УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд зарим асуудал дээр байр суурь нэгджээ. Тухайлбал, Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэхээр оруулж ирснийг дэмжих боломжгүй, харин өнөөгийн төвшинд нь буюу 55.2 хувьд нь хадгалах ёстой хэмээн үзжээ.
Мөн Алдарт эхийн одонгийн мөнгийг 200 мянган ээжид бүгдэд нь тэгш олгох ёстой гэсэн байр сууринд нэгджээ. Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Одонгийн мөнгө нь хүүхдийг урамшуулж байгаа урамшуулал биш, Монгол Улсын хүн амыг өсгөх, ээжүүдийн гавьяаг үнэлсэн урамшуулал учраас үргэлжлүүлж олгох ёстой” гэлээ. Хэрвээ Засгийн газрын оруулсан саналаар хүүхэд нь 18 нас хүрсэн гэдэг зааг гаргаж, ялгаварлавал одонтой ээжүүдийн 90 хувь нь мөнгө авах боломжгүй болох аж.
Түүнчлэн хүүхдийн мөнгийг боломжийн амьдралтай айлын хүүхдэд олгохгүй гэж алаг үзэх нь зөв үү, буруу юу гэдэг дээр нухацтай ярилцах ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг мэдүүлэхдээ хүүхдийн мөнгийг 95 тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн аж. Хүүхдийн мөнгөнд жилд 246 орчим тэрбум төгрөг зарцуулдаг юм байна.
Урамшуулал хэлбэрээр олгож ирсэн дээрх мөнгөн тэтгэлэгт УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын саналыг дэмжихгүй байх шийдэл гаргасан бол зарим төрлийн татварыг нэмэх, шинээр бий болгох саналыг ч хүлээн авах боломжгүй тухайгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэллээ. Тухайлбал, бууны татвар 4000-6000 төгрөг байсныг 50.000-60.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар 2 хувь байсныг 3 хувь болгон нэмсэн юм байна. Шинээр нийслэлийн татварыг бий болгосноор бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын шат бүрт 1 хувийн татвар тавигдсаар 4 хувьд хүрч байгаа гэнэ.
Мөн малын хөлийн татварыг хонин толгойд шилжүүлснээр 1000 хүртэл төгрөгийн татвар ногдуулж болох эрхийг орон нутаг дахь ИТХ-д олгох нь хямралыг давах гарц биш гэж МАН-ын бүлэг үзжээ.
Төсвийн тодотголыг хэлэлцэх хүрээнд тус бүлэг хямралаас гарах богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, УИХ-д оруулж ирэх ёстой гэж энэ саналаа хүргүүлэхээр болжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгснийг онцоллоо.
-Монгол Улсын нэгдсэн төсвийн хууль мөрдөгдөхгүй байна гэдэг шүүмжлэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүчтэй яригддаг байсан. Энэ алдаа засагдсан уу. Мөн төсвийн тэнцлийн алдагдал өссөн, төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд үндсэндээ хумигдаж байна?
-Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой ч өмнөх Засгийн газар 2012 оноос хойш хууль зөрчин, Чингис бонд, Хөгжлийн банкны санхүүжилт, Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийг төсөвт оруулдаггүй байсан. Одоо харин энэ бүхнийг нэгдсэн төсөвт нэгтгэхээр төсвийн алдагдал өсч байгаа. Ер нь төсвийн орлого жилдээ 1-2 их наяд төгрөгөөр тасардаг, жилдээ 2 удаа төсөв тодотгодог уламжлал тогтсон байсныг Шийдлийн Засгийн газар засах гэж оролдож байна. Орлогоо бодитой тооцохоор төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр буурч байна, түүнийг дагаад зардлыг мөн хэмжээгээр багасгах шаардлага тулгарч байгаа. Энэ нь эргээд хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилтийг бууруулах болж байна.
Уг нь хямралын үед аж ахуйн нэгжүүдээ төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжиж, бизнес эрхлэх боломжоор хангах ёстой. Харамсалтай нь, орлого байхгүй учраас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс аргагүй байна л даа.
-Улсын өрийн хэмжээг ДНБ-ний 70 хувьд хүргэхээс арга байхгүйг Ардчилсан нам сүүлийн хоёр жил шахамын хугацаанд илэрхийлж, танай нам эсэргүүцэж ирлээ. Өрийн босгыг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэх өөр гарц байгаа юм уу?
-Зээл авч байж улсаа хөгжүүлнэ, зээл авч байж ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ гэж өмнөх Засгийн газар үздэг байсан. Шийдлийн Засгийн газар энэ тухай одоо ярьж эхэлж байна. Энэ бол зөв шийдэл биш. Бидэнд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бололцоо бий. Харамсалтай нь, хамгийн амар хялбар арга сонгоод байна, дээр хэлсэн асуудлын хүрээнд Засгийн газар ажиллах ёстой.
-Төсвийн зардлыг бууруулахын тулд төрийн албан хаагчдыг цомхотгоно, оюутны 70 мянгыг ялгавартай олгоно гэж Засгийн газар үзэж байгаа. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-2012 онд төрийн албанд 147 мянган хүн ажилладаг байсан бол өнөөдөр 180200 д хүрсэн гэсэн тоо бий. Бид бол “Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой” гэсэн байр суурийг барьж ирсэн. 2015 оны төсөвт яамдын орон тоог 15 хувиар бууруулсан, чиг үүрэг нь давхардсан агентлаг, улсын үйлдвэрийн газруудыг нэгтгэх байдлаар 1669 албан хаагчийг цомхотгох шийдвэр гаргасан. Энэ нь бидний шаардаж байсан хэмжээнд хүрээгүй ч цаашдаа цомхон чадварлаг болгох зорилгодоо байж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна. Оюутны 70 мянган төгрөгийн тухайд хэн хөдөлмөрлөж, хэн сайн сурч хичээж байна түүнд олгох ёстой. Хавтгайруулж олгох нь зөв шийдэл биш.
Г.ДАРЬ