Бөмбөрцгийн хүмүүст хүргэсэн санал

Хуучирсан мэдээ: 2018.09.17-нд нийтлэгдсэн

Бөмбөрцгийн хүмүүст хүргэсэн санал

Бөмбөрцгийн хүмүүст хүргэсэн санал
battulga

Евро Азийн хоёр том гүрний харилцаа түүхэндээ байгаагүй халуун дулаан, харилцан ойлголцсон, харилцан дэмнэсэн хэмжээнд байгаагаа өнгөрсөн долоо хоногт болсон хоёр том үйл явдлаар нотоллоо. Эхнийх нь Монголын зүүн хилээс ердөө 200 гаруй км-ийн цаана болсон “Восток-2018” цэргийн сургуулилалт байсан бол хоёр дахь энэ жил дөрөв дэх удаагаа болж буй Владивостокийн Дорнын Эдийн засгийн форум байлаа.

ОХУ болон БНХАУ-ын энэ их элгэмсүү байдал хоёр улсын харилцааны хөгжлийн жам ёсны дараагийн шат гэхээсээ илүүтэй дэлхийд өгч буй дохио гэж хүлээн авч байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдээллийн сувгууд, олон улсын харилцааны шинжээчид илэрхийллээ. Ялангуяа Зөвлөлт холбоот улс задран унасан буюу дэлхийн хүйтэн дайн дууссанаас хойш Орос улс ийм нүсэр хэмжээний цэргийн сургуулилалтыг хийгээгүй байсныг онцлон тэмдэглэж байна. Албан ёсны мэдээллээр ОХУ, БНХАУ болон Монголын нийт 300 мянган алба хаагч, оролцсоны дийлэнх Оросын цэргийн бие бүрэлдэхүүн 1000 орчим онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, 36 мянган танк, хуягт болон машин, мөн 80 гаруй усан онгоцоор стратегийн сургуулилалт хийсэн байна. Хятад болон Монголын цэргийн бие бүрэлдэхүүн сургуулилалтын нэг үе шатанд оролцсон байна. Хамгийн сүүлд ийм нүсэр сургуулилалтыг оросууд 1981 онд “Запад-81” нэртэй хийж байсан юм. Оросын талаас Төв болон Зүүн цэргийн тойрог, Хойд усан флот, мөн агаарын десантын том бүрэлдэхүүн оролцсон байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн шууд удирдлаган дор явагдсан цэргийн сургуулилалтад Ерөнхийлөгч Путин Владивостокийн Эдийн засгийн форумыг дуусган хүрэлцэн очсон. Оросын цэргийн сургуулилалт дуусахтай зэрэгцэн Польш улс НАТО-гийн цэргийг нутагтаа байршуулах нь тодорхой боллоо хэмээн мэдэгдсэн нь Оросын хувьд тун таагүй мэдээ боллоо.

ОХУ Крымын хойгийг бүрэлдэхүүндээ оруулснаас хойш зохиогдож буй Дорнын Эдийн засгийн форумд Хятадын дарга Си Жиньпин анх удаа оролцлоо. Өнгөрсөн хавар Хятадад Владимир Путин, Си Жиньпин нар хамт бууз чимхэж байсан бол энэ удаад Владивостокод өөрсдийн хайрсан шарвиндаа загасны дүрс ороон идэж, цагаан архиар дарууллаа. АНУ, Хятад хоёрын хооронд өрнөөд байгаа худалдааны дайнд Хятадыг дэмжихээ Орос илэрхийлсэн нь зүй ёсны зүйл байлаа. Яах аргагүй бөмбөрцгийн хүмүүс. Энэ удаагийн Владивостокт гурван улсын төрийн тэргүүн, үүнд, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, хоёр улсын Ерөнхий сайд, тухайлбал, Японы Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ли Наг Ён нар оролцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр дахь удаагаа оролцлоо. Сонгогдсоноосоо хойш энэ түүний гадаад дахь гурав дахь ажлын айлчлал болж байгаа юм. Өнгөрсөн жил Владивостокт мэндчилгээний үг хэлсэн манай Ерөнхийлөгч энэ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ төслийг эхлүүлэхийг санал болголоо. Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл гэж үзэж байгаагаа Х.Баттулга хэллээ. Монголын талын энэ санал хэр дэмжлэг авч, ажил хэрэг болохыг хэлж мэдэхгүй ч эрчим хүчний найдвартай хангамж, үйлдвэрлэл, түгээлтийн асуудал ямар ч газар орон, цаг хугацаанд онц чухал асуудал гэдэг нь ойлгомжтой. Амин чухал гэдгийг ч өнгөрсөн Бямба гаригт нийслэл хот даяараа цахилгаангүй хоёр цаг болсон гэнэтийн онц байдал нотолсон.

Өнгөрсөн 2017 оны Владивостокийн форумд оролцсон БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин мөн ийм санал гаргаж, энэ оны зургадугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ саналаа ажил хэрэг болгох алхмыг хийсэн тухай тухайн үед хоёр орны хэвлэлүүд мэдээлсэн.

Эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй Монгол улс энэ саналаа бүс нутгийн хэмжээнд гарган тавьж, илүү өргөн хүрээнд, илүү олон талын оролцоотой болгох ажлыг яаралтай эхлүүлж санаачилгыг гартаа авч чадвал бөмбөрцгийн биш юмаа гэхэд бүс нутгийн тоглогч болох боломжтой. Нөгөө талаар нүүрсийг ухаж гарган, экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүн гэж харахаас илүүтэй эрчим хүчний эх үүсвэр гэж үзэн төрийн бодлогыг зангидах нь Ерөнхийлөгчийн санал ажил хэрэг болоход ихээхэн дэмтэй.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж