Японд 100 -гаас дээш настай 69785 ахмад байна

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

Японд 100 -гаас дээш настай 69785 ахмад байна

Японд 100 -гаас дээш настай 69785 ахмад байна

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын яам 100-гаас дээш настай 69785 ахмад амьдарч байгаа судалгааг нийтэд дэлгэжээ. Энэхүү судалгааг есдүгээр сарын 15-нд болдог Ахмадуудыг хүндэтгэх өдрөөр мэдээлсэн байна. Уг судалгааны тоон үзүүлэлт 48 жил дараалан өсөж байгаа аж.

Өндөр настай ахмадуудын 88.1 хувь буюу 61454 нь эмэгтэй бөгөөд өмнөх жилийнхтэй харьцуулахад 1875-аар өссөн байна. Харин 8331 эрэгтэйчүүд аж.

Ерөнхий сайд Шинзо Абе 115 настай Кане Танакатай уулзаж байна

Япон улсын Шимане муж нь зургаа дах жилдээ зуу насалсан ахмадын тоогоор тэргүүлж байгаа бөгөөд зуун мянган хүн тутамд нэг 101 настай ахмад байгааг судалгаагаар тогтоожээ. Харин үүний дараа Тоттори муж болон Кочи мужууд тус тус багтдаг байна.

Харин Сайтама, Айчи болон Чиба мужууд өндөр настай ахмадуудынхаа тоогоор сүүлд бичигддэг байна. Энэхүү судалгаагаар зуу насалсан хүмүүс хүн ам ихээр төвлөрсөн хот суурин газарт амьдардаггүй болохыг тогтоожээ.

Одоогийн байдлаар Япон улсад хамгийн өндөр настан нь 115 настай эмэгтэй бол түүний дараа 113 настай эрэгтэй Масазо Нонака ордог байна.

Япон улсын хэмжээнд 1963 онд ердөө 153 хүн 100 настай гэж бүртгэгдэж байсан аж.  Эрүүл мэндийн салбар хөгжсөнөөр энэ тоо 1998 онд арван мянга хүрч, 2012 онд 50 мянга гарч огцом өсчээ.

“Бид энэхүү судалгааг амьдарч буй газар нутгийн онцлог болон өөрчлөлт дээр тулгуурлаж нарийвчлан гаргаагүй боловч 100 наслах хүмүүсийн үе өсч байгааг тогтоосон. Энэ тоо цаашид улам өсөх болно. Бид хүмүүсийг урт удаан эрүүл амьдраасай гэж хүсэж байна” хэмээн Японы эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын яамны албаны хүн ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN NEWS
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж