13 настай охин амиа алдсан "Очир" төв нэрээ "Элит" болгожээ

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

13 настай охин амиа алдсан "Очир" төв нэрээ "Элит" болгожээ

13 настай охин амиа алдсан "Очир" төв нэрээ "Элит" болгожээ

Одоогоос жил гаруйн өмнө 13 настай охин "Очир" төв хэмээн зочид буудалд бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарснаас хойш "Очир" төв ажиллаасаар. Тэд бүр үйл ажиллагаагаа өргөжүүлж, баар, цэнгээний газартай болжээ. Хэн бүхний санаанд багтамгүй хэрэг гарсан энэ газрын үйл ажиллагааг зогсоох ёстой хэмээн олон нийтийн зүгээс хүссэн. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудалд анхаарч, "Очир" төвийг хаах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байсан удаатай. Тэрбээр,  13 настай охин бусдад хүчиндүүлж амиа алдахад орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэх “Очир” төвийн үйл ажиллагааг хаах ёстой хэмээн үзсэн байна. Мөн хүчирхийлэл бусармаг явдлын үүр уурхай болсон эл буудлын үйл ажиллагааг зогсоож, гарсан зөрчлийг арилгах, арга хэмжээ авах, тодорхой бодлого боловсруулах хүрээнд нэг сарын хугацаа өгчээ.

Гэвч тус буудлын үйл ажиллагаа зогсоогүй хэвийн явагдаж байгаа гэх мэдээллийн дагуу биднийг очиход буудлын хаалга онгорхой, эхний давхарт нь караоке, хоёрдугаар давхарт нь буудал ажиллаж байв.

"ОЧИР ТӨВ" НЭРЭЭ ӨӨРЧИЛЖ "ЭЛИТ" БОЛГОЖЭЭ

Бид үйлчлүүлэхээр явж буй иргэний үүднээс тус буудал руу орлоо. Шатаар дээшээ гарвал “Элит төв” гэсэн бичиг өлгөөтэй байх аж. Буудлын ажилтан бололтой 30 орчим насны залуугаас өрөөний үнэ хөлс, үйл ажиллагааны талаар хэдэн зүйл тодруулав. Түүнээс “буудал ажиллаж байна уу. Бид нар олуулаа явна” гэхэд ажиллаж байгаа өрөө авах юм уу гэсээр угтав.

-Өрөөний үнэ ханш нь хэд вэ?

-Өдрөөр үйлчлүүлбэл 15 мянга, хоногоор үйлчлүүлбэл орныхоо тооноос шалтгаалж 30-45 мянган төгрөг байгаа.

-Тэгвэл гаднаас архи дарс оруулж ирж болох уу?

-Болно. Гарахдаа архины шилээ цонхоор хаях юм уу эсвэл бид нарт өгөөрэй. Орохдоо мөнгөө төлөөд иргэний үнэмлэхээ ч бас үлдээгээрэй.

-Шөнө унтаж байхад цагдаа нар шалгалтаар ороод ирэх юм биш биз дээ?

-Гайгүй биз дээ зүгээр санаа зоволтгүй унтаж болно гээд бидний яриа өндөрлөлөө.

Бид цааш буудлын өрөөнүүдтэй танилцав. Тус буудал дотроо зургаан өрөөтэй. Нэг ортой гэгдэх 303 дугаартай өрөө рүү ороход дөнгөж саяхан цэвэрлэгээ хийсэн бололтой хлорамины хурц үнэрт хамар цоргино. Эргэн тойрныг ажвал ханын цаас нь энд тэндээ урагдаж, шал нь халцарчээ. Дараагийн өрөөнд орвол дундаа жижигхэн ширээ, хоёр модон ортой. Орны бүтээлэг нь хир даг сууж, тамхины иш цонхны тавцан дээр харагдлаа. Үүгээр ч зогсохгүй биднийг доошоо буухад архи үнэртүүлсэн 30 орчим насны халамцуу залуу, насаар дүү гэмээр бүсгүйг хөтөлсөөр орох нь цаанаа л сэтгэлд сэвтэй.

Мөн доод давхарт нь баар цэнгээний газар, караоке шинээр нээгдэж, өдрийн цагаар үйлчлүүлэгч хомсхон байлаа. Энэ асуудлаар буудлын эзэн гэгдэх эмэгтэйгээс тодруулахад “Нэг хэсэг үйл ажиллагаа нь зогссон. Би хэсэг хугацаанд тус буудлыг түрээсэлсэн. Одоогоор үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Өөр зүйл мэдэхгүй” гэсэн мэдээллийг өгөв.

“ОЧИР ТӨВ”-ИЙГ  200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГООД ӨНГӨРЧЭЭ

Эргэн сануулахад талийгаач охины амиа алдах орчин нөхцөлийг бүрдүүлсэн “Очир төв”-ийг зөрчлийн тухай хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгоод өнгөрчээ. Энэ асуудлаар бид талийгаач охины өмгөөлөгч Р.Булгамаатай холбогдов. Тэрбээр “Бага насны хүүхэд амиа алдах орчин нөхцөлийг бүрдүүлсэн аж ахуй нэгж хуулийн этгээд өнөөдөр хуулийн ямар хариуцлага хүлээх вэ гэдэг хамгийн анхаарал татсан асуудал. Өнөөдөр үйлчилж буй зөрчлийн хуулийн хүрээнд архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 6.5, 11.5-ийн дагуу тухайн хуулийн этгээдэд өөрөөр хэлбэл 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчилсэн гэдэг зүйл заалтын хүрээнд 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Өмгөөлөгчдийн зүгээс бага насны хүүхдийг амь насыг нь аюултай нөхцөлд амиа алдах нөхцөлийг бүрдүүлж тусламж үзүүлээгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхээс "Очир" төвийг иргэний хариуцагчаар татъя гэдэг” шийдвэр гаргасан гэсэн мэдээллийг өгөв.

Гэсэн ч өнөөдрийг хүртэл амиа алдсан охины хэрэг эцэслэн шийдэгдээгүй олны анхаарлын төвд байгаа юм. 13 настай охины хэргийг шүүх хурал 2018 оны зургадугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Шүүхээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. Өмгөөлөгчийн мэдээлснээр эл хэргийн шүүх хуралдаан ирэх аравдугаар сарын дундуур болох төлөвтэй байгаа аж.

Э.АРИУН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж