Ц.Даваасүрэн: Нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.15-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн: Нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэлээ

Дулааны IV цахилгаан станцад өнөөдөр осол гарснаас Улаанбаатар хотын хэмжээнд 10.00 цагаас эхлэн цахилгаан тасрав.

Ц.Даваасүрэн: Нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэлээ

ДЦС-IV ТӨХК-д гарсан гэмтлийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбар хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр ДЦС-IV тэг зогссон. Улмаар бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна. Манай эрчим хүчний систем ноцтой аваар гарахад яг л ийм асуудал үүснэ. Тиймээс манай эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол эрсдэлээс хамгаалах гол арга зам гэж харж байна” гэв.

Т.Давааням 

Технологийн зөрчлөөс болж саатал гарсан гэв

Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Технологийн зөрчлөөс болж, Дулааны IV цахилгаан станц нь 09.50 цагт 00 зогсолт хийсэн.

Одоогийн байдлаар ТЭЦ-4 хэвийн ажиллаж байна. Гэр хорооллуудыг эрчим хүчинд холбож байна. Нэгэнт станц зогссон учраас усаа шахна, горим ажиллагааг эхнээс нь эхлүүлсэн учраас хэсэг хугацаанд цахилгааныг хязгаарласан.

Технологийн саатал гэдэг нь ТЭЦ-4 станц бүрэн ажиллагаанд орсны дараа хаана ямар саатал гарсан бэ гэдгийг үзнэ. Мэргэжлийн хяналт, онцгой бичлэгээ үзэж, тодорхой дүгнэлт гаргана.

Уг станц нь насжилт өндөртэй, 1980-аад оны станц. Насжилтынхаа хэмжээнд явсан учраас үе шаттайгаар шинэчилж байна.  Хөрөнгө оруулалтын эх үүсвэрээсээ шалтгаалж, үе шаттайгаар техникийн шинэчлэл хийж байна. Улс орнууд шинэ станц барьдаг.

ТЭЦ-IV эрчим хүчний 70 хувийг хангадаг учраас үе шаттайгаар шинэчлээд явж байна.

“Монгол орон даяар эрчим хүч тасраагүй”

Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн инженерийн орлогч Р.Ганбат "Сэргээн засалтын ажил хийснээр Дулааны III, IV цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн. Цагийн дараа цахилгааныг бүрэн өгч дуусна.

Цахилгаан тасрах болсон нарийн шалтгааныг бүрэн сэргээж дууссаны дараа тогтооно. Доголдол үүссэн шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байгаа" гэв.

Мөн холбогдох албаныхан цахим сүлжээгээр тарсан шиг Монгол орон даяар цахилгаан эрчим хүч тасарсан зүйл байхгүй. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд технологийн зөрчлөөс болж 0 зогссон. Осол болоогүй гэж тайлбар хийлээ.

Хэрэглэгчдийн 70 хувийг эрчим хүчээр хангаад байна 

Өнөөдрийн 15.00 цагийн байдлаар "ДЦС -4 ТӨХК"-д гарсан гэмтлийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд бүрэн ачаалал авч эхлээгүй байна. Тиймээс УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийн хэрэглээг боломжит чадлын хэмжээнд сэргээгээд байна. Одоогоор нийслэлийн баруун хэсгээс 10-р хорооллын зарим, 1-р хороолол, Гурвалжингийн гүүр орчим, Баянхошуу, Өлзийт хороо, Шувуун фабрик орчмоор, хойд хэсгээс Тасганы овоо, Зурагт, Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй, Дамбадаржаа, Долоон буудал, Шадивлин, Жигжид, Гүнт орчмын хэрэглэгчид цахилгаангүй байна.

Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, хот цахилгаангүй болов

Дулааны IV цахилгаан станцад өнөөдөр осол гарснаас Улаанбаатар хотын хэмжээнд 10.00 цагаас эхлэн цахилгаан тасрав.

Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн мэдээллээр тус станцад гэмтэл гарсан нь том тул нийслэлийн төвийн зургаан дүүрэг болох Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн цахилгааныг бүхэлд нь хязгаарлахаас аргагүйд хүрсэн аж. Уг нь гэмтэл гарсан даруйд Дулааны IV цахилгаан станцаас эрчим хүч авдаг хэсгийг Дулааны III цахилгаан станцад шилжүүлсэн байна. Гэвч III цахилгаан станц нь ачааллыг даалгүй хот бүхэлдээ цахилгаан тасарчээ.

Хэдий хугацаагаар цахилгааныг хязгаарлах нь тодорхойгүй байна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ цахилгаан тасарснаас хойш 50 минутын дараа буюу 10.50 цагт Улаанбаатар хотын төв хэсэг болох Төрийн ордныг тойрсон албан газар, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан түгээж эхлээд байна. Мөн эмнэлэг, цагдаа, онцгой зэрэг газрууд ч цахилгаанаар хангагдаад байна.

Осол юунаас болж гарсан, Улаанбаатар хотын бүх дүүрэг хэзээнээс цахилгаанаар бүрэн хангагдах талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.

Нийслэлийн хэмжээнд цахилгаангүй болсноос шатахуун түгээх станцууд, банкууд ажиллах боломжгүй байна. Мөн ATM-үүд ажиллах боломжгүй болоод байгаа юм.

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж