Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Владивосток хотноо болж өнгөрсөн Дорнын эдийн засгийн форумд азийн улс орнуудын төлөөлөгчид чуулж улс төр, эдийн засгийн яриа өрнүүлэв. Уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Си Жиньпин, Японы ерөнхий сайд Шинзо Абе, Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ли Нак Ён болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гээд Азийн орнуудын удирдагчид оролцов.
Энэ удаагийн эдийн засгийн форумын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Японы ерөнхий сайд Шинзо Абег эх орондоо урьсан нь хэн бүхний анхаарлыг татсан явдал болсон гэж олон улсын судлаачид дүгнэв. 2018 оны наймдугаар сарын 12-нд БНХАУ болон Япон улсын хооронд дэлхийн II дайны дуусгавар болсны энхийн гэрээ тогтоосны 40 жилийн ойн тохиосон. Энэхүү уулзалтаар Шинзо Абе БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчянтай уулзсан.
“Бид Япон улстай удаан хугацааны туршид хамтран ажиллах сонирхолтой байгаа ба хоёр улсын харилцаанд эерэг өөрчлөлт болон тогтвортой хөгжлийг эрхэмлэх болно” хэмээн БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян уламжилсан болохыг Синхуа агентлаг мэдээлсэн.
Япон улс Дэлхийн II дайны үеэр БНХАУ, БНСУ эзлэн түрэмгийлж, ёс бус хэргүүд үйлдэж байсан түүхтэй бөгөөд үүнээс болж хөрш орнуудтайгаа эв түнжин муу байдаг билээ. Дайны эмзэг сэдэв болсон хүн дээрх туршилтууд, хядлага болон бэлгийн хүчирхийлэл зэрэг хүний эрхийг ноцтой зөрчиж байсан хэргүүдээс болж одоо болтол улс төрийн сайнаар яригддаггүй. Мөн 21-р зуунд БНХАУ болон Япон улсуудын харилцааг хурцдуулсан онц үйл явдал тохиосон нь 2011 оны Сенкаку болон Диаёо арлуудын зөрчилдөөн хурцдаж, улмаар хоёр улсын харилцаанд сэв суулгасан билээ. БНХАУ-ын ард иргэд Японыг эсэргүүцсэн жагсаал хийж байсан удаатай. Япон улсын ард иргэд ч БНХАУ-ыг эсэргүүцсэн хөдөлгөөн зохион байгуулсан. Энэ үеэс хойш БНХАУ, Япон улсын хамтын харилцаа царцаад байсан юм.
ШИНЗО АБЕ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
2012 онд Япон улсын Засгийн эрхийг Шинзо Абе барьж буй. Түүнээс Шинзо Абе “Абеномикс” буюу түүний санаачилсан нийгэм, улс төр, эдийн засгийн хэмжээнд шинэчлэл хийх хөтөлбөрийг санаачилсан нь Японыг дэлхийн тавцанд болон Азидаа ямар тоглогч байхыг тодотгосон. Япон улсын эдийн засаг сүүлийн 20 жилд зогсонги байдалд орж байсан бөгөөд 2012 оноос өмнө дотоодын нийт бүтээгдэхүүн нь 5.2 хувийн алдагдалд хүрч байсан удаатай. Шинзо Абе ерөнхий сайдаар томилогдсоноор эдийн засагт эерэг өөрчлөлт авчирч гаднын хөрөнгө оруулагчдыг Япон улс руу татаж эхэлсэн. Үүний нэг тод жишээ нь импорт болон экспортын бараа өсч гаднаас хөдөлмөрийн хүч хайх хэрэг болсон.
ЯЛАГЧ НЬ ТОДОРХОЙ НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬ
Японы либерал намын даргын сонгууль удахгүй болох бөгөөд урьдчилсан таамгаар Шинзо Абе ялах магадлал өндөр байгаа аж. Хэрэв Шинзо Абе либерал намын даргаар сонгогдвол Япон улсын түүхэнд хамгийн урт ажилласан ерөнхий сайдаар үлдэх ажээ. Гэхдээ энэ сонгуулиас өмнө Шинзо Абе Япон улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах бодолтой байгаа. Үүнийг олон улсын судлаачдын зүгээс "Шинзо Абе үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, өөрийн эрх барих хугацааг тогтвортой, удаан байлгахыг хүсч байна" гэж дүгнээд буй. Японы либерал намын даргын сонгуульд Шинзо Абетай нэг л хүн өрсөлдөж буй. Үүнийг нь ч өнгөлөн далдлалт буюу Абег ялуулах нэр дэвшигч гэж ч тодорхойлоод буй. Өөрөөр хэлбэл, Энэ удаагийн намын даргын сонгуульд ялах цор ганц хүн нь Абе. Гэхдээ түүнийг өрсөлдөгчгүйгээр ялуулах боломжгүй учраас ийнхүү хэн нэгнийг дэвшүүлж буйг ч судлаачид онцлоод буй. Намын чуулга уулзалтаар Шинзо Абе Японы өөрийгөө-хамгаалах цэргийн хүчийг АНУ-аас харьяат бус болгох шинэчилсэн тогтоол тусгасныг онцолж байсан юм.
Харин ирэх аравдугаар сард Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе БНХАУ-ын удирдагч Си Жиньпинтэй ямар учраас уулзахаар болов. Энэхүү уулзалт олон улсын тавцанд хамгийн их сонирхол татах үйл явцын нэг гэж дүгнэж байна. Тэдний уулзах ганц шалтгаан бол худалдааны дайн. АНУ-ын тэргүүн Трампын тавьсан хориг Хятадын эдийн засагт нөлөөлөөд эхэлсэн. Энэ хоёр улсын харилцан худалдааны дайн эдийн засгийн хувьд гуравдагч орныг түшиглэх гарцыг хайхад хүргэж буй. Тиймээс ч энэ удаагийн Си Жиньпин, Шинзо Абе нарын уулзалтыг олон улсын судлаачдын дүгнэж байгаагаар энэхүү уулзалт БНХАУ болон Япон улсын эдийн засагт нөлөөлөхүйц уулзалт болно гэсэн таамгийг хамгийн их дэвшүүлжээ.
АНУ болон БНХАУ-ын хооронд үргэлжилж буй худалдааны дайн одоо болтол тодорхой хэлэлцээрт хүрэлгүй харин ч татварын бодлогоо чангалж, үнийн дүнг нэмэгдүүлж буй. АНУ энэ тал дээр хатуу байр суурь баримталж, татвараа 200 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр зэхэж байна. БНХАУ-ын Засгийн газар хариу арга хэмжээ авах гэж үзсэн боловч АНУ эрх баригчид зөвшөөрөхгүй байгаа аж. Тэгвэл БНХАУ Трамптай шууд тэмцэхээс илүү ази тивд эзлэх өөрсдийн байр суурийг бэхжүүлэх замаар энэ удаагийн худалдааны дайнтай тэмцэж буйг олон улсын судлаачид хэлж буй. Си Жиньпин удирдагч өнгөрсөн хугацааны бараан түүх яриахаас илүү одоо тулгарч буй асуудалд нухацтайгаар хандаж байгаа нь Шинзо Абег урьсан явдал. Гэхдээ энэ уулзалт дан ганц Си даргад ч бус Японд ч хэрэгтэй уулзалт болно.
Учир нь Япон улсын Засгийн газрын өр анхаарлын тэмдэгтэй байгаа. Олон улсын валютын сангаас 2017 онд гаргасан дүн шинжилгээгээр Япон улс 10 их наяд ам.доллартай тэнцэх өртэй гэж гарсан бөгөөд энэ нь даруй дотоодын нийт бүтээгдэхүүнээс 253 хувиар илүү байгаа аж.
БНХАУ-тай эдийн засгийн салбарт харилцан түншлэлийн гэрээ байгуулснаар улмаар татвараас чөлөөлөгдөж Япон улсын Засгийн газар өрийн дарамтыг нимгэлэх зорилт тавьж байгаа бөгөөд Шинзо Абегийн айлчлал Японы эдийн засагт эерэг үр дагавар авчирч болзошгүйг олон судлаачид таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, худалдааны дайн Япон улсын эрх баригчдад эдийн засгаа сэргээх боломж гаргаж байгаа нь энэ.
Гэхдээ Японы хэвлэл мэдээллийн агентлагууд 2017 онд ард иргэдийнхээ дунд явуулсан санал асуулгаар Шинзо Абегийн хэрэгжүүлж буй “Абеномикс” хөтөлбөр шинэчлэлт хийсэн эсэх асуултад оролцсон иргэдийн ихэнх нь “үгүй” хэмээн хариулжээ.
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ