Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Нүүр номчин

ЭМЧ: Сайн уу? Алив нүдээ нээгээрэй, та ухаан оров уу, намайг харж байна уу, хариулаарай…

ГАНАА: Сайн….сайн уу? …харж байна… Би хаана байна аа?

ЭМЧ: Та эмнэлэгт байна. Ядаргаа тань туйлдаа хүрснээс гэртээ ухаан алдан унасан  байна. Азаар сүлжээнд харилцаж байсан хүн чинь сэжиг авч дуудлага өгсөн юм.

Г: Аа Улаан үст хэлж. Хамт ажилладаг юм. Бид хоёр маш чухал асуудлаар мэтгэлцэж байсан юмсан.

Э: Хамт ажилладаг ий? Та ямар ажил эрхэлдэг вэ?

Г: Аа… би нүүр номчин.

Э: Тийм л дээ. Ойлголоо. Та хамгийн сүүлд хэнтэй уулзсан бэ?

Г: Маш олон хүнтэй, манай хамт олон олуулаа.

Э: Яг нүүр тулж уулзсан хүн?

Г: Эхнэртэйгээ… өглөө бил үү дээ.

Э: Ойрд өөр хүнтэй уулзсан уу?

Г: Өдөржингөө л янз бүрийн хүмүүстэй уулзаж, асуудал шийдэж, оволзож явдаг шүү дээ.

Э: Яг нүүр нүүрээ харалцаж уу?

Г: Яг нүүр тулж уу? …үгүй, санаанд орохгүй байна… Эмч ээ, энэ хөшгийг хаачих тэх үү? Нүүрэн дээр нар тусаад байна.

Э: Нүд чинь гялбаад байна уу? Танай гэрийн хөшиг байнга хаалттай байдаг уу?

Г: Бараг л…

Э: Та хэзээ хамгийн сүүлд усанд орсон бэ?

Г: Саявтархан байх аа…

Э: Яг хэзээ?

Г: Өчигдөр байх…

Э: Үгүй л байна даа. Сайн бод доо, хэзээ шүршүүрт ус гоожуулж байгаад, биеэ савандаж угаасан бэ?

Г: Яг хэзээг бол мэдэхгүй ээ.

Э: Тэгвэл гар нүүрээ хамгийн сүүлд хэзээ угаасан бэ?

Г: Өнөө өглөө байлгүй дээ…

Э: Яг уу?

Г: Тийм байх…

Э: Шүдээ угаагаагүй байна, тийм үү?

Г: Амжаагүй.

Э: Тэгвэл хэзээ хамгийн сүүлд юм идсэн бэ?

Г: Идсэн идсэн. Би ажлаа хийхдээ хажуудаа идэх юм тавиад тухлах дуртай. Манай ажлын ихэнх хүмүүс ижилхэн.

Э: Юу идсэн бэ?

Г: Яг юу идсэн гэж үү? За байз? Зөөлөн бас зажлууртай байсан. Боов юм уу боорцог байсан байх.

Э: Тэгвэл юм уусан уу?

Г: Эхнэрийнхээ кофены үлдэгдлийг уусан.

Э: Өөр юу ч идээгүй юу? Өдрийн цай уусан уу?

Г: Уусан байх аа.

Э: Өдөр халуун хоол идсэн үү?

Г: Үгүй, хиам идсэн.

Э: Хиам талх уу?

Г: Талх идээгүй, хиам харин горойтлоо идсэн.

Э: Хэр ихийг?

Г: Хоёр гонжгорыг. Гурвыг ч юм уу.

Э: Өнөөдөр ямар ажил амжуулав даа?

Г: Өө өнөөдөр зөндөө загнуулсан.

Э:Хэнд?

Г: Ерөнхий сайд, Ерөнхийлөгч бас Мойлхонд.

Э: Ерөнхий сайд Хүрэлсүхэд үү?

Г:Биш ээ, манай нүүр ном бас Ерөнхий сайдтай л даа. Ес, Ерөнхийлөгч хоёр маань Эрдэнэтийн асуудлаар санал нийлэхгүй биднийг ёстой талцуулж дууслаа. Би бүр аль талд нь орохоо мэдэхээ байгаад.

Э: Яагаад загнуулдаг билээ?

Г: Эрдэнэтийн асуудлаас болоод.

Э: Эрдэнэтийг төр буцааж авахаар шийдэгдчихсэн биз дээ?

Г: Тиймээ. Гэхдээ Стандарт банкинд барьцаалсан зээлийн төлбөрөөс нь суллах ажил үлдсэн.  Зуун сая долларыг хэн төлөх, яаж төлөх, хүү торгуулийг зогсоох арга байна уу гээд бөөн асуудал. Би ажлын хэсэгт орчихсон биш шөнө ч унтах завгүй болсон.

Э: Ерөнхийлөгчид яагаад загнуулсан юм?

Г: Таван Толгойн нүүрсийг Алс Дорнодоор дамжуулан далайд хүргэх саналыг нь эсэргүүцсэн юм. Яаж ч тооцсон зардал өндөр гарна. Тэгснээс Хятад руу тээвэрлэх төмөр замын боомтоо нэмэгдүүлэх нь зүйтэй байгаа юм. Алс Дорнодоор зөөнө гээд байгаа. Тэгвэл монгол ялагдаж таарна. Улаан мөнгөний ашиггүй ажил хийхээр ялагдана биз? Үзэлцдэг л газар. Сүүлчийн цамцаа урагдаж дуустал үзнэ л гэсэн байгаа.

Э: Мартсанаас хагас сайнд тог тасарлаа. Танай Засгийн газар энэ асуудлыг хэлэлцсэн л биз дээ?

Г: Тэгэлгүй яахав. Тог ирүүт ажлын хэсгийн шуурхай хуралдаан эхлээд үүр цайлгасан юм. Тэгээд л би ачааллаа дийлэлгүй ухаан алдсан хэрэг. Гэхдээ амжилттай. Эрчим хүчний системд гарсан өчигдрийн саатлын үндсэн шалтгаан дээр ажлын хэсгийн бүх гишүүд нэгдсэн байр суурьтай болж чадсан.

Э: Өнөөдөр хэддэхь өдөр вэ?

Г: Мэдэхгүй ээ. Түрүүн та хагас сайнд тог тасарсан гэл үү? Түүнээс хойш хэд хоног өнгөрсөн байх уу?

Э: Өнөөдөр даваа гариг. Та хагас сайны оройгоос өнөө өглөө хүртэл тасралтгүй хуралдаж.

Г: Тэгсэн.

Э: Тэгвэл Мойлхонд яагаад загнуулсан гэж?

Г: Тэр чинь миний эхнэр юм чинь.

Э: Эхнэр чинь бас ажил дээрээсээ сүлжээнд ордог юм уу?

Г: Биш ээ албан ёсны эхнэр биш. Нүүр номын эхнэр.

Э: Аа зөв. Тэгээд бас Эрдэнэтийн асуудлаар загнасан юм уу?

Г: Үгүй ээ, тэр бол амин чухал хэр нь нэг тийм маргаантай асуудлаас болсон юм. Тэр тухай хэлж болохгүй ээ, гэр бүлийн нууц байгаа юм.

Э: За ойлголоо. Гэхдээ чи албан ёсны эхнэртэй хүн. Цахим эхнэр давхар байж таарахгүй.

Г: За.

Э: Өөр юу хийсэн?

Г: Ерөнхийлөгчийн даалгавраар “Эрдэнэт ба хувийн өмч” хэлэлцүүлэгт оролцож мэтгэлцсэн. Ёстой алуулах шахсан.

Э: Хэнд алуулах шахав?

Г: Хэдэн гишүүдэд.

Э: УИХ-н гишүүд бас байх уу?

Г: Байлгүй яахав, мэтгэлцээнд суудаггүй байж гэнэт гарч ирж бүлтэрдэг гарууд байдаг юм.

Э: Мэтгэлцээн чинь хэр удаан үргэлжилсэн бэ?

Г: Бараг зургаан цаг байх аа. Би хурал эхлүүт нүдүүлж эхэлсэн болохоор хаяж гараад эрчим хүчний доголдлын асуудлаарх хуралдаа үргэлжлүүлэн суусан.

Э: Өдөржин хөдөлгөөнгүй суусан байх нь ээ?

Г: Магадгүй… Сүүлийн үед цаг үеийн хурц, огцом асуудлууд ихтэй, байнга ачаалалтай байгаа.

Э: Ямар нэг дасгал хийсэн үү?

Г: Хийсэн. Хоёр удаа босож хөргөгчөөс идэх юм авсан.  …аа бас 2 удаа жорлон орсон.

Э: Ус уусан уу?

Г: Санахгүй байна.

Э: Ширээн дээр чинь цэнхэр аяга байсан.  Чиний аяга уу.

Г: Биш, эхнэрийн кофены аяга.

Э: За даралт чинь тогтворжиж сайжирлаа. Одоо эхнэр чинь ирээд чамайг авч явтал хэвтэж байгаарай, за юу?

Г: Үгүй ээ, би яаралтай явалгүй горьгүй. Ерөнхий сайдтай холбогдож маргааш иргэний нийгмийнхэнтэй хийх хэлэлцээрийнхээ тактикийг тохиролцоно.

Э: Эхнэр чинь чамайг авахаар ирж яваа, жаахан хүлээчих, за юу?

Г: Би ажлаасаа хоцрох нь… Аягүй бол халагдана аа. Миний байрыг эзлэх санаатай цүнх баригчид хэчнээн олон гээч.

Э: Ерөнхий сайдтайгаа түрүүн тохирчиж болоогүй юм уу.

Г: Амжаагүй юм аа, хүүхдийнх нь тарах цаг болчхоод усанд ч орж амжилгүй шууд гарсан. Одоо яг ирж байх учиртай. Бас сансарын станц дээр байгуулагдсан их сургуулийн нээлтийн ёслолд оролцохоор олон улсын сансар судлалын багийнхантай тохирсон юмсан. Хоцрох нь.

Э: Эхнэр чинь ирчихлээ гэнэ ээ. Ажлын амжилт хүсье. Ачааллаа тохируулах хэрэгтэй. Хажуудаа ядаж аягатай ус тавьж бай. Та харангадаж үхэх шахлаа.

Г: Баярлалаа. Танд бас.

С.ЭНХЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж