Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулсан байдаг. Одоогийн байдлаар ус хангамж, ариутгах татуургын 856,5 км шугам сүлжээ бий. Эдгээр шугам сүлжээний ихэнх нь 60 гаруй жил болсны улмаас элэгдэлд орж, хуучирч муудсанаар гэмтэл саатал ихээр гарч сэргээн засварлах шаардлага жил бүр тулгардаг.
Тэгвэл Монгол улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хуучин шугам хоолойг шуудуугүй аргаар доторлох, сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ ажлын нээлтийн үйл ажиллагаа Драмын театрын хойд талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцож, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагууд оролцож төслийг хэрэгжүүлж эхэлж буй үйл явцтай газар дээр нь очиж танилцлаа. Цаашид төслийг эрчимтэй хэрэгжүүлэх тал дээр дэмжиж ажиллахаа хотын удирдлагууд илэрхийллээ.
2017-2020 онд уг төслийг хэрэгжүүлж эхлэх бөгөөд технологийг нь цаашид үргэлжлүүлэн Монголчууд бид нутагшуулна. Улаанбаатар хотын цэвэр усны 36 км цэвэр усны шугамыг уг технологиор доторлохоор төлөвлөсөн байна. Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологийн Close Fit болон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбай, ногоон байгууламжийг гэмтээж хөнддөгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх 2 худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвэлж доторлодогоороо давуу талтай юм. Энэ аргаар шугам сүлжээг доторлосноор:
- Шугамын ашиглалтын хугацааг уртасгах
- Усны алдагдлыг бууруулах
- Түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгах
- Шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулах
- Цаг хугацаа, зардал хэмнэх
- Зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй
- Байгаль орчинд ээлтэй гэх зэрэг ач холбогдолтой юм байна.
Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ