Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйн орчноор оюутны үндэсний тэтгэлгийг 2.0-оос дээш голч дүнтэй суралцсан оюутанд олгохоор байгаа. Ингэж тооцоод 68.7 тэрбум төгрөг, урамшууллын тэтгэлэгт 9.0 тэрбум төгрөг, нийт 77.7 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт тусгаад байсан билээ.
Тэгвэл төсвийн тодотголын хүрээнд энэхүү тэтгэлэг авах босгыг өндөрсгөж, төсөвт хэмнэлт хийхээр шийдсэн бөгөөд хавтгайруулан олгож байгаа үндэсний тэтгэлгийг сурлагын амжилттай нь уялдуулах, харин сурлагын өндөр амжилт гаргасан суралцагчдад олгож байгаа урамшууллын тэтгэлгийг хэвээр үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингээд үндэсний тэтгэлгийг сурлагын амжилттай нь буюу 3.0 голч дүнгээс дээш суралцсан оюутанд олгохоор тооцсон бөгөөд үүнээс жил 33.7 тэрбум төгрөг хэмнэгдэхээр тооцоо гарсан байна.
Төсөлд төлөвлөснөөр үндэсний тэтгэлэгт хамрагдах суралцагчийн тоо 50206, Урамшууллын тэтгэлэгт хамрагдах суралцагчийн тоо 30861 байх бололтой.
2012 оны эхнээс өнөөдрийг хүртэл Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу үндэсний болон урамшууллын тэтгэлгийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа оюутнуудад олгосон бөгөөд давхардсан тоогоор 2012 онд нийт 166.4 мянган оюутанд 102.3 тэрбум төгрөгийн, 2013 онд 166.6 мянган оюутанд 104.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон бөгөөд 2014 онд 159.0 мянган оюутанд 95.8 тэрбум төгрөгийн тэтгэлэг төсөвлөн олгожээ. Ийнхүү уг арга хэмжээг гурван жил хэрэгжүүлэхэд нийт 307.2 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулаад байгаа аж.
Б.ЭНХ