Ерөнхийлөгч бүх нийтийн гүйлтийн нээлтэд оролцов

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч бүх нийтийн гүйлтийн нээлтэд оролцов

Ерөнхийлөгч бүх нийтийн гүйлтийн нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх зорилготой бүх нийтийн гүйлтийн тэмцээний нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.

Энэ гүйлт нь өнгөрсөн гурван жилийн турш зохион байгуулагдсан бөгөөд давхардсан тоогоор 3000 хүн гүйж, 950 гаруй сайн дурын ажилтан зохион байгуулалтын ажилд оролцож, 150 гаруй хувь хүн, аж ахуйн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжин ажиллаж иржээ.

Энэ жил гүйлт 3, 5, 10, 21, 42 км зайд болж, өмнөх жилүүдийн адил үйл ажиллагаанаас цугларсан бүртгэлийн хураамж, хандив, орлого нь нийгэмд үлгэр жишээ үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломжийг нь хангах, тусгай сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан чадавхжуулах зэрэг ажилд 100 хувьд зарцуулагдана гэж зохион байгуулагчид танилцууллаа.

Бүх нийтийн гүйлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Итгэл, найдвар, боломж” марафонд хүрэлцэн ирсэн тамирчдад өглөөний мэнд хүргэе. Хүн болгонд итгэл, найдвар, боломж байдаг. Тэр итгэл, найдвар, боломжийг яаж ашиглах нь та бүгдийн чин сэтгэлийн хэрэг. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэ марафоны оролцогчдод амжилт хүсье” гэж хэллээ.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа үг хэллээ. Тэрбээр:

“Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа.

Үүний нэг нь өнгөрсөн жил Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг хийсэн.

Хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг өнгөрсөн 9 дүгээр сарын 4-ний өдөр гаргаж, Засгийн газарт хүргүүлээд байна. Энэ зарлигт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг шийдэхэд чиглэсэн заалтуудыг тусгасан. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд тусгасан хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг зохицуулсан харилцааны хуулийн хэрэгжилт өнөөдрийг хүртэл хангагдахгүй байгаа учраас энэ хуулийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр гурван заалт бүхий зарлигийг чиглэл болгон хүргүүллээ.

Нэгдүгээрт, Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалтыг хэрэгжүүлэх талаар төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудад чиглэл болгох тухай заалтыг тусгасан. Хоёрдугаарт, тухайн байгууллагын ажиллагсдын 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхаар тооцож ажлын байраар хангах, хэрвээ ажлын байраар хангаагүй тохиолдолд төлбөр төлөх тухай Засгийн газрын тогтоолыг дахин шинэчлэх заалт орсон. Үүнд, Улаанбаатар, Дархан хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаагүй бол тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт ажиллагсдын дундаж цалингийн 60 хувиар тооцох юм. Гуравдугаарт, саяхан байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан агентлагийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын оролцоог тэгш хангасан Үндэсний хороог байгуулж, энэ хороо дээрх төлбөрийг захиран зарцуулах, бүрдүүлэх, хяналт тавих тухай журмыг баталж мөрдүүлэх тухай чиглэлийг үүрэг болгосон.

Энэ зарлиг хэрэгжвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой. 103 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг шийдвэрлэсэн зарлиг гарсан гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Өнөөдрийн тэмцээнд нь амжилт хүсье” гэв.

 

Эх сурвалж: President.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж