Есдүгээр сарын 2 дахь долоо хоног улиран одож байна. Энэ долоо хоногт сөрөг хүчин сэрж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар засгийн эсрэг тодорхой дайралтууд хийснийг эс тооцвол улс төр харьцангуй нам гүм байлаа. Харин нийгмийн хүрээнд өрнөж байсан багш нарын ажилт хаялт зогсохоор болсон гэх мэдээлэлийг Засгийн газраас өгөөд байгаа билээ. Нөгөө талаар Бямба гаригт нийслэл даяар харанхуй болсон эрчим хүчний салбарт шинэ эх үүсвэр, шинэ бодлого хэрэгтэйг монголчуудад сануулсан үйл хэрэг болов.
АЖИЛТ ХАЯЛТ ЗОГСОВ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон МҮЭХ-ны Багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нар Баасан гаригт/2018.09.14/ мэдээлэл хийж Даваа гаригаас буюу есдүгээр сарын 17-ноос хичээл эхлэхээр болсныг дуулгав. Засгийн газраас гаргасан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэрийг багш нары эсэргүүцэн, цалингаа 50 хувиар нэмэх шаардлага тавиад хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс 14 хоног ажил хаялт зарлаад байсан юм. “2019 оны нэгдүгээр сарын нэгнээс ажлын ачааллыг үнэлдэг болно. Жишээлбэл нормоос давсан хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс олгоно. Ирэх онд багш нарын цалинг 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлнэ. Хамгийн гол нь 2014 оноос хойш багш эмч нарын цалингийн ялгаа 4.3 хувь байсан. Мөн төрийн үйлчилгээний албан хаагч 25 мянган хүний цалинг ижил хэмжээнд авчирлаа. Засгийн газрын талаас багш нарын цалинг 2019 онд 20 –иос доошгүй хувиар нэмэгдүүлэх” тохиролцоонд хүрлээ гэсэн тайлбарыг өглөө.
ЭРЧИМ ХҮЧ ТЭГ ЗОГСОВ
Дулааны IV цахилгаан станцад гал гарч нийслэл даяараа харанхуй болов. Эрчим хүч ямар үнэтэйг энэ удаагийн гэмтэл монголчуудад харуулсан болов уу. Учир нь, тавдугаар цахилгаан станц барина гэж 20 гаруй жил ярьж яваа монголчуудын хувьд олон жилийн насжилттай нийслэлчүүдийн эрчим хүчний гол зүрх болсон ДЦС-уудаа яаралтай шинэчлэх, шинэ эх үүсвэрүүдийг барих, ДЦС-ийн тоогоо нэмэх гээд олон анхуурлах тэмдэгтэй асуултуудыг бидэнд үлдээсэн том сургамж боллоо.
Осол нэг хүний гаргасан техникийн алдаанаас байж болзошгүй гэж салбарын сайд Ц.Даваасүрэн онцлоод Монгол Улс даяар эрчим хүч тасраагүй хэмээн өөрийгөө өмгөөлсөн мэдэгдэл хийлээ. Ямартай ч Монгол Улын гурван сая хүний гуравны нэг амьдардаг нийслэлчүүдийнхээ эрчим хүчний хэрэгцээг өвгөрсөн хэдхэн станцууд нь дийлэхээ больсныг энэ удаагийн явдлаас харж болно. Өөрөөр хэлбэл, эрчим хүч үгүй бол амьдрал үгүй гэдгийг технологийн зуунтай хөл нийлүүлэн яваа олон монголчууд бодитоор мэдэрсэн нь яамай.
Ж.ЭРХЭС