21 настай найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэх Г.Алтанхүүгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал өчигдөр болж, түүнд шүүхээс жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ял оноосон. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээн авсан талаар талийгаачийн өмгөөлөгч М.Арвинтариагаас тодрууллаа.
-Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Г.Алтанхүүг талийгаачид хөнгөн зэргийн бэртэл учруулсан нь талийгаачийн үхлийн шалтгаан болоогүй гэж үзсэн. Ар гэрийнхэн үүнийг хэрхэн хүлээн авсан бэ?
-Ар гэрийнхний зүгээс үнэхээр гомдолтой байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, ямар нэгэн байдлаар худал дүгнэлт гарч байгаа талаар энэ хэргийг мөрдөж эхэлсэн цагаас бид мэдээлж байсан. Авлигатай тэмцэх газарт эмч нарыг хуурамч дүгнэлт гаргасан байж болзошгүй гэж шалгуулсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг өмгөөлөх явцад цөөнгүй хүндрэл бэрхшээл тулгарч байсан. Жишээлэхэд, аливаа нэг хүсэлт гаргана хүлээж авахгүй. Гэмтэл, Согог судлалын үндэсний төвийн өвчтний түүх, бичгийг үзэе гэхэд үзүүлдэггүй гэх мэт зөндөө бэрхшээл тулгарч байсан. Тэгж байгаад л эцэст нь ийм заваарсан шийдвэр гаргуулж байгаа юм.
-Г.Алтанхүү шүүх хурлын үеэр уучлалт гуйсан гэсэн. Юу гэж хэлсэн бэ?
-Г.Алтанхүү болоод ар гэрийнхэн нь өмнө нь талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж, уучлалт гуйгаагүй. Харин шүүх хурлын үеэр ар гэрийнхнээс нь Г.Алтанхүү “Талийгаачтай цуг архи ууж, маргалддаг байсанд уучлаарай. Гэхдээ би амь насыг нь хохироогоогүй шүү” гэж байсан.
-Талийгаачийн ээжийн биеийн байдал хүндхэн байгаа гэсэн.
-Аав, ээж нь хөдөө амьдардаг учраас шүүх хуралдаанд ирж амжаагүй. Ээжийнх нь бие охиноо алдсанаас хойш тун тааруу хэвээр байгаа.
-Давж заалдах шатны шүүхэд хандах уу?
-Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараагийн шатны шүүхэд гомдол гаргана.
Нэмж мэдээлэхэд, Прокурорын байгууллагаас Г.Алтанхүү нь өөрийн хамтран амьдрагч бүсгүйг олон удаагийн үйлдлээр зодож түүний биед хөнгөн зэргийн гэмтлүүдийг шууд учруулж доргиосны улмаас хохирогчийн цөс шүүрч улмаар олон эрхтэний дутагдалд оруулж амь насыг нь хохироосон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин шинжээчийн дөрвөн удаагийн дүгнэлтээр Г.Алтанхүү нь талийгаачийг мохоо зүйл ашиглан зодож хөнгөн зэргийн гэмтэл, хөхрөлт няцралтыг биед нь учруулж байсныг тогтоосон. Гэвч талийгаачийн амиа алдах болсон шалтгаан нь талийгаачийг архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтлийн улмаас амь насаа алдсан гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл Г.Алтанхүүгийн талийгаачид хөнгөн зэргийн бэртэл учруулсан нь талийгаачийн үхлийн шалтгаанд холбоогүй, хөнгөн гэмтлийн улмаас цөсний суваг хүүдийн хананд гэмтэл учирсан болох нь задлан шинжилгээний дүгнэлт, эд эсийн микро макро шинжилгээний үеэр тогтоогдоогүй гэдгийг шүүхээс мэдээлсэн. Иймээс шүүхээс Г.Алтанхүүд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсгийг үндэслэн гурван жилийн хорих ял оноосон. Харин түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 буюу хүнийг санаатай хөнөөсөн гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгожээ.
Д. ЖАРГАЛ