Амьдрал зогссон 10 цаг

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Амьдрал зогссон 10 цаг

Амьдрал зогссон 10 цаг

Эрчим хүчний хэрэглээгээ усан цахилгаан станцаар хангахад анхаарахгүй бол ТЭЦ-IV цахилгаан станц 0 зогсолт хийсэн шиг аваар дахиад үүсэхгүй гэх баталгаа байхгүй тухай Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдлээ.

Гэтэл эл зогсолт нь дулааны цахилгаан станцын техник, технологи хуучирч муудсан гэхээс илүүтэй хяналт, хариуцлага алдагдсаныг илчлэв үү гэлтэй. Учир нь ТЭЦ-IV төрийн өмчит компанийн зүгээс “Технологийн горим зөрчигдсөнөөс дулааны цахилгаан станц зогссон” гэсэн тайлбар хийсэн бол салбарын сайд нь “Нэг хүний мэдлэггүй байдал нь нийт системд доголдол үүсгэсэн байж болзошгүй” гэж мэдэгдсэн юм. Одоогоор 0 зогсолтын шалтгааныг нь эцэслэн тогтоогоогүй байгаа ч үйлдвэрлэлийн бүхий л процессыг хянаж суух ёстой диспетчерийн үндэсний төвийнхөн энэ аюулыг яагаад харсангүй вэ гээд асуудал хөвөрнө.

Эрчим хүчний 70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг дулааны IV цахилгаан станц 0 зогсолт хийхэд хүрнэ гэдэг бол ноцтой алдаа. Тэр тусмаа ямар кнопыг асааж, унтраахаа мэдэхгүй нөхөд тус станцад ажиллаж байгаа бол бүр ч аюултай. Дахиад ийм аваар гарахгүй гэх баталгаагүй. Тэр тусмаа дулааны цахилгаан станцыг шинэчиллээ ч, нэмэлтээр салхин болон усан цахилгаан станц байгууллаа ч мэдлэг нимгэн мэргэжилтэн ажиллуулах юм бол 0 зогсолт хийгээд зогсохгүй техник технологио эвдэх ч аюултай. Тэдэнд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж болох ч дээрх аваараас үүдэж гарсан хохирол хэдэн арван саяар, тэрбумаар яригдахыг үгүйсгэх аргагүй.

Учир нь өнгөрсөн бямба гаригт үүссэн 0 зогсолтоос болж, үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд томоохон хэмжээний хохирол учирсан бол яах вэ.  Эл асуултад албаныхан хоёр өөр тайлбар өгч байна. Эрчим хүчний яамны зүгээс “Аж, ахуй нэгжид учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу барагдуулна” гэдэг  мэдээллийг өгч буй  бол салбарын сайд нь “Хохирлыг тодорхойлоход түвэгтэй. Хүлцэл өчиж байна” гэдэг тайлбар л хэлж сууна.  Үүгээр бол нэг болохоор хохирлоо төлүүлж болмоор ч юм шиг нөгөө болохоор боломжгүй ч юм шиг.

Гэхдээ хамгийн тодорхой зүйл бол хэнд, хаана ямар хэмжээний хохирол учирсан бэ гэдэг тооцоо алга, мэдээлэл ч алга. Гол нь гэрээ бол хэрэгжиж байх ёстой зүйл учраас аж ахуйн нэгж бүр дээр тодорхой хэмжээний хохирол учирсан бол гэрээнд зааснаараа барагдуулж таарна. Харин энэхүү хохирлын мөнгийг хэнээс гаргах вэ гэхээр эцсийн дүндээ татвар төлөгчдөөр л барагдуулах нь тодорхой юм.

Золоор энэхүү 0 зогсолтын үеэр эмнэлгүүд  бэлтгэлтэй байсны ачаар хүний амь нас хохирсонгүй. Улсын нэгдсэн нэг, гуравдугаар эмнэлэгт тус бүр хоёр хагалгаа амжилттай хийгдсэн бол Улаанбаатар хотын хэмжээнд 39 эх амаржжээ. Амаржсан эхчүүдээс хоёр нь кисар хагалгаанд орсон байна. Эрчим хүчний нөөц эх үүсвэртэй байсны хүчинд эмнэлгүүд 0 зогсолтыг амжилттай давжээ.

Харин эрчим хүчний нөөц эх үүсвэргүй газруудад амьдрал зогссон гэж хэлж болно. Тухайлбал, авто замуудын гэрлэн дохио, камер ажиллахгүйгээс дүрэм зөрчигсөд дураараа авирлаж, түгжрэлийг улам ихэсгэсэн бол шатахуун түгээх станц, банк, АТМ машин ажиллахгүйгээс иргэд аяллаа хойшлуулж, хүнсээ ч базааж чадалгүй гэртээ гар хоосон буцаж ирэв. Лифтэнд хүн гацсан дуудлага СӨХ-дыг сандаргасан бол Монголын радио станцын дахин дамжуулах станц унтарч, доголдов. Автобусаар зорчих иргэд картаа цэнэглүүлэх боломжгүйгээс бэлэн мөнгөөр зорчив.

Хотын төв хэсэг нэг цагийн турш цахилгаангүй байсан бол гэр хорооллынхон 10 цагийн турш эрчим хүч хүлээж, эцэст нь лаагаа барьж, нүүрсээ түлэхээс аргагүйд хүрсэн юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж