм. Таван өдрийн хичээлээ нөхөх байх. Амралтын өдрөөр хичээллэвэл хүүхэд ядрах гээд байдаг. Тиймээс хугацаагаа сунгаж хичээллэх нь зөв байх” гэв.

Харин охин Б.Төгөлдөр “Хичээл орохгүй болохоор ангийнхныгаа их санасан. Гэртээ даалгавраа хийгээд л байсан. Өнөөдрөөс эхлээд хичээл маань орж байгаад баяртай байна” гэлээ.

СУРАГЧДЫН ИРЦ 90 ГАРУЙ ХУВЬТАЙ ЯВНА

Б.Төгөлдөртэй адил хичээлдээ ирэхийг хүссэн хэчнээн сурагч байгаа талаар, сурагчдын ирц хэдэн хувьтай байгааг сургуулийн сургалтын менежер П.Мягмарчулуунаас тодрууллаа. Тэрбээр “Хичээл орох тухай зарыг өнгөрсөн баасан гаригт цахим группээр тараасан. Одоогоор нэгдүгээр ээлжийн хичээлийн ирц 90 гаруй хувьтай явна.  Манай сургууль 1750 сурагчдтай. Хэдийгээр багш нар ажил хаясан ч сурагчдадаа маш их санаа зовж байсан. Тиймээс ажил хаясан тав хоногийн хугацаанд XII болон  I ангийн хичээлийг орсон. Бусад ангийн тав хоногийн хичээлийг шахаж үзнэ. Хэрэв арав хоног ажил хаясан бол бүр их хүндрэл үүсэх байсан” гэсэн юм.

ХИЧЭЭЛ ХОЦРОГДЛООС ГАДНА МАШ ТОМ ХОХИРОЛ УЧРАХ БАЙСАН

Багш нарын ажил хаялт ахлах ангийн сурагчдад хэрхэн туссаныг X ангийн сурагч А.Хулангаас тодруулахад “Багш нар ажил хаяхад хичээл хоцрохоос гадна маш том сөрөг үр дүнд, хохиролд хүрэх байсан. Тухайлбал, хоёр жилийн дараа XII ангиа төгсөхдөө Австрали явж сурах хүсэлтэй хүүхдийн мөрөөдөл биелэхгүйд ч хүрч магадгүй байсан. Харин багш нар ажил хаяхаа зогсоосонд маш их байртай байна. Энэ тав хоногт ангийнхныгаа маш их санасан” гэв.

БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ЗАХ ЗЭЭЛТЭЙГЭЭ НИЙЦЭХГҮЙ БАЙНА

Тус сургуулийн түүх, нийгмийн багш М.Дэлгэр “Монгол Улсад багш нарын хөдөлмөрийг маш хямдаар үнэлж байгаа. Багш нарын цалинг бага ангийн, цэцэрлэгийн гэсэн ялгамжтай өгч байгаа нь зохимжгүй. Бүгд л адил ачаалалтай ажилладаг. Тиймээс инфляцын түвшинтэй уялдуулж бүх багш нарын цалинг нэмэх шаардлагатай. Бид цалингаа нэмүүлэхийн төлөө тэмцмээр байгаа ч сурагчдадаа санаа зовниод хичээлээ орж байна. Бидний цалин хангалтгүй байгаа нь үнэн. Багш нар Монголчуудын дундаж цалингийн талд нь ч хүрэхгүй цалин авч байна. Тухайлбал, докторант би 20 гаруй жил ажиллаж байгаа хэрнэ 570 мянган төгрөгийн цалин авдаг. Дунд болон ахлах ангийн багш нар нь 2-3 сургууль төгссөн, мэргэшсэн хүн байдаг юм. Гэтэл нэмэгдэл цалин авдаггүй. Ерөнхийдөө боловсролын тогтолцоо зах зээлтэйгээ нийцэхгүй байна” гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаяад байсан бол өнөөдрийн байдлаар бүгд хэвийн ажиллаж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж