Стандарт, хэмжил зүйн газраас 95 жилийн ойгоо тохиолдуулан Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд зохион байгуулсан спортын наадам ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, билльяард, дартс, шатар гэсэн төрлүүдээр хоёр өдөр үргэлжлэн явагдаж, аваргуудаа шалгарууллаа.
Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, СХЗГ, ОБЕГ, МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын баруун, зүүн бүсийн ерөнхий газрын нийт 200 орчим баг тамирчид оролцож, хурд хүчээ сорьсон юм.
Шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд нар алтан медаль, эмэгтэйчүүдийн төрөлд Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын мэргэжилтэн, хошууч С.Байгалмаа, ахлах нягтлан бодогч, ахмад С.Оюумаа нар мөн алтан медаль хүртлээ.
Мөн ширээний теннисний тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд хоёрдугаар байранд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, хошууч Ч.Мэндэлмаа шалгарсан бол дартсын эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Лхагвасүрэн хүртсэн юм.
Харин сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд алтан медаль, гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдийн төрөлд алт, эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид шилжин авах цомын эзэд боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ