Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” аяныг өргөжүүлж орон нутгийн хүүхэд залуучуудын оролцоог байгаль хамгаалах үйлсэд нэгтгэх зорилготойгоор Дорноговь аймгийн Хамарын хийдэд энэ сарын 15-ны өдөр “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны нээлт боллоо. Энэ үеэр сурагчдад байгаль орчноо хамгаалах талаар өртөөлсөн сургалт явуулж, мөн Монголын төдийгүй бурхны шашны томоохон энергийн төв болох Хамарын хийдийг танилцуулах аялал зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Орон нутгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, тус аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн нийт 300 орчим сурагчдаас гадна Улаанбаатар хотын сурагчдын төлөөлөл оролцсон юм.
Хамарын хийдэд аялахаар ирсэн хүн бүр нэг мод тарьж, ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын бүс байгуулах эхлэлийг Ногоон паспорт аяны хүүхдүүд мод тарьж эхлүүлсэн юм.
Харин хүүхдүүдийн хувьд таван өртөөгөөр аялж, байгаль орчин болоод мод тариалах талаар сургалтад хамрагдсан бөгөөд эдгээр өртөөнөөс хамгийн их таалагдсан нь озоны давхаргын цоорлын талаарх өртөө гэдгийг онцолж байлаа. Ингээд мод тарих үеэрх хүүхдүүдийн сэтгэгдлийг хүргэе.
Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын 9-р ангийн сурагч н.Есөн-Эрдэнэ
Өнөөдрийн сургалт маш их таалагдлаа. Өртөөлсөн сургалтуудын хамгийн сонирхолтой нь озоны давхаргын өртөө байсан. Мөн мод тарих сонирхолтой байна. Гэхдээ заавал мод тарих биш зүгээр л ядаж байгальдаа хог хаяхгүй байцгаая гэж уриалмаар байна.
Дорноговь аймгийн 10-р ангийн сурагчид н.Халиунаа, н.Долгорзав
Өнөөдөр маш гоё өдөр байлаа. Энэ үйл ажиллагааг жил бүр өөр өөр аймагт хийдэг болоосой. Манай сургуулийнхан жил бүр энд ирдэг. Мөн манай сургуулийн хүүхэд, эцэг эх, багш нар хамтарч сургуулийнхаа эргэн тойронд хавар бүр мод тарьдаг.
Дорноговь аймгийн сурагчид
Ядрахгүй байна. Гоё гоё юм сурлаа. Озоны давхаргыг багасгахын тулд мод сайн тарих хэрэгтэй гэдгийг сайн ойлголоо. Мөн цэргийн хоол идсэн чинь цэрэгт явж байгаа мэт санагдсан.
Хээрийн аялалд ийм олон хүүхдийг хамарсан хээрийн аялалд анх удаа хамрагдаж байна. Хүн бүр өөрсдийн ухамсраараа байгалиа хамгаалах хэрэгтэй. Хамгийн наад зах нь хогоо хогийн саванд хийгээд хэвших хэрэгтэй. Эх дэлхийгээ хайрлах сэтгэл жижиг зүйлээс харагддаг. Жишээ нь гарт байгаа усны саваа аль болох удаан хэрэглэж сурах хэрэгтэй. Учир нь үүнийг үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь байгалиас гардаг.
Холбоотой мэдээ