Хан-Уул дүүргийн VI хороонд оршин суух иргэн А.Дугаржавын хашаанд модод найгаж, жимс алаглана. Гэрийн эзэн А.Дугаржав “Одоогоос 17 жилийн өмнө хашаандаа чацарганы мод анх тарьж байлаа. Одоо чацарганаас гадна мойл болон үхрийн нүд тарьж, гэрийнхээ өвлийн хэрэглээний жимсээ бүрэн хангаж байна. 17 жил тарьсан зүйлийнхээ үр шимийг бага ч гэсэн хүртэх чинь урамтай л юм. Хашааны багтаамждаа тааруулаад боломжоороо олон зүйл хийхийг зорьж байгаа” хэмээв.
Гэргий Б.Должинсүрэн “Гэр хороололд ч сайхан амьдрах боломж бий. Бид хоёр хашаагаа илүү сайхан болгоно. Битүү зүлэгжүүлж, замаа зориулалтын хавтангаар өнгөлнө. Үхрийн нүд болон мойл жимсээ хураачихсан. Хүйтрээд ирэхээр нь чацарганаа хураана. Анхны цас орсон үед чанарганы модыг хөдөлгөхөөр жимс нь өөрсдөө унадаг юм. Хураасан жимсээ гурав дахин угааж хэрэглэдэг. Өөрсдөө тарьсан жимсээ хэрэглэхээр урамтай байдаг” гэв.
Үргэлжлүүлэн гэрийн эзэн А.Дугаржав “Бид хоёроос ч илүү гоё хашаатай, хашаандаа олон сайхан жимс тарьж, сайхан амьдарч байгаа хүмүүс олон бий. Одоо ч бүх зүйл хялбар болж дээ. Мод яаж тарих, хашаагаа яаж сайхан болгох зөвлөгөө интернетээр дүүрэн байна. Миний хувьд өтөг бууц ашигладаг, бас долоо хоног бүр модоо усалдаг юм. Гэхдээ энэ жил бороо их орсон болохоор усалгаа харьцангуй бага орсон. Бас хашааны зүлэг их сайн ургасан. Зүлгээ хадаад манайд сүү авчирч өгдөг эмгэнд өгсөн” гэж байлаа.
Харин Б.Должинсүрэн “Нийслэлчүүдийн дунд амьдрах орчноо сайжруулах уралдаан зарласан гэсэн. Зүгээр байхаар тэрэнд нь өвгөнтэйгөө оролцоё гэж бодоод байгаа. Бид хоёр орчноо илүү гоё болгож байгаа” гэлээ.
Тэд нийслэлээс зарласан “Манай хороо-Миний гудамж” аянд оролцохоор зэхэж байгаа нь энэ аж.
Сонирхуулахад, энэ оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор нийслэлийн есөн дүүрэг, 152 хороо, аж ахуйн нэгж, өрхийн дунд “Манай хороо миний гудамж” аян зарласан бөгөөд аян гуравдугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Мөн дүүргийн дэд ажлын хэсгээс тохилог орчин бий болгосон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “САЙН” тусгай тэмдэглэгээ, орчноо тохижуулаагүй дэд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “МУУ” тусгай тэмдэглэгээг олон нийтэд ил харагдах газарт наах ажээ.
Холбоотой мэдээ