Хуучирсан мэдээ: 2018.09.14-нд нийтлэгдсэн

Л.Эрхэмбаярын нүнжиг

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэхээр болсон.  Гэсэн хэдий ч багш нар цалингаа нэмүүлэхээр Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зарлаад байгаа юм. Учир нь,  цалингийн нэмэгдэл нь 50 мянган төгрөг болж байгаа талаар багш нар шүүмжлэх болсон.  Ийнхүү багш нар цалингаа нэмүүлэхээр Засгийн газарт шаардлага тавьж байгаа энэ үед хувийн хэвшлийнхэн ч цалин, хөлс нэмээсэй гэж дотроо битүүхэн горьдлоготой суугаа биз.

Тэгвэл эдийн засгийн хямралтай энэ үед  “Түмэн шувуут” компани ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмжээ. Энэ талаараа тус компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр “Хэрэглэгч танд баярлалаа.  Та бүхний дэмжлэг, итгэлээр манай компани есдүгээр сарын 15-аас эхлэн нийт ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмлээ.  Хэрэглэгч таны итгэлийг зүтгэлээр хариулж, чанартай шинэ өндөг нийлүүлэх ажилдаа манай хамт олон урамтайхан зүтгэнэ ээ” хэмээн нүүр номдоо бичсэн байна.

Экспортын орлого нэмэгдсэн, татварын орлого өссөн гээд нэг үеэ бодвол авдар нь мөнгөтэй болсон ч Ч.Хүрэлбаатар сайд цалин нэмэх боломжгүй хэмээн “гоншигнож”  суух зуур Л.Эрхэмбаяр ажилчдынхаа цалинг 200 мянган төгрөгөөр нэмж нүнжиг заажээ. Шатахууны үнэ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед  “Түмэн шувуут”-ын сайн мэдээ хувийн хэвшлийнхэнд нэгийг бодогдуулах биз ээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж