Аварга цолтой 800 дахь ялалт

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Аварга цолтой 800 дахь ялалт

Аварга цолтой 800 дахь ялалт

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё энэ өдрүүдэд Японы нийслэл Токио хотын Рёгоку Когугикан ордонд үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний найм дахь өдөр ёкозуна Хакухо М.Даваажаргал маэгаширагийн зүүний хоёроос босон барилдаж буй Ютакаяматай барилдан давснаар мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд ёкозуна цолтой 800 дахь ялалтаа авлаа. Ёкозуна Хакухо М.Даваажаргалын үзүүлж буй энэхүү амжилтыг урьд өмнө нь үзүүлж байсан аварга цолтой бөх байхгүй юм. Түүний араас Китаноуми аварга 670 даваа, Чиёнофүжи аварга 625 давааг ёкозуна цолтой авсан байдаг ажээ. Ёкозуна Хакухо М.Даваажаргалын энэхүү түүхэнд амжилтыг сүмо бөхийн мэргэжилтнүүд “Хакухогийн метр гүйцэгдэшгүй” хэмээн дуу алдаж байна.

Японы мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөд ёкозуна Хакухо М.Даваажаргалын хэзээ ч хүршгүй гэсэн амжилтуудыг ээлж дараалан эвдсээр байна. Их аварга Хакухо М.Даваажаргалын зарим түүхэн рекордуудыг танилцуулбал:

  • Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад 40 түрүүлээд байгаа. Энэ нь үргэлжлэх бүрэн боломжтой. Түүний ард 32 түрүүтэй Тайхо аварга бичигдэнэ
  • Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд 13 башё ялагдалгүй түрүүлсэн. Энэ амжилт урагшлах ч боломжтой бөгөөд түүний араас 8 башё ялагдалгүй түрүүлсэн амжилтаар Футабаяма, Тайхо аваргууд бичигдэнэ.
  • Мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд башё дараалан түрүүлсэн амжилтаар Асашёрюү аваргын хамтаар 7 башё дараалан түрүүлж тэргүүлдэг. Монгол аваргуудын араас Тайхо аварга 6 башё дараалан түрүүлсэн амжилтаар удаалдаг.
  • Мэргэжлийн сүмо бөхийн карьер дахь хамгийн олон буюу 1088 дахь ялалт. Түүний ард 1047 ялалттай озэки Кайо бичигдэнэ.
  • Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад хамгийн олон буюу 994 ялалт. Түүний ард 879 ялалтаар озэки Кайо бичигдэнэ

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 1 календарын жилд хамгийн олон даваа болох 90 даваанаас 86 давааг 2 удаа давтсан. Түүний ард Асашёрюү аварга 84 ялалтаар бичигдэнэ.

ХАКУХО Н.ОСАКА, СТИВЕН СИГАЛЬ НАРЫГ МЯЛААЖЭЭ

Хакухо аварга 800 дахь даваагаа авч,  газрын теннисний Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн Осака Наоми болон Холливудын жүжигчин Стивен Сигал нартай уулзаж, шагналын мөнгөнөөсөө хүртээжээ. Эдгээр алдартнууд сүмогийн ордонд зочилж, барилдаан үзсэн бөгөөд Хакүхо аварга өөрийн дэмждэг тамирчин болох Осака Наомитай уулзаж, тэмцээнд түрүүлсэнд нь баяр хүргээд, шагналын мөнгөнөөсөө бэлэглэжээ. Стивен Сигалын хувьд их аваргатай уулзаж, барилдааны хишиг хүртсэндээ билгэшээгээд, “Гэргий нь монгол хүн тул монгол бөхчүүд, аварга Хакухо их ойр санагддаг” гэж сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцсан байна.

Токио хотноо хүрэлцэн ирж сүмогийн башё үзсэн тухайгаа Н.Осака өөрийн твиттер хуудсаараа “аавтайгаа хамт анх удаагаа сүмо үзлээ. Хакухо аваргатай уулзахад үнэхээр күүл байлаа. Гайхалтай үдэш байлаа” хэмээн жиргэсэн байна.

 

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж