Албан хаагчдын тоог 1669-өөр бууруулна

Хуучирсан мэдээ: 2015.01.06-нд нийтлэгдсэн

Албан хаагчдын тоог 1669-өөр бууруулна

Төрийн зарим байгууллагуудыг нэгтгэх, татан буулгах, аж ахуйн тооцоонд шилжүүлж төсвөөс гаргах, яам, агентлагийн орон тоог 15 хувиар бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж төсвийн урсгал зардлыг бууруулахаар Засгийн газраас төлөвлөжээ. Ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийснээр 2015 оны батлагдсан төсвийн урсгал зардлыг 18.5 тэрбум төгрөгөөр, төсвөөс санхүүждэг байгууллагын тоог 56-аар, төрийн албан хаагчдын орон тоог 1,669 хүнээр бууруулах тооцоолол гарсан байна.

Үүнд, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвд нэгтгэх, Үндэсний хөгжлийн хүрээлэн болон Стратеги судлалын хүрээлэнг нэгтгэж ҮАБЗ-ын харьяалалд шилжүүлэх, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори болон Малын эм, эмнэлгийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийг нэгтгэх,  Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийг Насан туршийн боловсролын үндэсний төвтэй нэгтгэх,  Эмийн сорилын лабораторийг Шим тэжээл хоол судлалын үндэсний лаборатори болон Хор судлалын лабораторид нэгтгээд хамтад нь  Мэргэжлийн хяналтын лабораторид шилжүүлэх,  Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Байгаль орчны мэдээлэл, тооцооллын төв, Байгаль орчны шинжилгээний төв лаборатори гурвыг нэг болгох, ОБЕГ-ын харьяа "Аврагч" биеийн тамир спортын хороог ОБЕГ-т нэгтгэхээр төлөвлөжээ. Эдгээрийг ийн нэгтгэх явцад 82 орон тоо цомхотгогдох аж.

Мөн Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан үндэсний хороо, Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөл, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, УИХ-ын ордон барих төслийг хэрэгжүүлэх нэгжийг тус тус татан буулгаж 13 орон тоог бууруулахаар болж.

Аж ахуйн тооцоонд шилжүүлэх, удирдлагын үйл ажиллагааг нь хувьчлах замаар Удирдлагын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны тєв, Тээвэр, авто замын газар, Буянт-Ухаа биеийн тамир, спортын ордон, Техник спортын клубууд, Олимпын бэлтгэлийн төвийн 592 орон тооны ачааллыг бууруулах.

Түүнчлэн Засгийн газрын шинэчилсэн бүтцийн дагуу татан буугдсан Цөмийн энергийн газрын бодлого боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотой 25 орон тоог Цөмийн энергийн комисст, цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цацрагийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих, цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэхтэй холбоотой 35 орон тоог мэргэжлийн хяналтын байгууллагуудад, бодлогын асуудал хариуцсан 2 орон тоог Уул уурхайн яаманд, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой 6 орон тоог Ашигт малтмалын газарт шилжүүлж, орон тоог 28-аар, урсгал зардлыг 1.1 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан. Засгийн газрын шинэ бүтцийн дагуу татан буугдсан Хилийн боомтын нэгдсэн захиргааг татан буулгаж, боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий үйлчилгээний 128 орон тоог гаалийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад шилжүүлж, орон тоог 70-аар, урсгал зардлыг 0.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулна хэмээн үзжээ. 

Түүнчлэн Төсвөөс бүрэн санхүүждэг болон санхүүжилтийн зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлдэг тусгай санг татан буулгаж 2015 онд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгийн зарим хэсгийг холбогдох байгууллагын төсөвт шилжүүлж үлдэх урсгал зардлыг төсвөөс бууруулна. Ингэснээр 10.9 тэрбум төгрөгөөр урсгал төсөв сайжрах боломжтой. Мөн Соёл, урлаг хөгжүүлэх сан, Байгаль  хамгаалах сан, Монгол судлалын сангийн ажлын албадыг татан буулгаж орон тоог 20-оор цомхотгох гэнэ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж